Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/00958/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, хүнсид ** тоотод оршин суух Л.М***/РД: ****, утас: ***/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ханжаргалантын ** тоотод оршин суух П.Г*** /РД: ***, утас: ***/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М***, хариуцагч П.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаБ.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Г***той 2006 оноос 2012 оны хооронд гэр бүл болж хамтран амьдарч хоёр хүүхэдтэй болсон. Биднийг хамт амьдарч байх хугацаанд маргаан их гардаг байсан бөгөөд орой унтахдаа хүртэл намайг чимхдэг байсан. Өмнө нь салаад тусдаа амьдарч байх хугацаандаа найзуудтайгаа явж байгаад П.Г***той таарсан учраас найзыгаа хүргэж өгсөн. Манай найзыг хүргэж өгчихөөд буцах замдаа Яасан их шоуддаг юм гээд намайг зодсон. Ажлаа тараад харих замд хүлээж байснаа Хэнтэй уулзаад байгаа юм. Яасан их оройтдог юм бэ? гээд намайг зодсон. Хүмүүсээс туслаач гэж гуйхад туслаагүй. Төрөөд сар болж байхад хаалга онгойлгосонгүй гээд толгой руу аяга авч шидсэн. Энэ үед аав, ээж хоёр дүүтэй ирсэн. Ээж, аав хоёр юм хэлээгүй. П.Г*** нь дүүтэй муудалцаад байсан. Толгой хагараад цус гарч байсан учраас түргэн тусламж дуудсан боловч түргэн тусламж ирээгүй учраас дүүтэйгээ эмнэлэг үрүү явах гээд машинд суухад биднийг явуулаагүй. Мөн энэ үед цагдаа дуудсан. П.Г***т эрүүгийн хэрэг үүсгэсэн тул П.Г*** нь эрүүгийн хариуцлага хүлээхгүйн тулд 1.500.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан. П.Г*** нь чамаас болж өмгөөлөгчид 1.500.000 төгрөг өгсөн. Чамтай дахин хамт амьдарч чамайг нар үзүүлэхгүй гээд байнга дарамтлаж заналхийлдэг учраас гэр бүлээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч үлдэх хүсэлттэй байна том хүү Г.Э*** 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Бага хүүхэд Г.Э***2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Хоёр хүүхдээ салгахыг хүсэхгүй байна. П.Г***той буцаад нэг бүл болон амьдарвал байнгын дарамт шахалтанд байх учраас гэр бүлээ цуцлуулмаар байна, өмнө нь 2 ч удаа шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байсан Хоёр хүүхдээ өөр дээрээ авна. П.Г*** өмнө нь салсан байхдаа Г.Э***тай утсаар ярьдаг байсан. Хэрэв П.Г*** нь эргэж нийлэх бодолтой байсан бол санхүүгийн тусламж үзүүлэх байсан. Хүүхэд сургуулиа төгсөх гээд мөнгө хэрэгтэй байхад утасаар яриулж байж мөнгө авсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2008 онд эхнэртэйгээ танилцаж, 2009 онд гэр бүл болон хоёр хүүтэй болсон. Эхнэр оюутан байсан учраас Эрдэнэт хотод очиж амьдарсан. Эхнэр сургуулиа төгсөөд Дархан-Уул аймагт ирж амьдрахад бид гэр оронгүй байсан учраас хадмынд амьдардаг байсан. Хадам аав ээж бидний амьдралд их оролцдог байсан. Л.М*** жирэмсэн болж байсан бөгөөд хадам ээж ятгасан учраас эхнэр маань үр хөндүүлсэн. Үүнээс болж бидний дунд маргаан үүсэхэд хадам аав намайг зодсон. Энэ үед бид салсан. Л.М*** бидний хооронд маргаан үүсэхэд Л.М*** гэр рүүгээ явчихдаг. Би сайхан амьдарна гэж боддог байсан. Эхнэр хэсэг хугацаанд ажил хийх үед би машин авсан байсан. Би Сэлэнгэ аймгаас гарахдаа Очих гэж байна. Ажил чинь хэдээс тарах вэ? гэж ярьсан. Дархан-Уул аймагт ирчихээд ажил дээр нь очиход ажил нь тарсан утас нь холбогдохгүй байсан. Баруун хараа орчихоод орой хоёр гурван цагийн алдад ирэхэд утас нь дуудаж байхаар нь мессеж бичээд эхнэрийнхээ араас очсон. Эхнэр найзуудтайгаа шоудаж байсан. Авч явах гэж байхад гараар цохигдоод эхнэрийн нүд нөхөрсөн. Энэ үйлдэл нь санаатай үйлдэл байгаагүй. Эхнэр өөр залуутай байсан. Л.М*** нь хүүгээ бодоод надтай буцаж нийлсэн юм шиг байна лээ. Найзууд нь ганц бие хүмүүс байдаг учраас их шоуддаг. Би Д.М***д хэмжээ хязгаартай юманд ханд гэж хэлж байсан. Би сална гэж хэлээгүй. Эхнэрийн хэлж ярьж байгаагаас зарим зүйл нь худал байна. Хүүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Бид ярилцсан. Том хүү надтай байх сонирхолтой. Сардаа ганц нэг удаа хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Хүү аавтайгаа байхыг хүсдэг. Би байгаа бүх зүйлээ эхнэр хүүхэддээ зориулна. Хоёр хүү төрүүлж өгсөн эхнэртээ баярлалаа. Манай хүүхдүүд надтай утасаар ярих дуртай эхнэр яриулдаггүй. Хоёр хүүхэдтэйгээ холбоотой баймаар байна. Өөрт байгаа газраа хүүхдийнхээ нэр дээр шилжүүлье. Өөрийн бүтээсэн зүйлээ эхнэр хүүхэддээ зориулана гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М*** нь хариуцагч П.Г***т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.М*** нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг ... Биднийг хамт амьдарч байх хугацаанд маргаан их гардаг, 2015 оны 07 дугаар сарын 15-наас хойш тусдаа амьдарч байгаа ... гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч П.Г*** нь ... Эхнэр оюутан байсан учраас Эрдэнэт хотод очиж амьдарсан. Эхнэр сургуулиа төгсөөд Дархан-Уул аймагт ирж амьдрахад бид гэр оронгүй байсан учраас хадмынд амьдардаг байсан. Хадам аав ээж бидний амьдралд их оролцдог байсан. Л.М*** жирэмсэн болж байсан бөгөөд хадам ээж ятгасан учраас эхнэр маань үр хөндүүлсэн. Үүнээс болж бидний дунд маргаан үүсдэг ... гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, байх зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэх, цаашид гэр бүлийн хамтын амьдарлыг хэвийн үргэлжүүлэх боломжгүй байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.Э***, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Э***нар төрсөн бөгөөд энэ хугацаанд хэн аль нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан бөгөөд 2015 оноос хойш хүү Г.Э***, Г.Э***нар эх Л.М***асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан хүүхдүүдийн цаашид шаардагдах асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэгт хүүхдийн нас, өсч байгаа орчинг харгалзан эх Л.М*** асрамжид үлдээн шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эх Л.М***, эцэг П.Г*** нар нь асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүрэгтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх тул хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэж 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.Э***, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Э***нарыг эцэг П.Г***оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул хариуцагч Э.Б**** нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 77,542 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 д зааснаар Л.М***/РД: ****/, П.Г*** /РД: ****/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.Э***, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Э***нарыг эх Л.М*** асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.Э***, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Э***нарт эцэг П.Г***оос тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас,насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63-р зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн Хас банк төрийн сан, 190000941 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч П.Г***оос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.М***д олгож, хариуцагч П.Г***оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 77,542 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцалсаны бүртгэлд бүртгүүлж болохыгдурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

8.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

9.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ