Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2016/00365

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Т--ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  Б.Э- , 

 Хариуцагч: Ц.О- , 

Хариуцагч:  Ц.Ж- нарт холбогдох
        
           Зээлийн гэрээний үүрэгт 3,652,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т-, хариуцагч Б.Э-, хариуцагч Ц.Ж-, гэрч Ц.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч С.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  2015 оны 8 сарын 28-ны өдөр Б.Э-, Ц.О-, Ц.Ж- нарт 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Энэ хугацаанд зээлд 2,880,000 төгрөг төлөөд үлдэх 2,575,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээгээ сунгаж гэрээ байгуулсан. Зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд 0,5 хувиар алданги тооцно. Зээлийн хугацаа дууссан боловч төлөөгүй тул Б.Э-, Ц.О-, Ц.Ж- нараас 3,652,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э-, Ц.О- нар шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагч Ч.Б- гаргасан тайлбартаа; 2015 оны 5 сарын 15-ны өдөр С.Т-аас 500,000 төгрөг 8 хувийн хүүтэй 1 сарын дотор 540,000 төгрөг болгож төлөхөөр гэрээ хийсэн. Энэ гэрээг Ц.Ж-ийг батлан даагчаар авч хугацаанд нь төлж барагдуулсан. 2015 оны 8 сарын 28-ны өдөр С.Т-аас 4,000,000 төгрөг 8 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн. Гэхдээ бичгийн гэрээ хийгээгүй. Тухайн үед 4,000,000 төгрөг зээлэхдээ 10 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцно гэж хэлээгүй. 2,880,000 төгрөг төлсөн. Дараа нь машинаа 2,800,000 төгрөгт зараад Т-т 500,000 төгрөг өгсөн. 3,652,500 төгрөгийг зөвшөөрөхгүй. 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхны авсан 4,000,000  төгрөг дээрээ эхний 2 сарын 8 хувийн хүү 640,000 төгрөг нийт 4,640,000 төгрөгөөс төлж барагдуулсан 2,880,000 төгрөгийг хасаад үлдсэн 1,460,000 төгрөгийг сар бүр 60,000 төгрөгөөр өрөө төлж барагдуулна гэв.

Хариуцагч Ц.Ж- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ц.О-, Б.Э- нартай хамтран Т-аас мөнгө зээлээгүй, ямарч гэрээ хийгээгүй. Иймд нэхэмжилсэн мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Энэ хүмүүсээр зээлийг төлүүлэх л үүрэгтэй батлан даагч гэв.

Гэрч Ц.Г- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний нөхөр Т-  2015 оны 8 сарын 28-ны өдөр Б.Э-, Ц.О-, Ц.Ж- нарт 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Энэ үед би хамт байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ. 
  
            Нэхэмжлэгч С.Т- хариуцагч Б.Э-, Ц.О-, Ц.Ж- нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,435,000 төгрөг, алданги 1,217,500 төгрөг нийт 3,652,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Ц.О-, О.Д- нар эдийн засгийн хүндрэлээс болоод алданги төлөх боломжгүй гэж, хариуцагч Ц.Ж- зээлийг би хэрэглээгүй батлан даагч гэж маргажээ

 Хариуцагч Ц.О- хариуцагч Б.Э-т итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан зохицуулалттай нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Т- хариуцагч Б.Э-, Ц.О- нарт 2015 оны 8 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр, тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Ц.Ж- зээлсэн мөнгөө Ц.О-, Б.Э- нар төлөөгүй тохиолдолд төлж барагдуулахаар баталгаа гаргасан нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байх тул хариуцагч Б.Э-, Ц.О-, Ц.Ж- нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагч нар үндсэн зээлийн гэрээний үүрэгт 4,000,00 төгрөг, зээлийн 2 сарын хүүгийн төлбөрт 800,000 төгрөгийг төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй байна. 

      Хариуцагч Б.Э-, Ц.О- нар 2015 оны 8 сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрт  2,225,000 төгрөгийг төлж үлдэх 2,575,000 төгрөгийг 2015 оны 10 сарын 28-ны өдрөөс 2 сарын хугацаагаар сарын 10 хувийн хүү төлөхөөр тохирч сунгасан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээг сунгалтын гэрээ /хх-ийн 5 талд/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул 2,575,000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрт 515,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. 
    Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,315,000 төгрөг төлөхөөс хариуцагч Б.Э-, Ц.О- нарын төлсөн 2,880,000 төгрөгийн хасч үлдэх 2,435,000 төгрөгийг, Иргэний хуулийн 232.4 дах хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги 1,217,500 төгрөг нийт 3,652,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан боловч хариуцагч нар алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргаагүй. Энэ талаарх баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэгч алданги багасгах үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:    
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-, Ц.О-, Ц.Ж- нараас 3,652,500 /гурван сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-, Ц.О-, Ц.Ж- нараас 73,390 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч С.Т-т олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАРАНГЭРЭЛ