Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 465

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багт оршин суух, 1958 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, ОЙ58050713 регистртэй, Зуутраг овогт Хийрэвийн Цэдэнбалжирын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Цэдэнбалжир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Х.Цэдэнбалжир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1958 онд төрсөн. 58 настай. Би 1980 оны 10 дугаар сараас Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн холбоо бригадад 1989 оны 12 дугаар сарыг дуустал мал маллаж байсан билээ. 1990 онд “Цог” нэдэл тарсан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ бичүүлж чадаагүй учир аймгийн архиваас цалингийн тодорхойлолт авсан болно. Иймд миний 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Х.Цэдэнбалжир нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Хийрэвийн Цэдэнбалжирын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн зөвлөлөөс 1981 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Х.Цэдэнбалжирыг шагнасан “Сайшаалын үнэмлэх”,  

3. Гэрч Р.Пүрвээгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн харьяа Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилд орж 1985 он хүртэл ажиллаад Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчноор 1990 он хүртэл, “Цог” компанид 1992 оны 6 дугаар сар хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан. Х.Цэдэнбалжир нь 1980 онд цэргийн албанаас халагдаж ирээд “Цог” нэгдлийн Холбоо бригадад бог мал маллаж 1989 оныг дуустал ажилласан юм. Түүний эхнэр нь мөн Холбоо бригадын малчин байсан. Одоо ч гэр бүлээрээ малаа маллан амьдарч байгаа хүмүүс юм. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн юм” гэх мэдүүлэг,

4. Гэрч Г.Батхишигийн шүүхэд өгсөн: “Миний бие 1973 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчин, комбайнчнаар ажилд орж 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаад 1993 оны 3 дугаар сард “Цог” ХХК болоход нь үргэлжлүүлэн 2003 он хүртэл тус тус ажилласан юм. Х.Цэдэнбалжир нь 1980 оноос 1989 оны хооронд “Цог” нэгдлийн Холбоо бригадад малчнаар ажиллаж байсан юм. Түүний эхнэр нь мөн л Холбоо бригадад мал маллаж байсан одоо гэр бүлээрээ мал маллаад Өмнөговь сумын Холбоо бригадад амьдарч байгаа хүмүүс юм. Тухайн үед нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Р.Пүрвээ, Г.Батхишиг нарын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

     Нэхэмжлэгч Х.Цэдэнбалжир нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Х.Цэдэнбалжирын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа буюу 1981 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шагнуулсан “Сайшаалын үнэмлэх”, гэрч Р.Пүрвээ, Г.Батхишиг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Х.Цэдэнбалжирын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 3 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Цэдэнбалжирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Хийрэвийн Цэдэнбалжирын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 3 /гурав/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Цэдэнбалжирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР