Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 483

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 18 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, ОЭ61051531 регистртэй, Хонда овогт Жамбалын Бат-Оршихын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 20 айлын орон сууцны 2 давхрын 30 тоотод оршин суух, Зуутраг овогт Санжийн Пүрэвжавд холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 54.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Бат-Орших, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ж.Бат-Орших шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бат-Орших миний бие 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Шинэбаярын хадам ээж С.Пүрэвжавд өөрийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 2 дугаар 36 айлын орон сууцны 2 өрөө байрны ордерыг банкинд барьцаа болгон өгч шинээр байрьж байгаа 16 айлын орон сууцыг барихад санхүүжүүлж өгөхийг хүсэхэд би худ ураг гэх үүднээс хүндэтгэж, сайхан сэтгэлээр зөвшөөрч 2 сарын хугацаанд байрны ордерыг буцаан авах нөхцөлтэйгээр 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан юм. С.Пүрэвжав нь миний байрны ордерыг авч надтай гэрээ байгуулахдаа шинээр барьж байгаа 90%-ийн гүйцэтгэлтэй 16 айлын 2 өрөө байрны ордер барьцаанд өгч, байрны ордер авсан. Гэтэл тухайн байгуулсан гэрээний нөхцөлийг зөрчиж миний байрны ордерыг өөр хүнд эзэмшүүлж, дахин барьцаанд тавьж, Голомт банкнаас 8%-ийн хүүтэй 45.000.000 төгрөгийн зээл авч өөрийнхөө хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт шилжүүлсэн байна. Худ С.Пүрэвжав нь миний хүү Б.Шинэбаяраар дамжуулан Улаанбаатар хотод хувийн орон сууц худалдаж авах нэрийдлээр миний унаж байсан Портер машины үнэ 7.000.000 төгрөгийг зээллэж авсан. Миний 2 өрөө байрны ордерыг надаас авахдаа байрны ордерыг буцааж өгөх боломжгүй тохиолдолд 45.000.000 төгрөг өгөхөөр, машины үнэ 7.000.000 төгрөг, мөн гэрээнд заасны дагуу ордер ашигласны хөлсөнд 2.000.000 төгрөг өгөхөөр тохирсон билээ. Гэтэл бидний хооронд байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу байрны ордер, зээлээр олгосон мөнгөө нэхэмжлэхэд буцааж өгөх боломжгүй гэхийн зэрэгцээ эхнэр биднийг хэл амаар доромжлон янз бүрээр хэлж ярих боллоо. Эцэст нь хэрэгтэй үедээ худал ярьж миний гэр орны ордер, бэлэн мөнгийг авч ашиглачихаад ингэж муухай хандаж байгаад туйлын гомдолтой байна. Би хүү Шинэбаярын хадам ээж тул намайг хуурч мэхлэх байдал гаргахгүй байх гэж, мөн хүүгээ бодоод түүнд зөвшөөрсөн юм. Иймд миний байрны ордер барьцаалж авсан 45.000.000 төгрөг, мөн ордер барьцаалсны хүү болох 2.000.000 төгрөг, машины үнэ 7.000.000 төгрөг, нийт 54.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдүүдээс авах машины үнэ 7.000.000 төгрөгийг хасч үлдэх 47.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бат-Оршихын хувьд маш их хохирч байна. Анх хариуцагч С.Пүрэвжаваас 54.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг ба үүнээс 7.000.000 төгрөгийг хасч 47.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Байрны үнэлгээнийн талаарх шинжээчийн дүгнэлт хэт багаар үнэлэгдсэн байна. Одоогийн байдлаар 2 өрөө байрны зах зээлийн ханш 56-76 сая төгрөг байгаа. Гэтэл Ж.Бат-Оршихын 2 өрөө байрны үнэ 33.848.000 төгрөг гэж гарсан байдаг. Энэ мөнгөөр эргээд 2 өрөө байр худалдаж авах боломжгүй. Байрны ордерыг зээл авахдаа гэрээ байгуулсан байдаг энэ гэрээгээр ордер ашигласны хөлсөнд 2.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон байдаг. Ж.Бат-Оршихын нөхцөл байдлыг харгалзан үзээд хэргийг шийдэж өгнө үү. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэжээ.

    Хариуцагч С.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Бат-Оршихын өөрийн амьдарч байгаа 2 дугаар 36 айлын 2 өрөө байрны ордерийг надад түр өгч миний нэр дээр авсан өөрийн зээл, хүргэн Б.Шинэбаярын хотын байрны зээлүүдийн хугацаа хэтрээд байхад надад тус болсон нь үнэн. Энэ байрыг би 2015 оны 5 дугаар сард өөрийнх нь зөвшөөрөлтэй иргэн П.Сүхтулгын нэр дээр шилжүүлж Голомт банкнаас 31.000.000 төгрөг гаргуулж авч хугацаа хэтэрсэн өрөө төлсөн. Би Бат-Оршихтой анх тохиролцохдоо байрны ордер тавиулж тус болсны хариуд 2.000.000 төгрөг өгөх, барилгаа барьж дуусаад зээл гарч эхлэхээр Сүхтулгын зээлийг төлж барагдуулаад байрны ордерыг нь буцааж өгөхөөр болсон. Харамсалтай нь хамтарч барилга барьж байгаа С.Мөнхбатын буруутай үйлдлээс болж барилгын ажил удааширч, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлцлээ. Одоо ордерууд гарч зээлнүүд гарч эхлэх гэж байна. Ж.Бат-Орших байрны ордер надад барьцаалуулж тус болсон болохоор өгөхөөр тохиролцсон 2.000.000 төгрөгөө өгнө. Мөн байрны ордерыг нь буцааж өгнө. Би байрны ордер гараагүй учраас нэг ч байр зараагүй, Голомт банкинд тавьж 45.000.000 төгрөг авсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч нотлох байхаа. Хүргэн Б.Шинэбаяр 2012 онд Улаанбаатар хотод 50.000.000 төгрөгийн үнэтэй 10 өрөө бүхий түрээсийн байр худалдан авсан. Энэ байрыг авах үедээ урьдчилгаа төлбөр 12.200.000 төгрөг банкинд төлсөн. Энэ мөнгөний 6.000.000 төгрөгийг Ж.Бат-Оршиход өгсөн, үлдэгдэл 6.200.000 төгрөгийг охин бид хоёр өгсөн. Үлдэгдэл мөнгөө хийхийн тулд 2013 онд Голомт банкнаас Б.Шинэбаярын нэр дээр 45.000.000 төгрөгийн зээл гаргуулсан. Бидний хүүхдүүд 2 хүүхэдтэй, би С.Мөнхбат гэдэг зальтны заль мэхэнд орж өөрийгөө болон 2 хүүхдээ хэцүү байдалд оруулж тэд нарыгаа зовоосон, гэсэн ч тэд нар маань юу болоод байгааг нүдээр үзэж байгаа учраас энэ бүхнээс ойлгож байгаа. Мөн хоёулаа дээд боловсролтой, мэдлэг чадвар өндөртэй учраас энэ бүхнээс сургамж аваад цаашид сайхан амьдрах боломжтой. Би хэдийгээр өнөөдөр ийм байдалд орж байгаа ч гэсэн энэ маань хугацаатай болохоор эцсийн эцэст 2 зээ, 2 хүүхдийнхээ амьдралын түүхэнд хараар бичигдэхээр түүх үлдээж худтайгаа шүүхдэлцмээргүй байна. Би шүүх хуралд суухгүй, аль болохоор эвлэрч тохиролцохыг хүсч байна. Ж.Бат-Оршихын 36 айлын орон сууцны 2 өрөө байр зах зээлийн ханшаар 30.000.000 төгрөгөөр ч зарагдахгүй. Гэтэл Ж.Бат-Орших мэдсээр байж байрыг 45.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа нь үнэхээр харамсалтай байна гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ж.Бат-Орших нь хариуцагч С.Пүрэвжаваас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 54.000.000 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 47.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

       Хариуцагч С.Пүрэвжав нь Ж.Бат-Оршихын 36 айлын орон сууцны 2 өрөө байр зах зээлийн ханшаар 30.000.000 төгрөгөөр ч зарагдахгүй. Гэтэл Ж.Бат-Орших мэдсээр байж байрыг 45.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

     Хариуцагч С.Пүрэвжав нь нэхэмжлэгч Ж.Бат-Оршихоос 2 дугаар 36 айлын орон сууцны 2 өрөө байрны ордерыг түр хэрэглэхээр зээлж авсан ба ордер ашиглуулны хөлсөнд 2.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарыг тайлбараар тогтоогдож байна.

       Мөн хариуцагч С.Пүрэвжав нь нэхэмжлэгч Ж.Бат-Оршихын байрны ордерыг барьцаа хөрөнгө болгон ашиглаж Голомт банкнаас П.Сүхтулга, Ч.Өлзийтэгш нарын нэр дээр 31.500.000 төгрөгийн орон сууцны зээл авч ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дугаар зг6205100607 тоот Орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, мөн хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

    Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Ж.Бат-Орших нь хариуцагч С.Пүрэвжаваас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

     Харин хавтаст хэрэгт авагдсан Орон сууцны ордер гэрчилгээг түр авч зээл гаргуулах гэрээ гэх баримтыг талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж байгуулсан зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр шүүхийн санаачлагаар шинжээч /Увс Финанс-Аудит ХХК/ томилсон.Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлалтай, 36 айлын орон сууцны 2-18 тоот, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 33.848.000 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд хариуцагч С.Пүрэвжаваас 33.848.000 төгрөг мөн ордер ашиглуулсны хөлс 2.000.000 төгрөг, нийт 35.848.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.152.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 337.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход олгох нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас 35.848.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.152.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бат-Оршихын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 337.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.БОЛОР