Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 463

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр баг, Улаан-Үзүүрт оршин суух, 1963 онд төрсөн, РД:ОЗ63051008, Тайчууд овогт Буудайгийн Ичинхорлоогийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас эхлэн илгээлтээр малчин болж 1989 оны 12 дугаар сар хүртэл хонь, үхэр маллаж байсан болно. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1.1980 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Буудайгийн Ичинхорлоод олгосон илгээлт,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Буудайгийн Ичинхорлоогийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Буудайгийн Ичинхорлоогийн 1987 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн төрөлтийн түүхэд Наранбулаг сумын Улаан-Үзүүр багт малчин гэж бичигджээ,

4. Гэрч Ч.Саранхүүгийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр бригадад малчнаар 1992 он хүртэл ажиллаж байсан. Намайг 1981 онд “Пионер” нэгдэлд ажилд ороход Б.Ичинхорлоо Улаан-Үзүүр бригадын малчнаар ажиллаж байсан юм. Б.Ичинхорлоогийн аав, ээж болон нөхөр нь мөн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр бригадад мал маллаж байсан хүмүүс юм. Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн даргаар Т.Цэвээн, н.Доржсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч С.Жижээгийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улоаан-Үзүүр бригадад малчнаар 1992 он хүртэл ажиллаж байсан. Б.Ичинхорлоо нь ямарч байсан надаас сүүлд нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1989 оныг дуустал ажилласан юм. Б.Ичинхорлоо нь 1986 онд гэр бүлтэй болж, түүний нөхөр Н.Баядаа нь “Пионер” нэгдлийн малчнаар ажилладаг, одоо ч малаа маллан амьдарч байгаа хүмүүс юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ч.Саранхүү, С.Жижээ нарын Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Буудайгийн Ичинхорлоод олгосон илгээлт, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Буудайгийн Ичинхорлоогийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Б.Ичинхорлоогийн төрөлтийн түүх, гэрч Ч.Саранхүү, С.Жижээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Б.Ичинхорлоогийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайчууд овогт Буудайгийн Ичинхорлоогийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР