Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 439

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би С.Уянгын нэхэмжлэлтэй М.Отгончимэгт холбогдох “800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                                

Нэхэмжлэгч С.Уянга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Отгончимэг нь 2014 оны 02 дугаар сарын 02-нд 100.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг нийт 300.000 төгрөгийг 15 хуюийн хүүтэй зээлж авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч М.Отгончимэгээс үндсэн зээл болох 300.000 төгрөг, хүү 500.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг 3 дугаар хэсэг 15 тоотод оршин суух Боржигон овогт Мишкагийн Отгончимэг /МЮ-7030961/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Мишка овогтой Отгончимэг нь С.Уянгын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь С.Уянгаас 300.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ би С.Уянгад нийт 348.000 төгрөг өгсөн. Ямар учраас миний өгсөн мөнгөний талаар нэхэмжлэлдээ бичээгүйг ойлгохгүй байна. Тиймээс 800.000 төгрөгний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч С.Уянга миний бие хариуцагч М.Отгончимэгээс 800.000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 500.000 төгрөгнөөс татгалзаж үлдэх 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. 

Хариуцагч М.Отгончимэг миний  бие нь 300.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч улсын тэмдэгтийн хураамж 4825 төгрөг нэмж төлөхөөр болж эвлэрэн хэлэлцлээ гэжээ. 

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

                                      Нэхэмжлэгч                    С.Уянга

            Хариуцагч                       М.Отгончимэг гэжээ.     

                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Уянга нь хариуцагч М.Отгончимэгт холбогдуулан “800.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд гаргасан “...Нэхэмжлэгч С.Уянга миний бие нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 500.000 төгрөгнөөс татгалзаж үлдэх 300.000 төгрөгийг нэхэмжилж, Хариуцагч М.Отгончимэг миний  бие нь 300.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцлээ” гэх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. 

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 300.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 9650 төгрөгний  тал хувь болох 4825 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С.Уянгын нэхэмжлэлтэй хариуцагч М.Отгончимэгт холбогдох “800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид 300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 300.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 9650 төгрөгний тал хувь болох 4825 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ