Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 000026

 

                             Н.Батболд, Д.Галбадрах, Б.Тулга нарт

                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                      Хэргийн индекс 142/2016/0191/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ч.Сэлэнгэ

            Шүүгдэгч                                           Д.Галбадрах  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Нямцэрэн, С.Батмөнх-Очир,

                                                                        Э.Ганбат, Д.Оюунчимэг  

            Хохирогч                                           Т.Болормаа

            Хохирогчийн төлөөлөгч                Х.Оюунбат

            Нарийн бичгийн дарга                   Д.Оюунбилэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолтой Д.Галбадрах, Н.Батболд, Б.Тулга нарт холбогдох, 201414000597 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Галбадрах, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989-03-21-ний өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-23-124 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФБ-89032131 регистрийн дугаартай, Боржгон овогт Дашбямбын Галбадрах.

 

Монгол Улсын иргэн, 1987-04-24-ний өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр су мын Зэст багийн 1-12-05 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФА-87042436 регистрийн дугаартай, Мончгон овогт Баяраагийн Тулга,

 

Монгол Улсын иргэн, 1990-03-02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Стандарчлал хэмжил зүйч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд чанар хяналтын хэлтэст шалгалт тохируулгын ажилтай, ам бүл 3, аав, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин” багийн 3-08-56 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФА-90030234 регистрийн дугаартай, Нянгар овогт Нямсүрэнгийн Батболд.

 

Шүүгдэгч Д.Галбадрах нь 2014 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-ын 9 дүгээр байрны урд талд Д.Ганболдтой маргалдан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас Б.Ганболд нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд эмнэлэгт  хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нас барж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Б.Тулга, Н.Батболд нар нь 2014 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин” багийн 3-ын 9 дүгээр байрны урд талд талийгаач Б.Ганболдыг Д.Галбадрахад цохиулан гэмтэл авсны улмаас үг хэлэх, үйлдэл хийх чадваргүй болсон буюу амь биед нь аюултай нөхцөлд байсныг мэдсэн түүнд туслах бололцоо байсан боловч тусламж үзүүлээгүй, энэ талаар зохих байгууллагад мэдэгдээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Нянгар овгийн Нямсүрэнгийн Батболд, Мончгон овгийн Баяраагийн Тулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.2.д заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Батболд, Б.Тулга нарыг цагаатгаж,

 

Шүүгдэгч Боржгон овгийн Дашбямбын Галбадрахыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д зааснаар шүүгдэгч Д.Галбадрахыг 10 /арав/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг  журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Д.Галбадрахад оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Д.Галбадрахын цагдан хоригдсон 329 /гурван зуун хорин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8997, 6991, 2049, 0429, 009 кодтой мобикомын сим карт, Нокио 60-70 маркийн гар утас, гэрч О.Очирбатаас хураан авсан “Нокио 63-00” маркийн гар утас, талийгаач Ганболдын өмсөж явсан хар өнгийн богино синтфон материал бүхий куртик, дисантын ногоон эрээн өмд, шаргал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1, хөх өнгийн дотуур өмд 1, цагаан төмөр арал бүхий ширэн тэлээ 1, шаргал өнгийн пүүзэн хэлбэртэй гутал 1 хос, сэжигтэн Д.Галбадрахын өмсөж явсан синтфон материал бүхий цэнхэр өнгийн аляска загварын урт куртик, хоолойтой саарал өнгийн цамц, цагаан саарал өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, Адидас фирмийн пүүз, цагаан өнгийн шар ултай гутал, улаан өнгийн уяа бүхий хүзүүний тасарсан сахиус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Улаанбаатар хотын 102 дугаарын утсанд бичигдсэн яриа бүхий сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Галбадрах нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Батболд, Б.Тулга нар нь 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Н.Батболд, Б.Тулга нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Галбадрахад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Д.Галбадрах давж заалдах гомдолдоо:

 

Би хохирогч Ганболд гэх хүнийг өмнө нь харж байгаагүй. Танихгүй учраас надад тэр хүнтэй маргаан үүсгэх шалтаг байгаагүй. Тэр үед надруу дайрч куртикны энгэрийг урж, сахиусыг минь тасдан хэл амаар доромжлоогүй бол надад цохих ямар ч шаардлага байхгүй байсан. Миний биеэ хамгаалж нэг удаа цохьсон үйлдлийг минь тэр хүнийг санаатай алсан гэх зүйл ангиар буруутган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надтай маргалдсаны дараа буюу намайг явтал тэр хүнээс цус гарсан ямар нэгэн ноцтой гэмтэл учирсан гэх зүйл огт байгаагүй. Харин тэр орцонд их цус гарсан байсныг би хавтаст хэргээс олж харсан. Мөн маргааш өдөр нь эмнэлэгт хүргэгдээд 7 хоног байсан юм байна лээ.

 

Би хүн алдаагүй ээ харин хүнд гэмтэл учруулсан байж магадгүй л гэж боддог. Ийм хэрэг явдал болсонд үнэхээр их харамсаж явдаг. Иймээс үнэн зөвийг зөв тогтоож зүйл ангийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүх нь энэ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд зарим нотлох баримтуудыг огт үнэлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91 дүгээр зүйл /нотлох ажиллагаа/, 95 дугаар зүйл /нотлох баримтыг үнэлэх/-ийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д ...шүүх нь ...нотлох баримтыг... бүхэлд нь үнэлнэ” гэсэн байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1256 дугаартай дүгнэлтийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй журмын дагуу үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой” гэсэн заалтыг хэрхэн үнэлж байгаагаа шийтгэх тогтоолд заагаагүй байна. Энэ шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч Д.Галбадрахыг хохирогчийн амь насыг шууд санаатай хохироогоогүй гэдгийг нотолж байгаа юм.

 

Түүнчлэн хохирогч Ганболдыг Д.Галбадрах нэг удаа цохьсон үйлдэл, хохирогч орцонд 13 цаг амьд, эмнэлэгт 7 хоног амьд байж байгаад нас барсан явдлын хооронд ямар шууд шалтгаант холбоо байгаа гэж үзэж байгаагаа тогтоолд заагаагүй юм. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Галбадрахын нэг удаагийн цохилтоор хохирогч хүнд гэмтэл авсан гэдэг нь  тогтоогдоогүй. Цохиулаад унасаны дараа хохирогчийн толгой болон бусад эрхтэнээс цус гараагүй гэдгийг Галбадрах болон Тулга, Батболд нар бүгд хэлдэг. Өөрөөр хэлбэл Галбадрах гэмтэл учруулсан гэж дүгнэлт хийх нь үндэслэл муутай гэжээ

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Сэлэнгэ  дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Н.Батболд, Д.Галбадрах, Б.Тулга нарт  холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд:

 

Орхон аймгийн Прокурорын газраас:

 

Д.Галбадрахыг 2014-11-24-өөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-ын 9 дүгээр байрны урд талд хохирогч Д.Ганболдтой маргалдан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл учирч хохирогч Б.Ганболд нь 2014-11-25-ны 14 цагийн орчимд эмнэлэгт  хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 2014-12-01-ний өдөр нас барьж түүнийг  бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан  гэмт хэрэгт,

 

Б.Тулга, Н.Батболд нарыг хохирогч Б.Ганболдыг Д.Галбадрахад цохиулан гэмтэл авсны улмаас үг хэлэх, үйлдэл хийх чадваргүй болсон буюу амь биед нь аюултай нөхцөлд байсныг мэдсэн түүнд туслах бололцоо байсан боловч тусламж үзүүлээгүй, энэ талаар зохих байгууллагад мэдэгдээгүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.2.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Н.Батболд, Б.Тулга нарын үйлдэлд дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  208 дугаар зүйлийн 208.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Батболд, Б.Тулга нарыг цагаатгаад, Д.Галбадрахыг хохирогч Б.Ганболдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж гэм буруутайд тооцоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д зааснаар шүүгдэгч Д.Галбадрахыг 10 /арав/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан мөн хуулийн 52.5.д зааснаар  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Галбадрах болон түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн, судалж үзвэл :

 

Шүүгдэгч Д.Галбадрах 2014 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 9 дүгээр байрны урд талд Д.Ганболдтой маргалдан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас Б.Ганболд нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нас барж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1./ Шүүгдэгч Д.Галбадрахын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн :

 

...Тэр өдөр би 5 цагийн үед Тулгатай уулзахад тэр сэтгэл санаа тийм байна архи ууя гэсэн..., Тэгэхээр нь би архиар яах юм бэ пиво ууя гэсэн..., энэ үед Батболд нэмж ирсэн..., бид гурав пиво уугаад 9 цагийн үед  харьсан..., найзындаа ороод байж байтал тэр хоёр гадаа чинь байна гараад ир гэсэн..., би гараад нэг найзындаа орчихоод буцаж гарч ирээд бид гурав орцонд пиво ууж байгаад би харихаар гараад явж байтал гэнэт нэг хүн гараад ирсэн..., тэр хүн  аль зүгээс ирснийг мэдэхгүй байна, ямар ч байсан 3-ийн 8-р байрны зүүн хойд талд бараан өнгийн хувцастай малгай өмссөн согтуу хүн явж байгаад миний хөлийн чимээнээр намайг хараад намайг чиглэн ирээд гуйлагчин хүүхэд, янхны үүр минь гэж хэлээд миний куртикны энгэрээс хоёр гараараа заамдаад авсан..., Би тавиулах гэсэн боловч тэр хүн заамдсан барьцаа тавихгүй надтай зууралдаж байгаад миний куртикны энгэрийг урсан..., Мөн хүзүүнд зүүсэн байсан сахиусыг тасалсан..., Зууралдаж байгаад нөгөө хүн баруун гараараа намайг цохих гээд далайхаар нь би баруун гараараа тэр хүний зүүн талын эрүүн тус газар нэг удаа цохьсон чинь тэр хүн гулжигнаад баруун талаараа унасан..., би гэрийнхээ зүг явж байгаад хартал миний сахиус байхгүй байхаар нь эргээд очтол нөгөө хүн босоогүй байсан...,

 

Тэгээд Батболдын орцонд ортол тэр хоёр байхаар нь хэлээд гурвуулаа хамт гарч босоорой гэсэн чинь босохгүй байсан..., Би явлаа гээд тэр хоёрыг тусламж дуудаарай гэж хэлсэн...,

 

Гэнэт л энэ согтуу хүн гарч ирээд намайг цохьсон... би өөрийгээ хамгаалах гээд л ноцолдсон, хүн ална гэж хэзээ ч бодоогүй би санаатай алаагүй... согтуу хүн  унасан л гэж бодсон... гэсэн мэдүүлэг, /хх-н 500-502., шүүх хуралдааны  тэмдэглэл 1176-1178.р хуудас/

 

-Шүүгдэгч Н.Батболдын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн :

 

...бид гурав уулзаад орцонд пиво ууж байгаад Галбадрах харьлаа гээд  явсан..., Удалгүй Галбадрах гүйж орж ирээд би хүн цохьчихлоо, унаад босож ирэхгүй байна..., та хоёр хамт гараад туслаад өгөөч гэхээр нь бид гурав хамт гарсан... Эхлээд Тулга очоод хүзүүн дээр нь дарж үзээд амьсгал байна, зүгээр байна гэж хэлсэн. ...Би жаахан зайдуу зогсож байгаад хальт ойртоод харахад тэр хүний зүүн талын хацар нилээд хавдсан байдалтай, 3-ийн 9-р байрны урд талд шороон хэсэг дээр дээшээ хараад унасан байдалтай хэвтэж байсан. ...Тулга зүгээр байна гээд орц руу оруулъя гэсэн чинь Галбадрах би явлаа гээд цаашаагаа гэрийн зүг явсан..., Араас нь Тулга очоод энэ хүнийг чинь яах юм бэ гээд муудалцаад барьцалдаад авахаар нь  би очиж салгасан...,

 

Тэгээд Тулга өргөөд суганаас нь чирээд чи туслаач гэхээр нь би туслаад орцонд оруулсан..., Бид хоёр буцаад манайх руу явах замд Тулга цагдаа руу утасдаад байсан…, Надаас Эрдэнэтийн цагдаа хэд билээ гэхээр нь 0152 юм уу 7035102 байх гэж хэлсэн...,  Цагдаад 3-ийн 8-р байрны гадаа согтуу байна ирж аваарай..., намайг Тулга гэдэг гэж утсаар дуудлага өгөөд явсан... гэсэн мэдүүлэг, /хх-н 521-523-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл 1118-р хуудас/

 

-Шүүгдэгч  Б.Тулгын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн:

 

...Галбадрах гэр лүүгээ явсанаа удалгүй гүйж орж ирээд би хүн цохьчихлоо,  босохгүй байна гэсэн. ...Бид гурав хамт очсон чинь 3-9 дүгээр байрны нэгдүгээр орцны зүүн талд шороон дээр бараан хувцастай эрэгтэй хүн толгой нь урагшаа харсан байрлалтай дээшээ хараад хэвтэж байсан..., Би очоод амьд байна уу гээд хүзүүн дээр нь дарж үзсэн чинь судас нь цохилж байсан...,

 

Тэгэхээр нь би Галбадрахад гайгүй амьсгаатай байна, нааш ир гээд дуудсан чинь Галбадрах яваад өгсөн...,   би араас нь гүйж очоод түүнд  энэ хүн чинь хөлдөөд үхчихвэл яах юм бэ ядаж орцонд өргөж оруулья дулаахан шүү дээ гэсэн чинь  Галбадрах   гэр лүүгээ явлаа гэсэн...,  Тэрнээс болж бид хоёр маргалдаад Батболд ирж салгаад Галбадрах гэрлүүгээ яваад өгсөн.

 

Батболд бид хоёр буцаж яваад тэр ах дээр очих гэж байхдаа би өөрийнхөө 99003762 дугаараас 102 гэсэн дугаарт залгасан чинь аль дүүрэг юм бэ гээд асуугаад байсан... хотын цагдаагийн газарлуу залгасан юм байна гэж бодоод салгаж Эрдэнэтийн цагдаа буюу 7035102 дугаарлуу залгаад” энд согтуу хүн хэвтэж байна…, 3-9 дүгээр байрны 1-р орцруу оруулж орхилоо...” гэж хэлсэн чинь өөдөөс хэн бэ гээд байсан.... Тулга гээд нэрээ хэлж байтал миний утас салчихсан..., Тэгээд нөгөө ахын нуруунаас нь би өргөөд Батболд хөлнөөс нь өргөөд бид хоёр 3-ын 9-р байрны 1 дүгээр орцны шатны хажуу талд хана налуулаад хагас суугаа байдалтай орхиод гарсан... гэсэн мэдүүлэг, /хх-н 540-542-р хуудас шүүх хуралдааны тэмдэглэл 1178-1179-р хуудас/

 

-Хохирогч Т.Болормаагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн :

 

...Талийгаач нөхөр маань 2014-11-24-ний өдөр жижүүртэй гэж  байсан бөгөөд  би орой  21 цагийн орчим ярьхад ажил дээрээ байсан..., жаахан юм уучихсан юм шиг  сонсогдож байсан..., өглөө нь 09 цагийн орчим “Маргад” сургуулийн захирал Нараагаас ярьсан билүү мессеж ирсэн билүү  танай нөхөр  өчигдөр ажлаа хаяад сургуулийн түлхүүрийг аваад явсан байна, одоо хаана байна гэсэн..., тэгээд би хүү Гантулга руу яриад аав нь гэртээ байна уу гэж асуухад аав гэртээ ирж хоноогүй гэж хэлсэн..., Тэгтэл хүү маань залгаж  аав ухаангүй олдсон эмнэлэгт хүргэгдсэн гэж зурагтаар гарч байна гэж хэлсэн...,  Очиход нөхрийн  маань   нүүрний зүүн тал нилдээ хөхөрч хар хүрэнтээд хавдсан, зүүн чихний ар хэсэг, хүзүүний хэсэг бас хөхөрч хүрэнтсэн байдалтай байсан...,  Шинжээчийн дүгнэлттэй танилцсан амь насыг нь аврах боломжтой байсан байна..., тэд боломжтой байсан атал эмнэлэгт хүргэж өгөөгүйд гомдолтой байна, оршуулгын зардал  10.100.000 төгрөг авсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 46-57-р, 869-870, 1182-р хуудас, шүүх хуралдааны  тэмдэглэл/

 

- Гэрч О.Мөнхбатын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн:

 

...Би Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт их эмч ажилтай..., 2014-11-25-нд түргэн тусламжийн тасгаар нэр нь тодорхойгүй 50 орчим насны ухаангүй байдалтай эрэгтэй хүн хүргэгдэж ирсэн..., Уурхайчин баг 3-ын 8 билүү 3-ын 9-р байрны орцны үүднээс олдсон гэж байсан..., Тэр хүний  нүүрний зүүн талын хэсэг буюу хацар, шанаа нэлээн хавдаж хөхөрсөн, ухаангүй, орчиндоо харьцаагүй, байрлал идэвхгүй, гэрлийн урвал сул илэрсэн, хүүхэн хараа өргөссөн, хэвлийн давсаг орчимд нэлээн овойсон байдалтай, ямар нэг үг яриа байхгүй байсан...,  Хүлээж аваад  гуурс тавьж давсгийг сулласан..., даралт 7040 пульс 78 байсан бөгөөд даралт ихэсгэх зорилгоор  нийтдээ 1,5 литр натри шингэн сэлбэх эмчилгээ хийгээд мэргэжлийн эмч болох сэхээний болон гэмтлийн эмч нарт үзүүлж тухайн хүнийг сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн хэвтүүлсэн..., Эмчилгээ хийж тусламж үзүүлсний дараа цагдаагийн байгууллагаас ирж цуснаас нь дээж авахуулсан...,  Нэр усыг нь мэдээгүй өвчний түүх нээхдээ зөвхөн шарх гэмтэл буюу тархины гэмтэлтэй гэсэн онош тавиад холбогдох сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг,    /  х.хийн 222-223-р хуудас/

 

- Гэрч Р.Эрдэнэзаяагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

  Би Б.Ганболд гэж ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн хүнийг үзэж эмчилгээ хийж байсан бөгөөд  2014-11-25-ны өдөр хүлээн авах тасгаас манай тасагт шилжиж ирж хэвтсэн..., нэр ус нь тодорхойгүй, ар гэр нь байхгүй олдоогүй гэсэн нэр хаяггүй хүн байсан..., 2014-11-26-ны өглөө 08 цагт ажил авахад тэр хүн манай тасагт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ба  жижүүр эмч Баярхүү хүлээж авсан байсан...,

 

Түүнийг үзэхэд гүн комын байдалтай, биеийн байдал маш хүнд, амьсгалын аппаратаар зохиомол дэгээр амьсгалж, даралт бага байсан учир даралт зүрх судас дэмжих эмчилгээ хийгдэж байсан...,  гэмтлийн эмчид давтан үзлэг хийлгэн 2014-11-26-ны 12 цагийн орчим компьютер, томографикийн шинжилгээ хийлгэхээр зөөвөрлөн авч явах үед өвчтний зүрх зогсож сэхээн амьдруулах эмчилгээ хийгдэж зүрх, амьсгалыг тогтворжуулан шинжилгээг хийлгэж тасагт буцаан авч ирж хэвтүүлсэн..., Тэгээд мэдрэл, гэмтлийн эмч нарын хамтарсан үзлэг хийгдээд өвчтөнийг төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалтай тул мэс засал хийгдэх боломжгүй, үр дүнгүй гэж шийдвэрлэн эмийн эмчилгээг үргэлжлүүлэн  хийсэн. ...Энэ хугацаанд өвчтний амьсгал аппаратаар бүрэн өгөгдөж зүрх судас байнгын дэмжлэгтэй байсан учраас  тархины хаван хөөх, тархины цусан хангамж сайжруулах өвдөлт намдаах, антибиоток эмчилгээ, ходоод хамгаалах зэрэг эмчилгээнүүд хийгдсэн..., амьсгалын аппаратанд байгаа байдал өөрийн амьсгалгүй байгаа байдал, зүрх судас дэмжигдэж байгаа байдал, тархины зөөлөн эд болон ясны гэмтэл зэргээс үндэслэн хагалгаа хийгдэх боломжгүй, үр дүнгүй байсан учраас хагалгаа хийгдээгүй..., холбогдох эмийн эмчилгээ хийгдэж байгаад нас барсан...,  Нэр хаяг нь тодорхой бус байсан..., тэр үед ар гэр нь олдоогүй байсан бөгөөд холбогдох шинжилгээнүүд бүгд хийгдсэн..., Тархины цахилгаан бичлэг болон томографик шинжилгээгээр тархины эд хүнд зэргийн няцралтай, байрлал болон хэлбэр хэмжээ том, суурь ясны хугаралтай учраас хагалгаа хийх боломжгүй бөгөөд шинжилгээний дүгнэлтүүдээр ч амь нас аврагдах боломжгүй байсан... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 215-216-р хуудас/

 

Гэрч Н.Сандуйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

 

...Би тэр хүнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байхад нь үзсэн..., Анх ирэхдээ ухаангүй гэмтлийн гаралтай комын байдалтай ирсэн..., гавлын суурь ясны хугарал, тархин доторх цус хуралт, тархины хүнд няцрал, тархины ком, амьсгал зүрх судасны төвийн гаралтай хурц дутагдал гэсэн оноштой эмчилгээ хийлгэж байсан...,  өвчтөний амьсгал төвийн гаралтай зогсож амьсгалыг зохиомол амьсгалын аппаратаар удирдаж, зүрх, судсыг тариагаар дэмжиж ажиллуулж байсан..., биеийн байдал маш хүнд байсан тул сэхээний, мэдрэл, гэмтлийн эмч нарын хамтарсан үзлэг хийхэд тархи үхэжсэн, тархи хагалгаа хийгээд бүрэн сэргэх боломжгүй учир эрчимт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан..., Өвчтөн эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ амь насыг аврах боломжгүй байдалтай ирсэн... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 194-р хуудас/

 

Гэрч  О.Очир-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

...Тэр өдөр доод подволд ус алдсан учир Ганболд ах, Нацагаа ах, Амгалан ах, бид дөрөв орж ирж үзээд  паарны жийргэвчнээс халуун ус алдаж байхаар нь бид нар усыг хаагаад боолтыг нь тайлж аваад жийргэвч буцааж боосон...,  Нацагаа ах “ганц юм уух уу” гэсэн чинь тэгье гэхээр нь би 6000 төгрөг гаргаж Нацагаа ахаас 200 төгрөг аваад би  гарч яваад “Далай ээж” худалдаан төвийн дэлгүүрээс 1 шил 500 граммын “Ерөөл” архи авч бид дөрөв хувааж уусан..., Ажлаа дуусаад 18 цаг өнгөрч байхад Амгалан ах, Нацагаа ах хоёр гэр лүүгээ явсан..., Ганболд ахад би “дахиж ганц юм уух уу” дүүгийнх нь мөнгө хүрэхгүй байна танд мөнгө байна уу гэсэн чинь архи уухыг зөвшөөрч надад 3000 төгрөг гаргаж өгөөд архинд яваад ир гэхээр нь гараад 750 граммын “Стандарт” нэртэй архи 1 шилийг  хувааж уусан...,

 

...21 цагийн орчимд байх миний утасны цэнэг дууссан байсан учир надад мессэж ирсэн байж магадгүй гээд Ганболд ахын утсыг аваад сим картаа хийсэн оронд нь өөрийнхээ утсанд Ганболд ахын сим картыг хийгээд утсаа цэнэглээд орхисон..., Тэгээд  би 3 давхарт жаахан унтаж байгаад  сэрээд цаг  хартал 00 цаг 23 минут болж байсан бөгөөд бид хоёр нөгөө үлдсэн архиа  ууж дуусгаад Ганболд ах шилийг хогны хамт хаяад ирье гэж хэлээд архины шилээ аваад гарсан. ...тэр үед  01 цаг 17 минут болж байсан..., Манай сургуулийн цаг электрон цаг байдаг..., тэгээд хэвтэж байгаад унтсан ба өглөө 07 цаг 30 ийн үед  каминдат  Эрдэнэцэцэг эгч   цэвэрлэгээ хийх гэж  ирээд  сэрээсэн.

 

....Ганболд ах шөнө 01:17 минутанд хог хаяна гэж гарч яваад эргэж ирээгүй болохоор нь цаашаагаа гэрлүүгээ хариад унтаж амарсан юм болов уу гэж бодсон. Бид хоёр маргалдаагүй урьд өмнө ч гэсэн ах дүү шиг л харьцаатай байсан..., сургуулийн  3 давхарт захирлууд амьдардаг болохоор бид хоёр  мэдэгдэхгүй гээд чимээ гаргахгүй архиа хувааж уусан..., Сургуулийн   гадаа   маргалдаж муудалцвал байрны оюутнууд болон каминдат мэдчих байсан учраас бид хоёр ямap нэг чимээ гаргаагүй... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 58-63-р хуудас/

 

Гэрч Э.Амгаланбаярын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

...Бид дуудлагыг гомдол мэдээллийн бүртгэл дээр бүртгэж давхар компьютер дээр бүртгэж оруулдаг бөгөөд  2014-11-24, 25-ны өдөр жижүүрийн шуурхай албаны өрөөнд засвар үйлчилгээ орсон учраас зөвхөн гомдол мэдээлэл хүлээн авах бүртгэлийн дэвтэр дээр ирсэн дуудлага мэдээллийг бүртгэж  байсан...,  Дэвтрээс үзэхэд 2014-11-25-ны өдөр 02 цаг 04 минутанд би “99003762” гэсэн дугаарын утаснаас ирсэн мэдээллийг бүртгэсэн байна..., дуудлага өгсөн хүн нь одоо санаж байгаагаар эрэгтэй хүн байсан бөгөөд “согтуу хүн хэвтэж байна” гэсэн утгатай мэдээлэл өгөөд яг хаана ямар хүн хэвтэж байгаа талаар лавлаж асуухад тэр хүний утас тасалдаад хаана гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй согтуу байгаа бололтой байсан..., Эргэж тэр утаснаас ямар нэг дуудлага мэдээлэл ирээгүй..., Зарим тохиолдол хүмүүс утсаар янз бүрээр тоглож ярих асуудал зөндөө гардаг, тэр хүн дахиж манай цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгч хандаагүй учраас худлаа дуудлага юм болов уу гэж бодсон..., Би гомдол мэдээллийн бүртгэлийн дэвтэр дээр дуудлага өгсөн утасны дугаар, цаг минут, утга, хэрхэн шийдвэрлэсэн талаар бичилт хийсэн байна..., “?-7” гэж бичсэн нь согтуугийн дуудлага гэж тэмдэглэсэн, утга дээр нь согтуу хүн хэвтэж байна гэж бичсэн, тэр хүн хаана байгаа байршлын талаар хэлээгүй учраас “худлаа дуудлага” байсан гэж хаасан..., Би тэр утас руу дахин өөрийнхөө болон албаны утсаар холбогдож асууж лавлаагүй..., Тэгээд тэр хүн утсаа өөрөө салгасан... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 67-68-р хуудас/

 

-Гэрч Г.Зоригтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Би 2014.11.25-ны 12 цагийн үед цайндаа явах гэж байхад манай “Их өрөө” СӨХ-д цэвэрлэгч ажилтай Одноо хүрч ирээд 3-9-р байрны 1-р дүгээр орцонд  согтуу хүн унтаад байна би орцыг нь цэвэрлэх гэсэн юм та очоод тэр согтуу хүнийг босгоод өгөөч гэхээр нь очиход  нэг давхарын шатны доод талд дээгүүрээ бараан өнгийн куртиктэй, доогуураа эрээн өнгийн өмдтэй эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан...,

 

би “хөөе босоорой” гээд хувцаснаас нь татсан чинь ямар ч ухаангүй зүүн талын шанаа нь хавдсан байдалтай хүн байсан бөгөөд тэр хүний байгаа газрын толгойн хэсэгт нь шалан дээр цус болсон байхаар нь  шууд цагдаагийн газрын 7035102 дугаарын утас руу дуудлага өгсөн..., удалгүй хоёр цагдаа дараа нь  түргэн тусламжийн машинтай эмч ирээд нөгөө хүнийг аваад явсан...  гэсэн мэдүүлэг, /хх-ийн 224-р хуудас/

 

-Гэрч Б.Ганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн :

 

....2014-11-25-ны 02 цаг өнгөрч байхад гаднаас 20 орчим насны 2 залуу орж ирээд нэг залуу нь над дээр ирээд “гар утас худалдаж авах уу хоол идэх гэсэн юмаа” гэхээр нь манайх утас авдаггүй гэж хэлээд явуулсан чинь зааланд үйлчлүүлж байсан нэг залууд утсаа үзүүлээд уулзаад байх шиг байсан... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 81-82-р хуудас /

 

-Гэрч С.Баярбатын мөрдөн байцаалтын үед өгсөн :

 

...“Чандмань” худалдааны төвийн кафе рүү 03 цагийн орчимд ород бууз идэж байхад гаднаас 25-26 орчим насны танихгүй 2 залуу орж ирсэн...,  над руу ирээд ахаа та энэ утсыг 10.000 төгрөгөөр авчих хоёр дүү нь хоол идэх гэсэн юм гэхээр нь ах нь утас авахгүй ээ гэсэн чинь  “дотроо 1.400 нэгжтэй дугаартай нь өгье” мобиком дээр энэ дугаар бүртгэлгүй байгаа та өөрийнхөө нэр дээр дугаарыг нь бүртгүүлээд авчихгүй юу өлсөөд байна хоол авч идэх гэсэн юм гэхээр нь би тэр хоёрыг дүү шигээ бодож өрөвдөөд 10.000 төгрөгөөр худалдаж авсан..., тэднийг танихгүй гэхдээ харвал танина..., Таньж олуулах ажиллагаагаар би тэр хоёр залууг таньсан..., Гаднаас нь харахад цэвэрхэн хувцасласан, бага зэрэг архи үнэртүүлсэн байсан бөгөөд өөрсдийгөө оюутан хоол идэх гэсэн юм гээд гуйгаад байсан..., Цэвэрхэн хувцастай залуучууд байсан. Цус болж бохирлогдсон ямар нэг зүйл бол байгаагүй Утас нь 95354737 гэсэн дугаар байсан..., Зодоон хийсэн шинж тэмдэг болон айж сандарсан зүйл ажиглагдаагүй... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 114-116-р хуудас/

 

Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

...Би өглөө 7 цагт босоод сургуулийн 1 давхарыг цэвэрлэж, цаг бүртгэдэг юм... тэр өглөө  07 цагт сургуулийн байр руу орсон чинь  О.Очир-Эрдэнэ сандал дээр хэвтээд унтаж байхаар нь сэрээсэн. ...Ганболд ах хаачсан юм бэ гэсэн чинь Ганболд ахыг хоноогүй ажлаа хаяад явсан талаар хэлсэн..., Надад Очир-Эрдэнэ Ганболд ахыг яг хэдэн цагт явсан талаар хэлээгүй шөнө хоолоо иднэ гээд явсан гэж хэлсэн..., Ганболд ах эрүүлдээ бол юм ярихгүй дуугуй хүн архи уучихаараа хараалын үг хэлж хүн доромжлоод байдаг..., Ганболд ахын хэлдэг хараалын үгнүүд гэвэл “янхан банзал, гичий пизда нараа ална” гэсэн үгнүүд  байдаг... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 238-р хуудас/ 

 

2./ Одоо хэрэгт авагдсан 5 удаагийн шинжээчдийн дүгнэлт болох:

 

а./Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2014-12-01-ний 1090 дугаартай:

 

Ганболдын биед тархины эд дундах цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, суурь ба хүнхрээ ясны хугарал, нүүр, хүзүү, гар хөлд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн...,  шинэ гэмтлүүд байна..., Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна..., 2014-11-25-ны өдөр олдоход үүссэн байж болох шинэ гэмтлүүд бөгөөд тархины эд дундах цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, суурь ба хүнхрээ ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3.д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь  2.4.1.д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдах ба энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэсэн дүгнэлт, /хх-ийн 243-р хуудас /

 

            б./ Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний  шинжээчдийн 2014-12-12-ны 76 дугаартай :  

 

            Талийгаачийн биед суурь ясны баруун нүдний дээд хана руу шилжсэн хугарал, дагзны ясны баруун хонхорын нугасны суваг хүрсэн салаалсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа зөөлөн бүрхүүл доорх их хэмжээний цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, хуйхны дотор тал, баруун чамархайн булчин, зүүн завьж хацар, шанаа чихний дэлбээ, чихний ар хэсэг хүзүүний зүүн тал, 2 гар, 2 хөлийн өвдөг, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд үүссэн  хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна..., Үхлийн шалтгаанд шууд нөлөөлнө...,

 

Дээрх гэмтлүүдийн суурь ясны баруун нүдний дээд хана руу шилжсэн хугарал дагз ясны баруун хонхорын нугасны суваг хүрсэн салаалсан шугаман хугарал тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3.д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь  2.4.1.д зааснаар  хөнгөн зэрэгт хамаарагдана...,

 

Үүссэн гэмтлүүд нь шалтгаант холбоотой бөгөөд  хатуу юман дээр унах үед үүссэнийг үгүйсгэхгүй..., Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй..., 2016-11-25-ны өдрийн талийгаачийг амьд байх үед биенээс нь авсан цусанд 0.9 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана, үхэлд нөлөөлөхгүй..., үхэлд хүргэсэн гэмтэл нь суурь ясны баруун нүдний дээд хана руу шилжсэн хугарал, дагзны ясны баруун хонхорын нугасны суваг хүрсэн салаалсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал болно.

 

Эмнэлгийн тусламж үзүүлээд амь насыг аврах боломжгүй бөгөөд үхлийн шалтгаан нь суурь ясны баруун нүдний дээд хана руу шилжсэн хугарал, дагзны ясны баруун хонхорын нугасны суваг хүрсэн салаалсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал болно... гэсэн дүгнэлт, / хх-ийн 285-293-р хуудас/

 

-в./ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн давтан шинжилгээний 2015-03-16-ны  249 дугаартай:

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан 1090-р дүгнэлтэд үхлийн шалтгааныг зөв тогтоосон..., дүгнэлтийн 4-р заалтанд бичсэн хатуу юман дээр унасан гэдгийг батлах боломжгүй..., хохирогчийг гэмтэл авсны дараа яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байжээ..., Цаг хугацааг удаасан нь гэмтэл улам хүндрэх нөхцөл болжээ..., Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан даруй эмч нар эмчилгээ үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна..., Тухайн гэмтлийн үед тархины хагалгаа хийгдэх боломжгүй, хийгдсэн тохиолдолд эмчилгээний үр дүн муутай байжээ..., зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан цус хуралт, суурь ясны гавлын урд дээд хана руу үргэлжилсэн хугарал, дагз ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн хацар завьж шанаа, чихний дэлбэн хүзүүний зүүн тал, зүүн гарын бугалга, шуу, өвдөг, зүүн гуянд цус хуралтууд гэмтэл учирчээ.

 

Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн бөгөөд тухайн 2014-11-25-нд үүссэн байх боломжтой байна..., гавлын ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зэрэг гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна, биеийн ил хэсгийн цус хуралт гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарна..., гэмтлүүд хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд нэг удаагийн цохилтын үед аль ч гэмтлийг учруулж болох тул нарийн ялгах боломжгүй...,

 

Шороон газар цохиулаад унасан тохиолдолд ямар гэмтэл учирсныг нарийн тогтоох боломжгүй байна..., тархины гэмтлийг авсан даруй ямар нэг идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй шууд ухаан алдана..., биеийн ил хэсгийн цус хуралт гэмтлүүдийг авсан тохиолдолд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой..., үхлийн шалтгаан болсон тархины гэмтлийг авсан нь үхэлд хүрэх шалтгаан болжээ...,      

 

Тархины гэмтлийг гараар цохих болон өшиглөх үед авах боломжтой. Дагзны хэсэгт хоёр шарх байгаа нь тэр хэсэгт ямар нэг хүч үйлчилсэн гэдгийг илтгэх шинж бөгөөд зөвхөн унах үед үүсэх боломжгүй..., тархины дээрх гэмтлийг дамжилж өргөх үед унаснаас үүсэх боломжгүй..., Гэмтлийн шинж байдлаас үзэхэд зөвхөн дамжилж өргөх, унагах зэрэг үед үүсэх боломжгүй хүчтэй хүч үйлчилсэн байна..., Хоёр хөлд үүссэн шалбаралт аль ч үед үүсэх боломжтой учир нарийн тогтоох боломжгүй байна... гэсэн дүгнэлт, /хх-ийн 701-705-р хуудас /

 

 -г./ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн  2015-11-23-ны 1256 дугаартай :

 

-Шинжээчид дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав..., шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан  гэмтлийн зэрэг тогтоосон 1090-р дүгнэлт үндэслэлтэй..., харин, задлан шинжилгээний 76-р дүгнэлтийн 8-р заалтын  “эмнэлгийн тусламж үзүүлээд амь насыг аврах боломжгүй” гэснээс бусад нь үндэслэлтэй..., 2015-03-16-ны өдрийн  249-р дүгнэлтийн 2, 12-р заалтаас бусад заалт үндэслэлтэй байна...,

 

Өвчний түүхэнд талийгаач Б.Ганболдын толгойн ар дагзны хэсэгт шалбарсан шархтай гэсэн байх ба шарханд оёдол тавьсан гэсэн тэмдэглэлгүй,  задлан шинжилгээгээр шарх тогтоогдоогүй байх тул энэ нь зулгаралт гэмтэл байсан байх боломжтой...,

 

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд гэмтлийн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй..., толгойн ар дагзны хэсэг дэх гэмтэл нь дагзны хэсгийг хамарсан цус хуралт, суурь яс, дагз ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүдтэй нэгэн зэрэг үүссэн байх боломжтой бөгөөд гавлын хугарал нь дагзны баруун хэсгээс эхэлсэн байх учир энэ хэсэгт хүч үйлчилсэн байх боломжтой...,

 

Дагзны баруун хэсгийн хуйхны гэмтэл, дагз, суурь ясны хугарал нь цохих болон гутлаар өшиглөх үед үүсэх боломжгүй...,  дагзны хэсэгт хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйл үйлчилснээс, өөрөөр хэлбэл энэ хэсэгт хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлээр цохих, цохигдох, савагдах, унах, ойчих зэргээр үүсгэгдэнэ..., Гэмтэл үүссэн даруй цус гарах боломжтой ба ямар хэмжээний цус гарахыг тогтоох боломжгүй..., Цусны нөжөрсөн байдлаар хугацааг тогтоох боломжгүй ба харин тав тогтсон байдал эдгэрэлт зэргээр хугацааг баримжаалан тогтоох боломжтой болно.

 

Шинжээч эмч эмнэлэгт хэвтснээс хойш 6 хоногийн дараа задлан  шинжилгээг хийсэн байх ба энэ хугацаанд өнгөц зулгаралт эдгэрэх боломжтой бөгөөд шарлыг дахин шинжлэх явцад талийгаачийн дагзны баруун хэсгийн хуйхны арьс ялзарч хэсэг газар үгүй болсон байх тул энэ хэсэгт шарх байсан эсэхийг тогтоох боломжгүй болсон байна...,

 

Дагз, суурь ясанд үүссэн хугарал нь 2 удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх тул талийгаач эхний гэмтлийг авсан даруйд ямар нэг идэвхтэй хөдөлгөөн хүнтэй маргалдаж зодолдох, архи уух, гүйх, алхаж явах гэх мэт хийх боломжтой...,

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй журмын дагуу үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой, эмчлэгч эмч нар нь зохих журмын дагуу тусламж үйлчилгээг үзүүлсэн байна... гэсэн дүгнэлт, / хх-ийн 888-891-р хуудас/

 

-д./ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016-05-05-ны 497 дугаартай :

 

-Шүүх эмнэлгийн үзлэгийн 1090-р дүгнэлт үндэслэлтэй, харин 76-р дүгнэлтийн 1, 2, 3,4,5,5,7,9-р заалт үндэслэлтэй,8-р заалтын  тусламж үзүүлээд амь насыг нь аврах “боломжгүй” гэсэн нь  үндэслэл муутай бөгөөд цаг алдалгүй хагалгаанд орсон бол  амь аврах боломжтой байжээ.

 

         -249-р дүгнэлтийн  1,2,3,4,5,6,7,8,10,11,14,15,16-р заалт үндэслэлтэй, 2,9,12,13-р заалт үндэслэл муутай байна...,  талийгаачийн гавал, тархины гэмтлүүд нь арагш унах үед үүссэн байна..., энэ гэмтэл нь арагш унах үед үүсдэг нийтлэг гэмтэл... гэж үзлээ.

 

        - 1256-р дүгнэлтийн 1-7, 9-12.р  заалт үндэслэлтэй, 8-р заалт үндэслэл муутай байна..., талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь арагш унах үед буюу нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн тухайлбал дагз ясны хугарал арагш унах үед,  баруун ухархайн дээд ханын  хугарал нь эсрэг цохилтын улмаас үүсэх боломжтой...,

 

        -Талийгаач дагз ясны шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд хананы хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас  тархи дарагдаж, тархины комд орж нас барсан... гэмтэл авсан дариуд буюу 2014-11-24-ний шөнийн 01 цагийн орчимд яаралтай тусламж үзүүлсэн бол аврах боломжтой байжээ..., эмнэлгийн тусламж үзүүлэлгүй цаг алдсан... эмнэлэгт ирсэн үеэс  Орхон аймгийн эмч нар  талийгаачид эмчилгээг зохих журмын дагуу хийсэн байна... гэсэн дүгнэлт, / х.хийн 1047-1050.р хуудас /  

          

  3./ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх-ийн 4-5.р хуудас/ хохирогч  Б.Ганболдын хувцасанд үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 8 ширхэг, /хх-ийн 18-22.р хуудас/, яллагдагч Д.Галбадрахын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд, / хх-н 503-510.р хуудас/  яллагдагч Б.Тулгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд, / хх-н 543-549-р хуудас/, гар утасны ярианы лавлагаа, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож  тогтоогдсон, түүний үйлдлийг  зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв анхан шатны шүүх Д.Галбадрахад хуульд заасан ял оногдуулжээ.

 

Дээрх нотлох баримтуудаар хохирогч  нь шүүгдэгч  Д.Галбадрахын үйлдлийн улмаас биед нь хүнд гэмтэл учирч нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд   харин   цохиулах үед гэмтэл аваад тэр гэмтлийн улмаас нас барсан эсхүл  Д.Галбадрахад цохиулаад  “унахдаа” гэмтэл аваад тэр гэмтлийн улмаас  нас барсан түүнчлэн   гэмтэл аваад тэр дороо нас барах эсхүл тэр гэмтлийн улмаас  эмнэлгийн тусламж авч байгаад тодорхой хугацааны дараа  нас барах нь  хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Өөрөөр хэлбэл Д.Галбадрахын үйлдлийг бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд хохирогч Б.Ганболд шүүгдэгч Д.Галбадрахад цохиулсны улмаас хүнд  гэмтэл авч нас барсан нь энэ хэргийн бодит шалтгаант холбоо болно.

 

Хэрвээ “хохирогч хүнд гэмтэл авсан, одоо амьд байгаа” бол хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэл болохоос гадна хавтаст хэрэгт хохирогчид учирсан гэмтлийг  Д.Галбадрахын үйлдлээс өөр бусад байдлаар үүсгэгдсэн эсхүл өөр хүн учруулсан гэж үзэх нотлох баримт авагдаагүй байна.

 

Мөн Н.Батболд, Б.Тулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 107 дугаар зүйлийн 107.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ нь :

 

тэд тухайн үед  “...хохирогчийг босохгүй болохоор нь хөлдөж магадгүй” гэж бодоод орцонд оруулсан...” гэсэн  тэдний  мэдүүлэг, мөн  тэд Орхон аймгийн цагдаагийн жижүүр буюу 7035102 дугаарын утас руу  залгаж  “...согтуу  хүн 3-ын 9-р байрны 1-р орцонд байна..., босож чадахгүй байна...” гэж мэдээлэл өгсөн бөгөөд энэ нь  өөрсдийнх нь  мэдүүлгээс гадна  Цагдаагийн дуудлага хүлээн авч бүртгэдэг бүртгэлийн дэвтэр дээр шөнийн 02 цаг 04 минутанд 99003762 дугаарын утаснаас     “...3-ын 9.р байрны 1-р орцонд согтуу хүн хэвтэж байна...” гэсэн дуудлага ирсэнийг    жижүүр Э.Амгаланбаяр  бүртгэж, тэмдэглэж авсан болох нь тогтоогддог боловч “худлаа дуудлага  байх”  гэж бодсон... гэсэн   мэдүүлэг зэргээр  үгүйсгэгдэж байна.

 

            Өөрөөр хэлбэл   Н.Батболд, Б.Тулга  нар тухайн үед  бусдыг амь бие аюултай нөхцөл байдалд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад  мэдэгдсэн байх бөгөөд  анхан шатны шүүх  энэ талаар   хэрэгт авагдсан бүх нотлох баримт, бодит үйл баримт, тухайн үеийн хэргийн нөхцөл байдал  зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж,   тэдний  үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  107 дугаар зүйлийн 107.2.т заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүний шинж байхгүй гэж үзээд    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  208 дугаар зүйлийн 208.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан Н.Батболд, Б.Тулга нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн   хэргийг хэрэгсэхгүй болгож,   тэднийг цагаатгасан нь  хуулийн үндэслэл бүхий болжээ.

 

Д.Галбадрах, Н.Батболд, Б.Тулга нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан, шүүгдэгч нар болон хохирогчийн  хувийн байдлын талаарх баримтыг хангалттай цуглуулсан, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Д.Галбадрахын өмгөөлөгч Д.Оюунчимэгийн  гаргасан  “...Д.Галбадрахын нэг удаагийн цохилтоор хохирогч хүнд гэмтэл авсан гэдэг нь хангалттай  тогтоогдоогүй..., шүүх  зарим дүгнэлтийг үнэлээгүй..., ...яаралтай тусламж үзүүлсэн бол амь аврах боломжтой...,  гэдгийг анхаараагүй, тухайн  үед цус гараагүй гэдгийг бүгд хэлдэг..., хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн,

 

шүүгдэгч Д.Галбадрахын гаргасан “...Би хохирогчийг өмнө нь харж байгаагүй, танихгүй учраас надад тэр хүнтэй маргаан үүсгэх шалтаг байхгүй..., би зүгээр явж байсан...,  гэнэт л тэр хүн  намайг цохиод сахиус тасалсан..., тухайн үед биеэ   хамгаалж түүнийг  цохьсон...,  би хүн санаатай алаагүй тул хэргийг үнэн зөвөөр зүйлчилж,  шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг “...шүүх хуралдаанд оролцогчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гаргасан бүх нотлох баримтыг тал бүрээс нь  бүрэн, бодитой шинжилсэний үндсэнд гаргах...,  хэл зүй, өгүүлбэр зүйн дүрмийн хувьд алдаагүй бичигдсэн байх...” байтал Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийг  хэвээр нь хуулж бичээд, шүүх хуралдаанд  шүүгдэгч нар, хохирогч биечлэн оролцсоор байтал  тэдний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг үнэлээгүй мэтээр анх сэжигтнээр болон  яллагдагчаар татагдсан үедээ өгсөн мэдүүлгийг  шийтгэх тогтоолд  хуулж бичсэн, мөн яллах дүгнэлтэнд “гэрч О.Очир-Эрдэнэ” гэдэг хүн  /х.хийн 58-63 дугаар хуудас/ мэдүүлэг өгсөн байхад  “ гэрч Ц.Эрдэнэ-Очир” гэж буруу бичсэнийг яг тэр хэвээр нь шийтгэх тогтоолд /х.хийн 1135.р хуудас / хуулж бичжээ.

 

Мөн шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.д заасан хүндрүүлэх нөхцөлийг заахдаа  “гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болгож өөр хэсэгт заасан”  нөхцөлийг   “хүндрүүлэх нөхцөл байдал”  гэж  ойлгож бичсэн нь  буруу.  / хх-ийн 1204-р хуудсанд /

 

Ийм алдаа олон удаа гарч байгаа бөгөөд тухай бүрт нь магадлалд тусгаж байгааг цаашид анхаарах шаардлагатай байна.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1,  325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Галбадрах болон түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

 

                        ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА       

                                                                                                                                                                                                                                 

 

                                                                                                                        Ц.ТУЯА