Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1017

 

 

 

 

 

         

 

    

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2015/00791/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Оюундарь  би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 2**р баг, Хушаат ** дугаар гудамж, ** тоотод оршин суух Б.Б***/РД: ***, утас: **/-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ** дугаар баг, Сэргэлэн ** тоотод оршин суух Н.Б***/РД:****, утас: ***/-т холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц***,  хариуцагч Н.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц****, хариуцагчийн өмгөөлөгч Д.О***, хэлмэрч Ж.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Б.Б***миний бие нь эхнэр Н.Б***2005 онд танилцаж, 2006 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2006 оны 9 дүгээр сарын 06-ны  өдөр хүү Б.Э***, 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр охин Б.Э***, 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Н***дэнэ нар төрсөн.

Миний бие Б.Б*** болон миний эхнэр Н.Б*** бид хоёулаа төрөлхийн хэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд бид 2005 онд танилцаж улмаар 2006 оны 9 сард эхнэр маань амаржихаар эмнэлэгт хэвтэх үед нь би өөрийн аав, ээж, эгч нартаа эхнэртэй болсон тухайгаа мэдэгдэж эхнэрийгээ гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж, гэртээ дагуулж ирээд хамт амьдрах болсон. Аав, ээж, эгч нар минь тухайн үед бэртэй, ач хүүтэй болсондоо баярлаж 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бидний гэр бүлийг батлуулж, 4 ханатай гэр тааруулж өгөөд эхнэр, хүү бид гурвыг тусад нь гаргасан. 2008 онд дунд охин төрснөөс хойш 2009 оноос бид дөрөв одоо миний амьдарч байгаа байшинд амьдрах болсон. 2012 онд бага охин Б.Н***дэнэ маань төрсөн, 2012 оны 9 сард хүү Б.Э*** маань Дархан-уул аймгийн ЕБ-ийн 4 дүгээр дунд сургуульд 1 дүгээр ангид орж, дунд охин Б.Э*** Дархан-уул аймгийн 13 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан. Миний хувьд бага охиноо гэртээ харж эхнэр маань бага охиныг 6 сартай байхаас ажилд орж ***ХХК-нд оёдолчин хийх болсон. Манай  гэр  бүл  хуучин

Дархан дахь Есүсийн сүмд явдаг байсан ба энэ үеэс буюу 2012 оноос хойш эхнэр маань янз бүрийн муухай зан гаргаж бидний дунд үл ойлголцол үүсэн үе үе хэрэлдэж маргалдах болсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс 1,000,000 төгрөг өгөхөд эхнэр бид хоёр нийлээд 2,000,000 төгрөг авсан ба эхнэр тухайн үед тэр мөнгийг аваад 1,000,000 төгрөгөөр нь гэртээ гал тогооны тавилга, ойр зуурын хэрэглээний зүйл авсан. Харин үлдсэн 1,000,000 төгрөгийг эхнэр авч яваад 3 хүүхдээ орхин 10-аад хоног гэртээ ч ирэхгүй явж байгаад ирсэн ба ирэхдээ ямар ч мөнгөгүй ирж байсан. Тэр үед л би эхнэрийн маань санаа өөрчлөгдөж, гэр бүл, үр хүүхэд, эр нөхрөө бодохоо больсон болохыг ойлгосон. Учир шалтгаангүй уурлаж бухимдаад, намайг гэрээс хөөж, хувцасыг минь гаргаж тавих, намайг хөөж гаргаад хаалгаа түгжээд оруулахгүй байх ээж, аавынхаа ажлыг хийж гэрийнхээ ажлыг хийсэнгүй гэх зэргээр загнах гэх мэт муухай ааш авир гаргаж гэр бүл, эхнэр нөхрийн халуун дулаан уур амьсгал байхгүй болсон. Тухайн үед миний аав, ээж, эгч нар маань бидний амьдралд санаа зовж явдаг Есүсийн сүмийн хэлтэй, хэлгүй найз нөхдөөр маань дамжуулан бидний дунд үүсээд байгаа хүйтэн хөндий уур амьсгалыг өөрчлөх оролдлогыг хийж байсан боловч үр дүнд хүрэхгүй, эхнэр маань зөрүүдлэн зүтгэсээр байгаад 2012 оны 12 сард надаас саллаа гээд 3 хүүхдийг маань аваад Толгойтод амьдардаг эгчийнхрүүгээ явсан. Тухайн үед би болон манай аав, ээж, эгч нар маань явуулахгүйгээр учраа ололцоод амьдрахыг гуйсан боловч зөрүүдэлж, зүтгэсээр яваад өгсөн. Ингэж явах болсон, муухай ааш гаргаж хэрүүл маргаан гарах гол шалтгаан нь Есүсийн сүмд хамт явдаг байсан нэг залуутай дотно харилцаатай болсон байсантай холбоотой болохыг би сүүлд нь мэдсэн. Араас нь хайж уулзах гэж оролдсон боловч хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байсаар сураг гаргахад том хүү, дунд охиныг маань сургууль цэцэрлэгээс нь бичиг баримтыг нь ч шилжүүлж авахгүйгээр гаргаж аваад 3 хүүхдийг маань дагуулаад Увс аймаг руу аав ээжийнхрүүгээ явсан байсан. Одоогоор ***ХХК-нд оёдолчны ажлаа хийж байгаа бөгөөд одоо өөр хүнтэй суугаад жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд би нэг ч удаа хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй, уулзах боломж олгохгүй байсаар өнөөдөр санаж бэтгэрээд байж сууж чадахгүй болоод байна.

Хүүхдийнхээ сургийг гаргаж, олж уулзахаар миний бие аав, ээж, эгчийн хамт Увс аймаг руу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явахаар бэлтгэл хангаад **-р багийн төвөөр орж тодорхойлолт авах гэхэд Н.Б*** 7 дугаар баг руу шилжсэн болохыг мэдсэн. 7-р баг дээр очиж уулзахад эхнэр Н.Б*** дунд охин Б.Э***ийг Увс аймгаас авч ирсэн хамт амьдарч байгаа болохыг мэдээд хаягийг нь авч эгчийн хамт охинтойгоо уулзахаар очиход Н.Б*** уулзуулахгүй гэж хөөж хашгичаад ойртуулахгүй, уулзуулахгүй 3 хүүхдээ чамд нэг ч удаа харуулахгүй гэх зэргээр дайрсан. Уулзах бүх боломжийг хайсан боловч төрсөн охинтойгоо уулзаж чадаагүй учир багийн нийгмийн ажилтан, багийн цагдаа, Хүүхдийн төлөө төв зэрэг төрийн байгууллагын ажилтнуудад учир байдлыг хэлж тэдний тусламжтайгаар 3 жил уулзаагүй охинтойгоо 20-хон минут уулзах боломж олдсон юм. Миний эхнэр Н.Б*** намайг орхин салж явснаас хойших 3 жилийн хугацаанд гурван ч хүнтэй дотно харилцаатай байж, 3 хүүхдийг маань эцгийн хайр халамжнаас салгаж, өөрөө ч хүүхдээ харж хандах үүргээ биелүүлэлгүйгээр Увс аймагт айлд орхиж, одоо өөр нэг хүнтэй сууж жирэмсэн болсон ба хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг минь дур зоргоороо хязгаарлаж, элдвээр дайрч эцэг эх, хамаатан садандаа намайг болон миний ар гэрийнхнийг муу муухайгаар ойлгуулж, өөрөө ямар ч буруугүй мэт аашилж, авирлаж байгаад миний бие туйлын гомдолтой байна. Нэгэнт бидний хамтын амьдрал тусдаа болоод 3 жил өнгөрсөн төдийгүй Н.Б*** өөр шинэ амьдрал зохиож хүнтэй сууж, хүүхэд гаргах гэж байгаа, 3 хүүхдийг минь өөрөө эхийн ёсоор харж хандаж чадахгүй хаа хол Увс аймагт айлд байлгаж, төрсөн эцэг намайг 3 хүүхэдтэйгээ уулзах боломж бололцоо олгохгүй хатуу сэтгэл гаргаж байгаа тул цаашид 3 хүүхдээ би өөр дээрээ авч эцгийн хайр халамжаар төрсөн гэрт нь хар багаас нь харж хандаж ирсэн өвөө, эмээгийнх нь хамт өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт нэхэмжлэгч гаргасан тайлбартаа:

“Б.Б*** миний бие 1979 оны 9 дүгээр сарын 7-нд Дархан-Уул аймагт төрсөн. Төрөлхийн хэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн юм. Бага насаа аав ээж дээрээ асрагдаж байгаад 1987 онд УлаанБ*** хотын тусгай 29-р сургуульд сурч энэ хугацаанд дотуур байранд амьдарч байгаад гэртээ ирсэн. Дарханд ирээд Э*** цогцолбор цургуульд сурч байгаад улмаар МСҮТ-ийн мужааны ангид орж суралцаад 2001 онд сургуулиа төгссөн. Ингээд аав ээж дээрээ амьдарч байхдаа Есүсийн цуглаанд явдаг болж, энэ үедээ Б*** танилцан бие биедээ сайн болж амьдрах болсон. Б*** жирэмсэн болсон гэж хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт хэвтсэн. Энэ үед аав ээждээ би эхнэртэй болж байгаагаа хэлээд төрөхөөс шууд гэртээ гаргаж авсан билээ.

Миний аав, ээж, эгч Б***ыг дэндүү хайрлаж хүндэлж байсан. Бид хоёр хоёулаа хэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй учир бүх л хайр халамжаа зориулж тусалдаг байсан. Тэр бүү хэл хүү Э***ыг миний хүүхэд гэж ойлгож явсан. Сая харин Б***ын амнаас танай Б***ийн хүүхэд биш гэж сонсоод шоконд орж гомдсон миний аав ээж. Бид 2-ын гурван хүүхдийг аав ээж минь өсгөж өгч, Б*** ажлаа хийхдээ ардаа санаа зовох юмгүй явдаг. Тийм ч учраас төрөөд л хүүхдээ 4-6 сар болгоод л ажилдаа ордог байсан.

Энэ хүн шүүхэд арай дэндүү худлаа бичжээ. Миний аав ээж бид хоёрын гэрлэлтийн 500,000 төгрөгийг авч, мөнгө нэхэж дарамталдаг нь бүү хэл байнга тусалж харин ч дутвал өгч, хайр халамжаа бидэнд л зориулж гэр барин тусад нь амьдруулж байсан. Үүнийг ойр хавь орчны айл танилууд бүгд гэрчилнэ. Б*** өөрөө муухай ааштай, зөрүүд, үргэлж уурлаж орилж хашгиран хөөж цохиж намайг гэрээс гаргаж байж уур нь гардаг. Ээжийн маань толгой руу цохиж байсан ч удаатай. Намайг охиноо оролдсон, хүүхдийн хөл хугалсан мэт арай дэндүү гүтгэсэн байна. Би гомдолтой. Тийм байсан юм бол тухай үедээ яагаад цагдаа болон хуулийн байгууллагад мэдэгдээгүй юм. Өөрөө л өөр хүнтэй болоод салахын түүс болоод орон гэрээ хаяад оргоод явсан. Одоо тэр залуутайгаа амьдраад хүүхэд гаргаад сууж байна. Үүнээс болж миний  3 хүүхэд өнчирч хаа хол Увс аймагт аав ээж дээр нь байна.

Би үүнийг нь зөвшөөрөхгүй шалгадаг газраар нь шалгуулж хүүхдээ авна. Би хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй хүн. Би үр хүүхдээ өөрөө асран тэтгэж, өсгөж эцэст нь үр удмаа үлдээж тэднээр хөлөө хучуулах эрхтэй гэж өөрийгөө үзэж байна. Ер нь хүүхдээ эцэг эх нь өөрсдөө л өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй гэж би ойлгох юм. Намайг аав байх эрхгүй гэж хэн ч тогтоогоогүй шүү дээ. Б*** гэр бүлийн талаар олон удаа тогтворгүйтсэн. Бид хоёул ижил хөгжлийн бэрхшээлтэй учир би юу ч хэлэлгүй гурван хүүхдийн минь эх юм гэж хүндэлж хайрласаар ирсэн. Эцэст нь өөрөө явах мөрөөрөө явахгүй хүүхдүүдийг минь элэг бүтэн амьдралыг минь сарниаж, хойд эцгийн гар харуулах болж эцгээс нь салгаж байгаад нь маш их гомдолтой байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Б***миний дүү эхнэр Н.Б***2006 онд гэр бүл болсон. Хамтын амьдралын хугацаанд 2006 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Б.Э***, 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр охин Б.Э***, 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Н***дэнэ нар төрсөн. Гэнэт нэг өдөр саллаа гээд бага 2 хүүхдээ аваад оргоод явчихсан. Манай ээж, аав хотоос том хүүг нь авч ирээд хүрээд ирнэ байх, 3 хүүхэдтэй юм чинь салахгүй байх гэж бодоод хүүхэд чинь ирсэн гэж хэлсэн чинь манайд ирээд хүүхдээ аваад явчихсан. Дараа нь харин Увс аймаг явсан сураг байсан. Манай аав, ээж, дүүгийн хамт Увс аймаг руу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явахаар бэлтгэл хангаад 2-р багийн төвөөр орж тодорхойлолт авах гэхэд Н.Б*** 7 дугаар баг руу шилжсэн болохыг мэдсэн. **-р баг дээр очиж уулзахад эхнэр Н.Б*** дунд охин Б.Э***ийг Увс аймгаас авч ирсэн хамт амьдарч байгаа болохыг мэдээд хаягийг нь авч эгчийн хамт охинтойгоо уулзахаар очиход Н.Б*** уулзуулахгүй гэж хөөж хашгичаад ойртуулахгүй, уулзуулахгүй 3 хүүхдээ чамд нэг ч удаа харуулахгүй гэх зэргээр дайрсан. Уулзах бүх боломжийг хайсан боловч төрсөн охинтойгоо уулзаж чадаагүй учир багийн нийгмийн ажилтан, багийн цагдаа, Хүүхдийн төлөө төв зэрэг төрийн байгууллагын ажилтнуудад учир байдлыг хэлж тэдний тусламжтайгаар 3 жил уулзаагүй охинтойгоо 20-хон минут уулзах боломж олдсон юм. Салах болсон шалтгаан нь Б*** өөр хүнтэй сууж хүүхэд гаргасан болохоор эргэж нийлнэ гэсэн ойлголт байхгүй. Хамгийн гол нь 3 хүүхдийн аавтай нь уулзуулахгүй байгаа юм. Манай дүү үнэхээр хэцүү байдалд байна. Сая бүүр амиа хорлоно гэж байсан. Манай зүгээс 3 хүүхдийг асрамжиндаа авъяа гэж байгаа юм. Миний хувьд 3 хүүхэдтэй, 2 охин маань дээд сургуулиа төгссөн.  Бага хүү маань одоо ** дугаар ангид сурдаг. Гурван хүүхдээ өгөхгүй гэвэл ядаж Б.Э***ийг өгчих бид нар өсгөөд эрдэм номтой сайн хүн болгож чадна.

Салах болсон шалтаан нь Б*** хөөдөг гээд байсан юм. Хэрвээ хөөдөг байсан бол одоо ингээд ардаас нь амиа хорлоно гээд гүйхгүй байх байсан. Б*** энд байхдаа 2-3 залуутай суух гэж байсан удаатай дэл сул явдлаасаа болоод өөрөө гэрээсээ гараад явсан. Нэг удаа муудалцаад байна гээд дуудаад шөнийн 11 цагт очиход Б*** гадаа хүүхдүүдтэйгээ гарчихсан Б*** хувцасыг гаргачихсан Б***ийг гаргасан цагт гэртээ орно гээд байсан. Тэгээд би Б***ийг гэртээ авч хоноод Б***ыг гэрт нь хонуулсан. Б***ийг тэндэг гээд байх юм. Б*** төрөөд 3 сар болоод ажилдаа орчихдог байсан. Хүүхдүүдийг бид нар өсгөдөг байсан. Түрхэн зуурын хүнд хууртагдаад гэрээсээ гараад явсан. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд Б*** хүргэж өгдөг хааяа Б*** авдаг гэхдээ 60-70 хувьд нь Б*** хүүхдүүдээ авдаг авч, гэр орноо цэвэрлээд хоол ундаа хийдэг байсан. Эцэг эхийн хуралд манай ээж суудаг байсан. Охиноо оролдсон гэж байна. Энэ асуудлыг мэдэхгүй байна. Нэг ч удаа намайг цагдаагаас дуудаж байгаагүй. Миний дүү хүүхдүүдээ хайрлах хайр нь дэндсэн үү гэх байх. Э*** нэгдүгээр ангид сурч байхад нь аваад явсан охин нь аавдаа агаа ямаа маллаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Увс аймгийн 2 дугаар 10-н жилээс сургалж үзэхэд байхгүй гэж хэлж байсан. Сая эвлэрүүлэн зуучлал дээр ирэхэд Э***ыг манай дүүгийн хүүхэд биш гэдгийг мэдсэн. Манайхны хувьд Э***ыг манай дүүгийн хүүхэд биш гэсэн бодол байхгүй. Б***ын хувьд зөвхөн хүүхдийн тэтгэлэг авах гэж хүүхдүүдээ өөртөө авна гээд байгаа юм. Яагаад гэвэл надад 50,000,000 төгрөг хэрэгтэй байна өг гэж хэлж байсан удаа байгаа.

Мэссеж бичдэг гэхээр би гайхаад байна. манай дүү гарын үсгээ зурж чаддаг. Бичиг үсэг мэддэггүй. Утас байдаг учир нь 3G гээр дүрсээ харж ярьдаг. Ямар ч гэсэн 1 хүүхдийн авмаар байна. Миний дүү айлын ганц хүү. Хамаагүй Э***ыг байсан ч авъя. Бид нар хүний хүүхэд гэж алаг үзэхгүй. Нэг өдөр Б***тай цуг ажилладаг хүн нь манай ээжид Э***ийн гутал урагдчихсан явж байна лээ гэж хэлэхээр нь гутал хүртэл авч өгч байсан. Ямар ч байсан нэг хүүхдийг нь авмаар байна. Өгөхгүй гэвэл 7 хоногт 2 удаа аав дээрээ болохгүй бол улирлын амралтаар уулзуулах эрхийг нь өгчих юм бол би уулзуулаад байж чадна. Нэг удаа 5 минут уулзахдаа газар шааж манай дүү уйлж байсан” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2015 оны 06 дугаар сарын 28-нд Б***ийн эгч нь над дээр ирээд уйлаад энэ асуудлын талаар хэлсэн юм. Тэгээд би зөвлөгөө өгөөд хүүхдүүдтэй нь уулзуулсан. Б***ийн хувьд айлын ганц хүү өвчний улмаас хэлгүй, дүлий болсон. Хүүхдүүдээ аваад 3-4 цаг манай өрөөнд уулзахад хүүхдүүд нь хэрэгт өгсөн мэдүүлгээс өөрөөр хэлж байсан. Хүүхэд оролдсон, хөлийг нь хугалсан гэж байна яагаад цагдаад өгөөгүй юм. Ингэж хүнийг худлаа гүжирдэж болохгүй. Б*** бол хамтран амьдрагчтайгаа 2013 онд танилцаад 2014 онд хамт амьдраад 2015 онд хүүхэд гаргасан байсан. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёрын өгч байгаа мэдүүлэг зөрүүтэй байна. Нотлох баримтаар өгсөн зургийг хараарай хичнээн их аз жаргалтай харагдаж байгаа гэдгийг. Оёдолчин бол өглөө гараад орой орж ирдэг ажил. Энэ хугацаанд 3 хүүхэд нь хойд эцгийн гар дээр өсч байна. Харин ч тэр хүнийг ямар гэдгийг нь мэдэхгүй байна. Төрсөн эцгээс нь илүү хүн гэж энэ хорвоод байхгүй. 7 жил хамт амьдарчихаад одоо яагаад зодоон нүдээн гардаг байсан талаар яриад байна. Гэр бүлд маргаан гардаг. Б***ийн хувьд 3 хүүхдээ авахыг хүсч байгаа, болохгүй бол нэг ч гэсэн хүүхдээ өөрийн асрамжинд авъяа гээд байгаа юм. Иймд гэр бүлийн тухай хуулинд зааснаар Э*** эцгийнх нь хажууд үлдээх нь зүйтэй юм. Б***ийн хажууд байгаа хүмүүс үнэхээр агуу мундаг хүмүүс байдаг. Гэр бүлээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх ямар нэгэн байдлаар эхийнх нь асрамжид 3 хүүхдийнг нь үлдээх юм бол шүүхээс аавтай нь уулзах эрхийг нь даалгах хэрэгтэй. 7 хоногт 2 удаа, хичээлийн амралтаар гэх маягаар даалгах хэрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж байна. Монгол улсын ямар ч хуулинд эцэг нь хүүхэдтэйгээ уулзахгүй байх гэсэн заалт байхгүй. Хүүхдийн элэг гэж байдаг хүүхдүүд чинь 18 нас хүрээд яагаад аавыг маань орхиод явчихсан юм гэдэг асуулт гарч ирнэ шүү. Хүүхдэд хамгийн гол нь энэ чиний аав шүү гэж ойлгуулж байх хэрэгтэй байна” гэв.

   

 

Хариуцагч шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

“Н....овогтой Б*** миний бие Б.Б***той 2006 оны 10 сард гэр бүл болсон.Бидний хамтын амьдралын хугацаанд 2008 оны 03 дугаар сарын 12-нд охин Э***, 2012 оны 03 дугаар сарын 02-нд охин Н*** нар төрсөн.

Н. Б*** миний бие ***ХХК-д оёдолчноор 2004 оноос хойш ажиллаж байгаа. Б***той суухын өмнө энэ хүнтэй танилцаж байгаагүй тэр ч байтугай нэг ч удаа харж байгаагүй болно. Намайг 2006 оны 8 дугаар сарын 30-нд анхны хүүхдээ төрүүлэхээр хэвтэж байхад гэнэт Б*** гэх хүн намайг эргэхээр ирсэн. Би ямар учиртай хүн яах гэж ирсэн тухай асуухад би чамайг урьд нь харж байсан би чамайг хүүхэдтэй чинь хайрлаж чадна гэж байнга гуйдаг байсан дараа нь Б***ийн аав ээж гэх хүмүүс над дээр ирж миний хүүгийн эхнэр болооч гэж байнга гуйдаг байсан. Тухайн үед би дүү Ц***той хамт амьдардаг байсан болохоор миний дүүгээс гуйж, Б***ыг эмнэлгээс гарахаар бид шууд гэртээ гаргаж авна гэж гуйдаг байсан. Миний хүү Э***ыг Б***ийн хүүхэд биш гэдгийг гэрийнхэн нь бүгд мэддэг байсан. Тэгээд 2006 оны 9 дүгээр сарын 06-нд миний хүү Э*** төрсөн. Ингээд би эмнэлгээс гараад Б***ийн аав Б***ынд 1 жил 4 сар амьдарсны дараагаар хашаанд нь хуучин байшинд амьдрах болсон. Энэ хугацаанд хадам ээж байнга дарамталдаг, орой ажлаас ирэх бүрд мөнгө нэхдэг уурлаж уцаарладаг хажууд нь хамт амьдрахад маш хэцүү байдаг байлаа. Хамт амьдарч байх хугацаанд Б***ийн аав ээж гэрлэлтийн 500 мянган төгрөг авсан байсан. Би үүнийг сүүлд олж мэдсэн. Мөн намайг 1,000,000 төгрөг авсан гэсэн байсан. Би тэр мөнгийг тухайн үед гэр оронгоо тохижуулсан. Үүнд: хөргөгч 340,000 төгрөг, ор 190,000 төгрөг, шаландаа дрож 120,000 төгрөг, гал тогооны шүүгээ 250,000 төгрөг тус тус зарцуулсан бөгөөд үлдсэн мөнгөөр нь хоол ундаа авсан. Намайг тухайн үед мөнгөгүй байсныг минь найз нь мөн сүмийнхэн гэрчилнэ. Б*** намайг жирэмсэн байхад зоддог байсан. Зодох бүрд нь би дүүгээ дууддаг байсан. Миний дүү Солонгос явсанаас хойш намайг бүр их зодож дарамтлах болсон. Тэгээд би явах гэхээр явуулдаггүй мөн аав ээж нь явуулахгүй гэж гэрт цоожилдог байсан. Б*** хутга барьж өөрийгөө эсвэл чамайг ална гэж дайрдаг байсан. Би энэ хүнээс үнэхээр ичдэг айдаг байсан уурлахаараа энэ хүн хүүхдүүдийнээ дэргэд хамаг хувцасаа тайлж гудмаар чармай шалдан гүйж орилдог байсан. Мөн миний хүү Э***ыг гэртээ гүйж тоглож байхад зурагт үзүүлсэнгүй гэж хүүхдээ газарт савж баруун хөлийг нь хугалсан. Миний дүү Ц***од Б*** аав ээжтэйгээ нийлж миний хүүг худганд унаж хөлөө хугалсан гэж ойлгуулсан (утсаар ярьж).  Би энэ бүхнийг тэвчихгүй явлаа гэж ээж, аав, ах, дүү нарт нь хэлэхэд намайг гэрт цоожилдог байсан. Би найз нартайгаа гэртээ байхад хадам ээж миний найзуудыг хөөдөг байсан. Мөн миний нөхөр Б*** үнэхээр сэтгэцийн гаж юм хийсэн. Миний бие бага охин Номин-Эрдэнийг төрүүлээд гэртээ нялх биетэй байхад дунд охин Э*** 3 настай байсан. Би төрөөд удаагүй байсан тул бага охинтойгоо орон дээр унтдаг, нөхөр 2 том хүүхэдтэйгээ газраар унтдаг байсан. Нэг шөнө би сэрээд гэрэл асаатал Б*** охиныхоо умай руу хуруугаа хийчихсэн охин маань уйлж байсан. Мөн бага  охиноо хэдхэн хоногтой байхад нь уйлаад байна гээд орон дээр шидэж байсан. Би аав ээжид нь хэлсэн гэвч Б***ийг өмөөрч байсан. Ийм болохоор 2012 оны 12 сард би 3 хүүхдээ аваад Увс аймаг руу аав ээжийндээ очсон. Ингэж явахдаа би энэ хүнтэй хэзээ ч нийлэхгүй гэж бүрэн шийдсэн. Бас би 3 хүүхдүүдээ энэ аймшигтай хүнд хэзээ ч өгч чадахгүй. Одоо энэ хүн бүхэл бүтэн 3 жилийн дараа гарч ирж хүүхдүүдээ авна гэж байна. Тухайн үед намайг Увсад байгааг мэдэж л байсан бөгөөд хүүхдүүддээ гэж санаа зовж байсан бол энэ 3 жилийн хугацаанд ирж болох л байсан. Би хүүхдүүдээ Увсд 1 жил харж ганцаараа энэ 3 жилийн хугацаанд өсгөн тэжээсэн. Ажил хийхийн эрхэнд би хуучин ажилдаа орж ажилласан. Үлдсэн 2 жилийн хугацаанд цагаан сарын үеэр амралтаараа очиж хүүхдүүдээ хардаг, зун нь хүүхдүүдээ Дарханд авчирч өөр дээрээ байлгадаг. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэи хүн учраас ярьж сонсож чадахгүй тул ярьж хэлж сонсож чаддаг ах дүү аав ээж нартаа 3  хүүхдээ байлгаж эрдэм боловсролтой хүн шиг хүн болгож байгаа. Би 3 хүүхдүүдээ хэнээр ч дутахгүй хувцаслаж хооллож өсгөж байгаа.

Иймээс гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 3  хүүхдээ ийм хүнд өгч чадахгүй учраас өөрийн асрамжинд үлдээхийг хүсэж байна.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би Б*** овогтой Б***той 2006 оны 10 сард гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2008 оны 03 дугаар сарын 12-нд охин Э***, 2012 оны 03 дугаар сарын 02-нд охин Н*** нар төрсөн.Н.Б*** миний бие ***ХХК-д оёдолчноор 2004 оноос хойш ажилаж байгаа. Б***той суухын өмнө энэ хүнтэй танилцаж байгаагүй тэр ч байтугай нэг ч удаа харж байгаагүй болно. Намайг 2006 оны 8 дугаар сарын 30-нд анхны хүүхдээ төрүүлэхээр хэвтэж байхад гэнэт Б*** гэх хүн намайг эргэхээр ирсэн. Би ямар учиртай хүн яах гэж ирсэн тухай асуухад би чамайг урьд нь харж байсан би чамайг хүүхэдтэй чинь хайрлаж чадна гэж байнга гуйдаг байсан дараа нь Б***ийн аав ээж гэх хүмүүс над дээр ирж миний хүүгийн эхнэр болооч гэж байнга гуйдаг байсан.Тухайн үед би дүү Ц***той хамт амьдардаг байсан болохоор миний дүүгээс гуйж, Б***ыг эмнэлгээс гарахаар бид шууд гэртээ гаргаж авна гэж гуйдаг байсан. Миний хүү Э***ыг Б***ын хүүхэд биш гэдгийг гэрийнхэн нь бүгд мэддэг байсан. Тэгээд 2006 оны 9 дүгээр сарын 06-нд миний хүү Э*** төрсөн. Ингээд би эмнэлгээс гараад Б***ийн аав Б***ынд 1 жил 4 сар амьдарсны дараагаар хашаанд нь хуучин байшинд амьдрах болсон. Би Б***той амьдарч байхад их хэцүү байсан. Б*** тэнээд явчихдаг, манай хүүхдүүд айгаад ширээн доор нуугддаг цагдаа бас дуудаж өгч байсан. Салах болсон шалтгаан нь Б*** өөрөө яв гээд байдаг байсан. Хүйтэнд хүртэл гэрээсээ хөөж гаргаж байсныг эгч нь мэднэ. Б*** их ууртай, зүрх нь өвдөж тариа хийлгэж, эмнэлэгт хүртэл хэвтдэг байсан” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний эгч Б***той 2006 оны 08 сард гэр бүл болсон. Б*** гэдэг залуу гэнэт гараад ирсэн. Тухайн үед би эгчтэйгээ амьдардаг байсан. Нэг өвгөн, эмгэн хоёр ирээд өөрийнхөө асрамжид авна гээд байсан. Би тухайн үед жаахан байсан болохоор учрыг нь ойлгоогүй. Тэр жилдээ 10 сард гэрлэлтийг нь батлуулсан юм байна лээ. Эхний 2 хүүхэд төрөх хүртэл сайхан байсан. Тэгээд 3 дахь хүүхэд жирэмсэн болсон үеэс маргалдаж эхэлсэн. Маргалдах бүрт нь би очдог байсан. Миний хувьд 2010 онд Солонгос уруу явсан болохоор 2010-2012 оны хооронд болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Манай тайлийгаач эгч бол сайн мэдэх байсан. Э***ыг худагнаас унаад хөлөө хугалсан гэж байсан чинь аав нь цохиод хөлийг нь хугалсан байсан. Дараа нь бүүр 4 настай охиноо оролдлоо гэж байсан. Б***оос салаад 2 сар болсны дараа манай эгч Б*** эгчийг хүүхдүүдтэй нь Увс уруу явуулъя гэхээр нь би мөнгө өгөөд явуулсан. Одоо Б*** эгч нөхөртэй хүүхэдтэй болсон болохоор гэрлэлт цуцалж, хүүхдүүдээ эгчийн асрамжид авах саналтай байна. Б*** ална гэсэн утгатай янз бүрийн зураг бичлэг явуулдаг байсан. Хүүхдүүдтэйгээ уулзах гээд хүмүүстэй очиход уулзуулахгүй байсан гэсэн. Энэ хүмүүс чинь жирийн хүмүүсийг бодвол ойлголт муутай болохоор авч явах гэж байна гэж ойлгосон байсан юм байна лээ би тэгээд эхнэртээ хэлж байгаад уулзуулсан. Б***ийн аав, ээж бол үнэхээр мундаг хүмүүс. Энэ хүмүүс угаасаа бусдын дэмжлэггүйгээр амьдархад хэцүү байдаг.

Хүүхдүүдийг ээжээс нь салгамааргүй байна. Хүүхдийн тэтгэмж ч авахыг хүсэхгүй байна. Манай аав, ээж малчин одоо аймийн төвд байранд амьдарч байгаа хэнээс ч дутахааргүй сайхан амьдарч байгаа. Н***хувьд эцгийгээ танихгүй тийм болохоор уулзуулмааргүй байна. Б*** их ууртай, ална хоолой хэрчинэ гэж бичлэг явуулж байсан. Тийм хүнд хүүхэд өгөх хэцүү байна.

Миний хувьд уулзуулж болно. Хүүхдийн асрамжийн хувьд 3 хүүхдийг эгчийнхээ асрамжид авна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хуулийн хүрээнд ярина. Хүүхдийн асрамж үнэхээр хэцүү харагдаж байна. Яг өнөөдрийн хувьд хүүхэд асран хүмүүжүүлэх үүрэг үргэжилж байна. Эхийнхээ асрамжид байгаа. Хамт амьдарсан хугацаанд эцэг, эхийн асрамж, хайр энэрэлийг үгүйсгээгүй. Хүүхдүүдтэй уулзуулаагүй талаар манай тал алдаа гаргасан. Гэхдээ төрийн нэрийн өмнөөс явуулж байгаа шүүх хуралыг ойлгохгүй гарч явж байгаа хүнд хүүхэд өгнө гэж байхгүй. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамжийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү. Хүүхэдтэй уулзаж болно” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б*** нь  хариуцагч  Н.Б***т  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид 2006 оны   10 дугаар сарын 20-ны  өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн, гэрлэгчдийн  тэгш эрх эдэлж,  адил үүрэг хүлээн хамтран амьдарч байсан байна.

Нэхэмжлэгч  Б.Б***   нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг ... Есүсийн сүмд хамт явдаг байсан нэг залуутай дотно харилцаатай болсон. Одоо Н.М*** хамт амьдарч хүүхэд төрүүлсэн ...   гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч  Н.Б***   ... Намайг 2006 оны 8 дугаар сарын 30-нд анхны хүүхдээ төрүүлэхээд хэвтэж байхад гэнэт Б*** гэх хүн намайг эргэхээр ирсэн. Би ямар учиртай хүн яах гэж ирсэн тухай асуухад би чамайг урьд нь харж байсан би чамайг хүүхэдтэй чинь хайрлаж чадна гэж байнга гуйдаг байсан. Б*** намайг жирэмсэн байхад зоддог байсан. Зодох бүрд нь би дүүгээ дууддаг байсан. Нэг шөнө би сэрээд гэрэл асаатал Б*** охиныхоо умай руу хуруугаа хийчихсэн охин маань уйлж байсан. Мөн бага  охиноо хэдхэн хоногтой байхад нь уйлаад байна гээд орон дээр шидэж байсан, одоо өөр хүнтэй сууж, хүүхэд төрүүлсэн ... гэж тайлбарлаж байгаа болно.

Нэхэмжлэгч Б.Б***, хариуцагч Н.Б*** нар буюу гэрлэгчид нь 2002 оноос хамтран амьдарч 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн амьдарч байсан хэдий ч 2012 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд  хэн аль нь сонсголын болон ярих хөгжлийн бэрхшээлтэйн улмаас өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талаар чадвар дутмаг байгаа тул хэн алиных нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хэлмэрчийг шүүх  хуралдаанд оролцуулсан болно.

 Гэрлэгчид сонсох, хэл ярианы талаар хөгжлийн бэрхшээлтэйн улмаас хэн алиных нь гэр бүл хамаатан садан тэднийг гэр бүлийн хамтын амьдралаа хэвийн авч явах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд нь тусалсаар ирсэн бөгөөд гэрлэлт цуцлуулах шалтгаан нөхцөлийн талаар маргахгүй байгаа болно.

Иймд Б.Б***, Н.Б*** нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй,  байх зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэх, цаашид гэр бүлийн хамтын амьдралыг хэвийн үргэлжүүлэх боломжгүй байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.Б***  шүүх хуралдааны эхлэлийн үед  хуралдаан даргалагч  шүүх хуралдааны үеийн эрх, үүргийг тайлбарлаж өгөх явцад ... миний хүүхдүүдийг надаас салгах гэлээ, намайг хорих гэж байна ... гэж дохионы хэлээр ойлгуулан, сэтгэл санааны тогтворгүй байдал гаргасан тул түүний эгч Б.Д*** хүсэлтээр эцэг, эхийн асрамжид хүлээлгэн өгч, шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн оролцоогүйгээр явуулан, түүний шүүхэд гаргасан хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзсэнийг дурьдаж  байна.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд  2006 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр  хүү Б.Э***, 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр   охин Б.Э***, 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр   охин Б.Н***дэнэ нар төрсөн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн хамаатан садангийн  тусламжтайгаар тэжээн тэтгэх, асран хамгаалах, суурь боловсорол эзэмшүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлж байсан нь талуудын тайлбар, итгэмжлэгдсэн төлөлөөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг  Б.Б***, эх Н.Б*** нар  нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс  эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй ч Дархан-Уул аймаг, Увс аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн шинжээч нарын дүгнэлтээр энэхүү   эрх, үүргийг гэр бүл хамаатан садны болон асран хамгаалагчдын хамтын дэмжлэгүйээр хэрэгжүүлэх боломжгүй, хүүхдүүдэд нь анхаарал халамж тавих хамаатан садан зэргийн саналыг  харгалзах нь зөв гэснийг харгалзан үзэж Б.Э***, Б.Э***, Б.Н***дэнэ нарыг эх Н.Б***, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц***, түүний гэр бүлийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчид хөгжлийн бэрхшээлтэйн улмаас болон орчны нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүйн улмаас хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх талаар тохиролцоохгүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч хүүхдүүдийг эцэгтэй нь уулзуулж үүссэн нөхцөл байдал, сэтгэл зүйн хямралыг даван туулахад  нөлөөтэй, мөн өөрөө англи хэлний багш мэргэжилтэй тул хүүхдийн боловсоролд анхаарч байна гэж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар хүүхдүүдийн өмнө хүлээх эрх үүргйг хэрэгжүүлэхэд зарим үүргийг шүүх хуваарилах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай  хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдэээ эрүүл чирэг өсгөн бойжуулах сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учиртай бөгөөд хүүхдийн хөгжих эрхийг хэрэгжүүлэхэд эцэг эх нь туслах үүрэгтэй  болно.

2006 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн  хүү Б.Э***, 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр   төрсөн  охин Б.Э***, 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр   төрсөн охин Б.Н***дэнэ нартай эцэг Б.Б***ыг итгэмжлэгдсэн төлөөлөгч эгч Б.Д*** хамт  7 хоногийн Бямба гариг бүрт өвлийн улиралд  өглөөний 11-00 цагаас  оройн 17-00 цаг, зуны улиралд өглөөний 10-00 цагаас оройн 19-00 цаг хүртэл авч, хамт байх боломжоор хангахыг  Н.Б***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дүү Н.Ц*** нарт даалгаж, сургуулийн өмнөх  болон бага боловсрол эзэмшүүлэх, чөлөөт цаг, амралтыг өнгөрүүлэх, хүүхдийн хөгжих эрхийг хэрэгжүүүлэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах зэрэг дээр харилцан зөвшилцөж байхыг, хамт байх хугацаанд хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг талуудад даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Б***/РД: ***/, Н.Б***/РД:***/ нарын гэрлэлтийг цуцалсугай.                                                

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар  хүү Б.Э***, охин Б.Э***, охин Б.Н***дэнэ нарыг эх Н.Б***, итгэжмлэгдсэн төлөөлөгч Н.Ц***, түүний гэр бүлийн  асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.5-д засныг баримтлан хүү Б.Э***, охин Б.Э***, Б.Н***дэнэ нарыг насанд хүртэл нь эцэг Б.Б***той итгэмжлэгдсэн төлөөлөгч эгч Б.Даваацэцэгийн хамт  7 хоногийн Бямба гариг бүрт өвлийн улиралд   өглөөний 11:00 цагаас  оройн 17-00 цаг, зуны улиралд өглөөний 10:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл авч, хамт байх боломжоор хангахыг  Н.Б***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дүү Н.Ц*** нарт даалгаж, сургуулийн өмнөх  болон бага боловсрол эзэмшүүлэх, чөлөөт цаг, амралтыг өнгөрүүлэх, хүүхдийн хөгжих эрхийг хэрэгжүүүлэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах зэрэг дээр харилцан зөвшилцөж байхыг талуудад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б***ийн ХААН банк Төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тушаасан  улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.Б***ид буцаан олгуулж, нэхэмжлэгч Б.Б***оос  нэг жилд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцалсаны бүртгэлд бүртгүүлж болохыг  дурьдсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

9.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУНДАРЬ