Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 991

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00321/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарьдаргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ** дугаар баг, *** дүгээр хэсэг ** тоотод оршин суух Б*** овгийн Э*** М*** /РД: МЮ***, утас: 9923 ****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, *** дүгээр хороолол, ** дугаар байр *** тоотод оршин суух Б*** овгийн Б***М*** /РД: ТЖ***, утас: 9905 ***/-т холбогдох

Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, иргэн Б.М*** 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.М***ын нэхэмжлэгч Э.М***д холбогдуулан гаргасан гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 3 932 500 төгрөг, цахилгаан, дулаан, усны төлбөр 310 660 төгрөг, үйлдвэрлэл явууулаад олох байсан ашиг орлогын алдагдал 2 914 560 төгрөг, нийт 7 157 720 төгрөг гаргуулах сөрөг нэхэжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.М***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С***, хариуцагч Б.М***, хариуцагчийн өмгөөлөгч Р.Л****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Иргэн Б.M*** нь манай Амтат бууз гэдэг нэртэй цехийн бууз, банш нь зах зээлд танигдсан, сарын 2-3 сая төгрөгийн ашигтай байдаг, манай цех нь 2 өрөө орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг гээд өөрийн бууз баншны цехээ зарна гэсэн. Ингээд миний бие Э.М*** гэр бүлийн хамт уг цехийг ажиллуулахаар болж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдан авахаар гэрээг байгуулсан. Урьдчилгаа төлбөрт нь 10 сая төгрөгийг бэлнээр өгч, үлдэх мөнгийг 6 сарын дараа буюу банкнаас зээл авч өгөхөөр тохирсон юм.

Б.М***ын зүгээс үйл ажиллагааны тохирлын гэрчилгээг шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй, мөн Амтат бууз нэртэй цехийн бууз, банш нь зах зээл дээр ямар ч нэр хүндгүй болчихсон, дэлгүүрүүд авахгүй байсан.

Мөн тохирлын гэрчилгээг шилжүүлүүлэхээр Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад орон сууцны доор мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулахыг болиулж байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Ийм болохоор цаашид удаан хугацаагаар ажиллуулах боломжгүй юм гэдгийг мэдсэн. Иймд буцаах саналаа тавьж, урьдчилгаа мөнгөө буцааж авъя гэхэд Б.М*** мөнгийг чинь өгч чадахгүй гэсэн тул Б.М*** 10 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

Э.М***ийн нэхэмжлэлтэй Б.М***т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбартай танилцаад дараах үндэслэлээр нэмэлт тайлбар гаргаж байна.

Б.М*** нь анх бууз, баншны цехээ зарна гэж байх үедээ уг бууз, баншны цехийн барилгаа 2 өрөө орон сууц гэж байсан боловч уг барилга 2 өрөө орон сууц биш харин стандарт 3 өрөөний орон сууцнаас 2 өрөөг нь салгаж, тусгаарлан гадагш нь хаалга гаргасан, нэг орон сууцнаас илүүгүй талбайтай стандарт бус орон сууц байсныг бид мөнгөө өгснийхөө дараа мэдсэн.

Мөн Б.М*** нь Амтат бууз нэртэй цех нь миний эзэмшлийн гэж байсан боловч уг цех нь хүргэн Энхтүвшингийн эзэмшлийн Ган болор ХХК-ийн харьяанд байдаг байсан тул Б.М*** нь уг компанийг төлөөлөн буузны цехийг бидэнэд зарах эрхгүй хүн байсныг бид мэдээгүй.

Ажиллуулахд ямар ч саадгүй гэж бидэнд ойлгуулсан Амтат бууз баншны цех нь үйл ажиллагаа явуулах эрх олгодог Тохирлын гэрчилгээ нь 2014 оноос хойш сунгагдаагүй байсныг мөн биднээс нуусан байсан. Миний бие нь настай хүн худлаа ярина гэж огт бодолгүйгээр 10,0 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн.

Гэтэл Б.М*** нь анх бидэнтэй худалдах, худалдан авах гэрээ хийхдээ бууз, баншны цехийнхээ биет байдлын /3 өрөөг 2 болгож тасалсан/ болон эрхийн тохирлын гэрчилгээ байхгүй, өөр компанийн нэр дээр байдаг/ доголдлыг нууж, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул бид Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээг цуцалж, урьдчилгаа болгож өгсөн 10 000 000 төгрөгөө нэхэмжилж байгаа юм гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Э.М*** миний бие Б.М*** 10 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа Б.М*** бид хоёрын дунд байгуулагдсан 2015 оны 10 сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэмээн өөрчилж байна. Учир нь тус гэрээ нь Иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус байх нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Иймд тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож Э.М*** намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгчийн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад ирүүлсэн хариу тайлбартаа:

Хариуцагч Б.М*** нь гэрээний алданги 3 250 000 төгрөг, цахилгаан дулаан, ус хогны төлбөр 350 000 төгрөг, олох ёстой байсан ашиг 2 000 000 төгрөг, нийт 5 600 000 төгрөг нэхэмжилжээ. Э.М*** миний бие сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тус цехийг ажиллуулж байх хугацаанд гарсан ус, дулаан, цахилгаан зэрэг хэрэглээний зардлыг бүгдийг нь цаг тухайд нь төлж барагдуулж байсан, баримтуудыг нь шүүхэд гаргаж өгнө. Гэрээний алданги болох олох ёстой байсан орлого гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Миний бие тус цехийг ажиллуулж байх хугацаанд Б.М*** гуайн хэлж, тооцож байгаа шиг ашиг орлоготой байгаагүй, харин алдагдалтай ажиллаж байсан энэ талаар нотлох баримтыг мөн шүүхэд гаргаж өгнө. Б.М***тай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байсан учир алданги тооцох нь ямар ч үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлөөн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нэхэмжлэл гаргах болсон шаардлага нь иргэн Б.М*** нь манай Амтат бууз гэдэг нэртэй цехийн бууз банш нь зах зээлд танигдсан, сарын 2-3 сая төгрөгийн шигтай байдаг. Манай цех нь 2 өрөө орон сууцандүйл ажиллагаагаа явуулдаг гээд өөрийн бууз баншны цехээ зарсан. Ингээд миний бие гэр бүлийн хамт уг цехийг ажиллуулахаар болж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдан авахаар гэрээг байгуулсан. Урьдчилгаа төлбөрт нь 10 сая төгрөгийг бэлнээр өгч, үлдэх мөнгийг 6 сарын дараа буюу банкнаас зээл авч өгөхөөр тохирсон юм. Б.М***ын зүгээс үйл ажиллагааны тохирлын гэрчилгээг шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй, мөн Амтат бууз нэртэй цехийн бууз, банш нь зах зээл дээр ямар ч нэр хүндгүй болчихсон, дэлгүүрүүд авахгүй байсан. мөн тохирлын гэрчилгээг шилжүүлэхээр Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад орон сууцны доор мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулахыг болиулж байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Ийм болохоор цаашид удаан хугацаагаар ажиллуулах боломжгүй юм байна гэдгийг мэдсэн. Иймд буцаах саналаа тавьж, урьдчилгаа мөнгөө буцааж авъя гэхэд Б.М*** мөнгийг чинь өгч чадахгүй гэсэн тул Б.М*** 10 сая төгрөг гаргуулж, худалдах, худалдан авах тухай гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм гэв

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг дэмжиж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүссэн нөхцөл байдлаас харахад Э.М***, Б.М*** хоёрын дунд бууз, баншны цех худалдах, худалдах авах тохиролцоо явагдсан байдаг. Гэвч 2015 оны 10 сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Талуудын хэрэгт хавсаргасан нотлох баримт болон, тайлбар, сөрөг нэхэмжлэлийг харахад талууд аль алиндаа бууз баншны цехийг худалдсан, худалдан авсан нь аль аль нь хүлээн зөвшөөрсөн байна.Гэвч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үзэхэд алданги, тухайн үед ажиллуулж олох байсан үеийн ашиг гэсэн байдаг ба Э.М***ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан шаардлага нь 2015 оны 10 сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусал тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үүднээс тайлбарлвал 2015 оны 10 сарын 12-ны өдөр байгуулсан Э.М***, Б.М*** хоёрын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 58 дугаар зүйл 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах хэд хэдэн шинж чанар харагдаж байна.Тэгэхээр Э.М***, Б.М*** нарын хооронд бууз баншны цех худалдаж авах талаар тохиролцоо хийсэн боловч, бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах , худалдан авах гэрээ хийгдсэн байгаа нь хэлцэл хийгч өгсөн хэлцлийнхээ гол нөхцлийг андуурч хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн Б.М***ын ажиллуулж байсан бууз, баншны цех Б.М***ын нэр дээр биш Дархан Г*** ХХК гэдэг 2 гишүүний нэр дээр байдаг. Тэгэхээр Г*** ХХК-ны зүгээс ямар ч зөвшөөрөл байхгүй, итгэмжлэл байхгүй этгээд худалдсан байна.Тэгэхээр манай зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн. Б.М***ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 7.157.720 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд Амтат бууз цехийг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдэг нь талуудын тайлбараар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Цех дотор бууз, банш хийх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тухайн үйл ажиллагааг явуулах тоног төхөөрөмж, байр зэрэг 3 бүрэлдэхүүн хэсэг багтаж байж цехийг зарсан гэж үзнэ. Гэтэл 2015 оны 10 сарын 12-ны өдөр зөвхөн байраа шилжүүлсэн тухай гэрээ хийгдсэн нь иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлүүдэд зааснаар бууз баншны цехийг худалдах, худалдах авах гэрээ төөрөгдсөн байна. Мөн зөвшөөрөл нь Дархан Г*** ХХК-ны нэр дээр байсан байна. Хуульд заасан зөвшөөрлийг аваагүй байна гэж үзэж байна. Мөн Ситико аудитын шинжээчийн дүгнэлтээр Б.М***ын Амтат бууз цехийн биш Дархан Г*** ХХК-ны ашгийг тодорхойлон байгаа.

Бууз баншны цех гэж гэрээ хийсэн боловч гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, сөрөг нэхэмжлэлийн хувьд хүү алданги нэхэмжлэх эрхгүй этгээд учраас сөрөг нэхэмлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.М*** нь эхнэр А***гийн хамт манайд ирж буузан цехийг худалдан авах саналыг өөрсдөө гаргасан. Бидэнд ирж санал гаргахаасаа өмнө цехээр ирж үзээд явсан байсан. Үүнийг манай ажилчид хэлсэн. Би М***д хоёуланд нь ажиллахад хүнд шүү, бууз хийх амархан хэдий боловч борлуулалт л бүхнийг шийднэ шүү, би олон жил хийсэн. 12-13 жил ажилласан. Би өндөр настай болсон. Машин унаа барьдаггүй болохоор жаахан ядраад байх юм. Тэгээд л үнэ ханш тохирвол зардаг юм бил үү гэж бодсон юм гэж хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа ирээд манайх бөөтэй, бөө маань нэг өвгөн байна, түүнийг л зөвшөөрүүлээд давчихвал та нар аваад сайн ажиллах юм байна гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа 20 000 000 төгрөг өгчих гэсэн байхгүй 10 000 000 төгрөг байна гээд гуйгаад байхаар нь 10 000 000 төгрөгийн урьдчилгаа аваад түлхүүрээ өгсөн. Нэгэнт нотариатаар батлуулаад зарчихсан юм чинь гэж бодоод 10 000 000 төгрөгийг нь хэрэглээд дууссан. Энэ 2 хүүхэд ажиллуулж байх хугацаандаа маш цөөхөн өдөр ажиллуулсан байдаг юм. Тэгж ажиллуулаад яаж ашиг олохов дээ. 1 сарын 20-доор манайд ирээд жаахан зовлон тоочиж байгаад гарахдаа түлхүүрээ орхиод гарсан байхаар нь маргааш өглөө нь цехэд очоод үзэхэд өөрсдийн юмнуудаа аваад явсан байсан. Тэгэхээр нь энэ 2 хүүхэд ажиллахаа больж наймаа буцах нь дээ гэж бодсон. Тэгээд эхнэр А*** нь хэд хоногийн дараа мөнгө нэхсэн, би та нарт мөнгө өгч чадахгүйг хэлсэн. Дараа нь дахиад утасдахаар нь би зарагдахаар нь цөөхөн хэдэн төгрөг өгнө гэж хэлсэн. Энэ 2 хүүхэд чухам надаас хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа юм бол доо гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Б.М***, Э.М*** нарын хооронд 2015 оны 10-р сарын 12-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах зээлээр худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар гаргасан Э.Мөх-Эрдэнийн нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй. Дээрхи гэрээг хоёр тал харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулан хуулийн дагуу хийхдээ Иргэний хуулийн 56, 58, 59-р заалтуудыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчин зүгээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

1.    Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдаж авах гэрээг цуцлаагүйгээс одоогоор хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна.

Дээрхи гэрээний дагуу Э.М*** Амтат бууз цехийг тоног төхөөрөмжийн хамт шилжүүлж авснаас хойш 5 сар өнгөрсөн энэ хугацаанд гэрээгээ цуцалж албан ёсоор буцааж хүлээлгэж өгөөгүйгээс үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүн гаргах боломжгүй болсноос олох байсан орлого алдаж би хохирсон.

Нэхэмжлэгч Бууз банш бүтээгдэхүүн үйлдвэрлээд хүнсний дэлгүүр, лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг хувь хүмүүст өгч борлуулдаг байсан талаар ашиг орлогын тооцоо 2015 оны байдлаар 1 өдөрт дунджаар 73,600 төгрөг 1 сард буюу ажлын 22 хоногт 1 619 200 төгрөгийн ашигтай ажиллаж байсан юм.

Хариуцагч Э.М*** Амтат бууз цехийг 2015 оны 10-р сарын 12-ноос эхэлж 2016 оны 1 сарын 20 хүртэл 2 сар 21 хоног ажиллууулж үйлдвэрлэл явуулж байсан хугацааны цахилгаан, дулаан, ус, хогны төлбөр нийтдээ 350,000 төгрөгийг Э.М***эс гаргуулахаар нэхэмжилж байна.

Үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдан авах гэрээний хоёр гол нөхцөлд заасан урьдчилгаа 10 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн. Дараагийн 10 сая төгрөгийг 2015 оны 12 сарын 15-ны өдөр, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны дотор төлж барагдуулах үүргийг худалдан авагч тал биелүүлээгүй тул 2015 оны 12 сарын 15-ны дотор хийх ёстой байсан 10 000 000 төгрөг үлдэгдэл 45 000 000 төгрөгнөөс 2016 оны 1 сарын 20 хүртэл хийх ёстой байсан 15 000 0000 төгрөг, нийт 25 сая төгрөгийн алданги хоног тутам 0.5 хувиар тооцож бодоход 3 250 000 төгрөг болж байна. Иймээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2 сарын 20 хоногийн хугацааны буюу 65 хоногийн алданги 0.5 хувиар 3 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. Э.М*** Амтат бууз цехийг гэрээгээр худалдаж аваад 2016 оны 1 сарын 20 хүртэл 2 сар 20 хоног ажиллуулсан тул энэ хугацааны мөнгийг урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгнөөс хасч тооцох.

Амтат буузыг үйлдвэрлэж борлуулахад:

Өдөрт дунджаар 73 600 төгрөгний ашигтай ажиллаж байсан ажлын 22 хоногт 1 619 000 төгрөгний ашигтай ажиллаж байсан. Эдгээр ашиг орлогын алдагдал хүлээж хохирсон зэргийг 2 сарын байдлаар хамгийн багаар тооцож 2 сая төгрөгийг Э.М***эс гаргуулах.

Бүгд:

Алданги 3,250,000 төгрөг

Цахилгаа, дулаан, ус, хогны төлбөр 350,000 төгрөг

Цехийг 2 сар 20 хоног ажиллуулсны суутгал болон дээрх хугацаанд нэхэмжлэгчийн олох ёстой ашиг орлогын алдадалаа тооцож 2,000,000 төгрөг

Нийт 5,6000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.М*** шүүх хуралдаанд гаргаса тайлбартаа:

Э**** овогтой М*** нь эхнэр А***гийнхаа хамт манайд ирж буузан цехийг худалдан авах саналыг өөрсдөө гаргасан. Бидэнд ирж санал гаргахаасаа өмнө цехээр ирж үзээд явсан байсан. Үүнийг манай ажилчид хэлсэн. Би М***д бууз, баншны цех ажиллуулах хэцүү шүү, хийхэд амархан боловч борлуулалт нь бүхнийг шийднэ. Би олон жил ажиллаж, өндөр настай болсон. Машин унаа барьдаггүй болохоор бага зэрэг ядраад байдаг юм. Тэгээд л үнэ ханш тохирвол зардаг юм билүү гэж бодсон юм гэж хэлсэн. Уг нь эхлээд урьдчилгаа 20.000.000 төгрөг өгчих гээд хэлтэл Э.М*** надад мөнгө байхгүй байгаа нь 10.000.000 төгрөг байна гээд гуйгаад байхаар нь түүнийг нь аваад түлхүүрээ өгсөн. Нэгэнт л нотариатаар батлуулаад зарчихсан юм чинь гэж бодоод 10.000.000 төгрөгийг хэрэглээд дууссан. Э.М*** бууз, баншныхаа цехийг маш цөөхөн ажиллуулж байсан. Ийм цөөхөн ажиллуулахад яаж ашиг олох вэ дээ. 1 дүгээр сарын 20-ны үеэр Э.М*** манайд ирээд зовлон тоочиж байгаад гарахдаа коридорт байдаг гутлын тавиур дээр цехийн түлхүүрийг орхиод гарсан байсан. Тэгэхээр нь Э.М***тай хийсэн наймаа буцаж байгаан байна гэж бодсон гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Лх*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.М*** Б.М*** хоёрын хооронд 2015 оны 10 сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулан хийсэн байна. Насанд хүрсэн 2 иргэн нотариатын газар очоод гэрээ хийсэн нь хэн алиныгаа хуурч мэхэлсэн зүйл огт байхгүй. Гэрээ хийсэн хүн юу худалдаж авч байгаагаа эхлээд үзсэн байгаа. Хэн ч 2 талыг хүчээр гэрээ хийлгээгүй, гэрээ хийхдээ улсын бүртгэлийн газар очиж бүртгүүлсэн байтал хүчин төгөлдөр гэрээ байна гээд байгааг ойлгохгүй байна. Урьд нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан 1 өрөө орон сууцыг Э.М*** мэдсээр байж худалдаж авчхаад ажиллуулж чадахгүй болхоороо гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулая гэж хэлж болохгүй. Э.М*** 10.000.000 төгрөгний падааныг өөрсдөө бүрдүүлж ирсэн байж ашиггүй ажилласан гэж байгаа нь худлаа юм. Гэрээ хийсэн өдрөө худалдан авагч тал 10.000.000 төгрөгөө өгсөн. Дараагийн 10.000.000 төгрөгөө 2015 оны 12 сарын 15-ны өдөр өгнө гэсэн энэ үүргээ биелүүлээгүй. Үлдэгдэл 45.000.000 сая төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэсэн байдаг. Гэрээн дээр худалдан авагч нь хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд төлөх ёстой үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэсэн байгаа. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээрээ хуулийн дагуу алдангаа бодож гаргасан. Э.Мөнх-Эрдэний зүгээс Амтат бууз баншны цех нь худалдан авалт муутайгаас болоод цэвэр ашиг олдоггүй гэж ярихыг мэдээд хариуцагч талаас шинжээч томилуулах тухай хүсэлт гарган, шүүх хүсэлтийг хүлээн авч албан ёсны шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 728.640 төгрөгний ашгийг 1 сард олно гэсэн дүгнэлт гаргасан байна. 1 сарын 20-оос хойшхи 6 сар хүртэл ажиллуулаагүй байсан хугацааны ашгийг сөрөг нэхэмжлэл дээрээ бодож гаргасан байгаа. Гэхдээ бид 6 сарын ашиг биш 4 сарын ашгийг нэхэмжилж байгаа. Дулаан , цахилгааны мөнгөн дээр маргаад байгаа зүйл нь бид баримтаа өгсөн нөгөө тал бас баримтаа өгсөн гээд байгааг шүүгч өөрөө шийдэх асуудал. Манай талаас хуурамч нотлох баримт өгөөгүй болно. Дархан Г*** ХХК-ны нэр дээр байгаа бууз баншны цехийг Б.М*** Э.М***д худалдсан гээд байгааг ойлгохгүй байна. Тэгвэл Улсын бүртгэлийн гэрчилгээ болон Тохирлын гэрчилгээ хэний дээр байгаа вэ гэвэл Б.М***ын нэр дээр байдаг болхоос Дархан Г*** ХХК-ны бууз баншны цехийг Э.М***д зараагүй юм. Харин албан татвараа төлөхдөө Дархан Г*** ХХК-ийн нэр дээр төлөгддөг байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хавтас хэргийн 421-422 хуудсыг харна уу гэж хүсэж байна. Зөвхөн албан татвараа Дархан Г*** ХХК-ийн нэрээр төлөгдөж байсан боловч бүх бичиг баримтууд Б.М***ын нэр дээр байдаг юм. Ингээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Э.М*** цехийг ажиллуулж байсан хугацаандаа 9 сая гаруй төгрөг олсон учраас тухайн олсон ашгаас нь хариуцагч Б.М***т олгуулахаар шийдэж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М*** нь хариуцагч Б.М***т холбогдуулан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, иргэн Б.М*** 10 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.М*** нэхэмжлэлийн шаардлагаа ... Иргэн Б.M*** нь манай Амтат бууз гэдэг нэртэй зехийн бууз банш нь зах зээлд танигдсан, сарын 2-3 сая төгрөгийн ашигтай байдаг, манай цех нь 2 өрөө орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг гээд өөрийн бууз баншны цехээ зарна гэснээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдан авахаар гэрээг байгуулсан. Урьдчилгаа төлбөрт нь 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн боловч ч үйл ажиллагааны тохирлын гэрчилгээг шилжүүлээгүй, цехийн бууз, банш нь зах зээл дээр ямар ч нэр хүндгүй болчихсон, дэглүүрүүд авахгүй байсан. Цаашид удаан хугацаагаар ажиллуулах боломжгүй тул урьдчилгаа мөнгөө буцааж авъя гэхэд Б.М*** мөнгийг чинь өгч чадахгүй гэсэн тул Б.М*** 10 сая төгрөг гаргуулж өгнө үү гэж тодорхойлж байгаа болно.

Хариуцагч Б.М*** нь ... Иргэн Б.М***, Э.М*** нарын хооронд 2015 оны 10-р сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах зээлээр худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар гаргасан Э.Мөх-Эрдэнийн нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй. Дээрхи гэрээг хоёр тал харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулан хуулийн дагуу хийхдээ Иргэний хуулийн 56, 58, 59-р заалтуудыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно гэж тайлбар гарган маргаж байгаа болно.

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдагч тал Б.М*** худалдан авагч Э.М***ийн өмчлөлд Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, 4 дүгээр хороолол, 1-***тоот хаягт байрлах 20 м2 1 өрөө, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч тал худалдагч талд 10 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 12-нд, дараагийн 10 сая төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 45 сая төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны дотор төлж барагдуулахҮл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талууд Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.2-т зааснаар нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болох бөгөөд тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтоохоор зохицуулсан байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т ... хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасан ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан ба иргэн Б.М*** нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчид улсын бүртгэлийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ зэргийг үүргийн гүйцэтгэл хангагдсаны дараа шилжүүлнэ хэмээн хэлсэн ч талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хийгдэх гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх атал худалдагч тал болох Б.М***ын өмчлөлийн гэх Амтат бууз цехийг худалдсан атлаа үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг худалдсанаар гэрээ байгуулсан, мөн дээрхи гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримт, талууын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Дархан Г*** ХХК-ийн өмчлөлийн цех гэдэг нь тогтоогдож байгаа ба худалдах эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасанчлан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг Б.М*** гаргуулан Э.М***д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.М***ын нэхэмжлэгч Э.М***д холбогдуулан гаргасан гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 3 932 500 төгрөг, цахилгаан, дулаан, усны төлбөр 310 660 төгрөг, үйлдвэрлэл явууулаад олох байсан ашиг орлогын алдагдал 2 914 560 төгрөг, нийт 7 157 720 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Б.М*** нь сөрөг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн нотлох баримт, Ситико Аудит ХХК-ийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Сатандарчилал хэмжил зүйн хэлтэс, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл статистикийн газараас зохигчидын хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтад талуудын маргааны зүйл болж Амтат бууз баншны цех нь Д*** ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд тус цехээс хэрэглэгчдэд түгээсэн бууз баншны тооцооны баримт мөн Д*** ХХК-ийн дардас дарагдсан, татвар тайлан тооцоог мөн Д*** ХХК хариуцдаг гэж байгаагаас үзэхэд хариуцагч Б.М*** Амтат бууз баншны цехийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулж байсныг үгүйсгэхгүй ч ашиг, хохиролыг шаардах эрхгүй этгээд байна.

Нэхэмжлэгч Э.М*** 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг Үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай гэж өөрчилсөн бөгөөд тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2621 тоот захирамжийн дагуу тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан байна.

Нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үнэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т гэрээ хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ хэлцэлийн үнийн дүнгээр гэж зааснаар дээрх гэрээний үнийн дүн 65 000 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 482 950 төгрөгийг нэхэмжлэгч Э.М***эс гаргуулан төрийн сангийн 190 000 941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.М***, Э.Мөнх Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 1/*** тоот 20 мкв талбай бүхий 1 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шижлүүлэх, 65 000 000 төгрөгийг худалдагчид төлөх үүрэг бүхий Үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож 10 000 000 төгрөгийг Б.М*** гаргуулан Э.М***д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Хариуцагч Б.М***ын нэхэмжлэгч Э.М***д холбогдуулан гаргасан гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 3 932 500 төгрөг, цахилгаан, дулаан, усны төлбөр 310 660 төгрөг, үйлдвэрлэл явууулаад олох байсан ашиг орлогын алдагдал 2 914 560 төгрөг, нийт 7 157 720 төгрөг гаргуулах сөрөг нэхэжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд төлсөн 174 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*** 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнх Эрдэнэд олгож, нэхэмжлэгч Э.М***эс 482 950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Б.М***ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж ХААН банк 2016 оны 04 дүгээр сарын 12-ы өдөр төлсөн 104 550 төгрөг, Төрийн банк 2016 оын 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 39 880 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогоос гаргуулж Б.М***т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ