Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2016/00261

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Б -т холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 6.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Бтэй 2012 оны 5 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 3.500.000 төгрөгийг хүүгүйгээр зээлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу Л.Б нь 2012 оны 7 сарын 01-ний өдөр буцаан төлөхөөр тохирсон. Мөн ** зуслангийн газар эзэмших эрхийн 0252025 тоот дугаартай 700 м.кв газрыг 2.000.000 төгрөгөөр худалдсан юм. Болорчимэг нь 1.000.000 төгрөгийг төлсөн. Тухайн үед Л.Б нь газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлсэний дараа банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж үлдэгдэл төлбөрөө өгнө гэж амаар тохирсон. Ингээд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан бөгөөд утсаар ярих болгонд удахгүй мөнгийг чинь өгнө, өгөлгүй яахав, одоохон гэж хэлдэг байсан учир итгээд явдаг байсан. Гэвч одоог хүртэл үлдэгдэл төлбөрөө огт төлөөгүй. Мөн 2012 оны 5 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний 3-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу Болорчимэгээс нь хугацаа хэтрүүлсэний алданги нийт 6.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А Л.Б нар 2012 оны 5 сарын 14-ний өдөр ** зуслангийн газар эзэмших эрхийн 0252025 тоот дугаартай 700 м.кв газрыг 1.500.000 төгрөгөөр, ** 125 хаягт байрлах хувийн сууцыг 2.000.000 төгрөгөөр тохирч худалдсан. Үүнээс 1.000.000 төгрөг төлсөн. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ байгуулсан нь татвар төлөхөөс чөлөөлөгдөх зорилготой байсан бөгөөд 2012 оны 05 сарын 14-ний өдөр 3.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж алданги төлөхөөр тохирсон тул Л.Бээс 6.250.000 төгрөгийг гаргуулж авах үндэстэй гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Аээс 2012 онд Ар хустайд 2 айлын газар зарна гэхээр очиж үзээд 4.500.000 төгрөгөөр тохирсон. Ингээд хоосон газрыг миний дүү Болорцолмон 1.000.000 төгрөгөөр авч надаар дамжуулж мөнгө өгч газраа өөрийн нэр дээр болгосон. Харин нөгөө газар буюу жижиг байшинтай газрыг 3.500.000 төгрөгөөр тохиролцож тухайн үед газрыг нэр дээрээ шилжүүлж зээлийн гэрээ хийсэн. Гэрээ хийсэн цагаас хойш цувуулан 500.000 төгрөгийг 3 удаа, 200.000 төгрөгийг 2 удаа, 100.000 төгрөгийг 1 удаа өгсөн. Б.Аийн нөхөр Бат-Очир нь манай нөхрөөс 300.000 төгрөг авсан. Б.Аийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Б.А хариуцагч Л.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг, алданги 3.750.000 төгрөг нийт 6.250.000 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч зээлийн гэрээний үүрэг үүсээгүй, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг төлсөн гэж маргажээ.  

Нэхэмжлэгч Б.А, Л.Б нар 2012 оны 5 сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж ** зуслангийн газар эзэмших эрхийн 0252025 тоот дугаартай 700 м.кв газрыг 1.500.000 төгрөгөөр, Бэлэглэлийн гэрээгээр ** 125 хаягт байрлах 2.000.000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууцыг шилжүүлсэн болох нь Бэлэглэлийн гэрээ /хх-ийн 27 талд/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 5 талд/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага нь 700 м.кв газар болон хувийн сууцыг 3.500.000 төгрөгөөр үнэлж худалдах-худалдан авах гэрээ байгуулах зорилготой байжээ.

Нэхэмжлэгч Б.Ат 2012 оны 5 сарын 14-ний өдөр зээлийн гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу гэрээний зүйл болох 3.500.000 төгрөгийг бодитоогоор шилжүүлэн өгөөгүй байх тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Л.Бээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 1.000.000 төгрөгийг хасч үлдэх 2.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.750.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Хариуцагч Л.Б нэхэмжлэгч Б.Ат 2.000.000 төгрөг төлсөн гэж тайлбар гаргасан боловч нотлох баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч Л.Бь шүүх хуралдааны товыг 2016 оны 7 сарын 01-ний өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:  

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Бээс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.750.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс 54.950 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ