Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 991

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/00757/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух Т.Н***/РД: ***, утас: ****/-гийн

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг ** дугаар хороолол, ** дугаар байр ** тоотод оршин суух Н.Б***/РД: ****, утас: ***/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, 2002 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн охин Б.Мандуухайд асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н***, хариуцагч Н.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогтнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нөхөр Н.Б***той 2002 онд танилцаж 2006 онд гэр бүлээ баталгаажуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2002 оны 11 дүгээр сарын 29-нд охин Б.М***нь төрсөн. Амьдрах хугацаанд эхний 5-6 жилд сайхан амьдарсан. 7-10 жилд архи ууж ажлаас ирэхэд агсам тавьж, гэрээс хүүхэд бид хоёрыг хөөж харанхуй шөнө гаргаж, ажил төрөл дээр хэрүүл үүсгэж зодолддог байсан. Энэ хүнийг эмчилгээнд ээжтэй нь хамт архинаас гаргах гэж удаа дараа явсан боловч сар болоод гэрээ 0.3, 0.5 л архийг ганцаараа ууж ажил төрөлдөө явахгүй гэртээ байж байдаг байсан. Амьдрах гэж сүүлийн 3 жил нь аяыг нь олж амьдрах гэж үзсэн боловч амьдарч чадаагүй. Миний хувьд тэвчээр барагдсан, 2011 оны 4 сард гэрээсээ охинтойгоо явсан. Одоо тус тусын амьдралтай болоод 6 жил бол байна. Ийм учраас гэрлэлтээ цуцлуулж, охин хүүхдээ өөрийн асрамжинд авахыг хүсэж байна. Хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй.

Тусдаа амьдрах болсон шалтгаан нь би ажилд шинээр орсон байсан болохоор чөлөө тэр болгон өгдөггүй байсан. Тэгээд Н.Б*** гэрээ хүүхдээ хараад үлддэг. Ажил тараад ирэхээр хааяа ухаангүй болтлоо архи уучихсан байж байдаг байсан. Маш иххэрүүлийн зөрчилдөөн гаргадаг байсныг ээж, дүү нар нь мэдэж байгаа. Манай охин Зүүнхараад манай эгчийнд байхад Н.Б*** авч яваад Дарханд **-р сургуульд оруулчихсан байсан. Охин маань аав дээрээ очно гэхээр би явуулдаг. Тэгээд сарын дараа хэцүү байна намайг ав гэж хэлдэг. Надад ч гэсэн айх зүйл байдаг архидаж байгаад согтууд цугтаа байсан хүмүүс нь охиныг маань оролдчихвол яана гэж санаа зовдог. Охиноо өөр дээрээ авмаар байна. Одоо манай охин Улаанбаатар хотод сурдаг ** дугаар анги. Өөрөө англи хэлний сонирхолтой, хичээл нь наашаа цаашаа явсаар байгаад жаахан цалгардсан байгаа. Хоёр талд өссөн болохоор гэрийн ажилд муу бараг юм хийж чаддаггүй. Ийм учраас гэрлэлтээ цуцлуулж, охин хүүхдээ өөрийн асрамжинд авахыг хүсэж байна. Хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно, яаж өгөхөө өөрөө мэднэ биз. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь эхнэр болох Т.Н***тай 2002 онд танилцаж, 2006 онд гэр бүлээ батлуулсан. 2002.11.29 нд охин Б.М*** төрсөн. Н*** хэлсэнээр эхний хэдэн жилдээ сайхан амьдарч байсан. Охин М*** сургуульд орох болж манайх Дархан нүүж орж, Би Дарханд ажилд орж охиноо сургуульд оруулсан. Т.Н*** нь Дарханаас хөдөө явж ажиллах болов. Хааяа архи уудаг болсон нь үнэн. Н***гийн хэлснээр эхний хэдэн жилдээ сайхан л байлаа.Дархан орсноор эхэндээ хоёр талд ажлаа хийгээд хэн нэг нь завтай үедээ хүүхэд гэр орноо хариуцдаг байв. Сүүлийн хэдэн жилээс ажлаасаа бууж гэртээ ирэхгүй утсаар ярихаар ямар нэгэн саад хэлж, машин тэрэг унаж алга унадаг болсон. Сүүлдээ утсаар ярихаар энд тэнд амралт, найз нөхөдтэйгөө явна гэж уурладаг болсон. Охиноо би сургуульд хүргэж авдаг, ээж маань охин бид хоёрт тусалдаг байсан. Ээж маань бид хоёрыг нийлүүлэх гэж их явсан. Т.Н*** нь ээлжийн ажилтай байсан ээлжинд гарах болоогүй байхад худал ярин явдаг болсон. Нэгэн залуутай болж түүнтэйгээ Сэлэнгэрүү явдаг болсон. Зарим үед гэртээ ирж гар утсаа хаасан үед цонх хаалга нүддэг байв.Нэг удаа охин бид хоёрыг гэрт унтаж байхад байрны цонх хүртэл хагалж байсан. Охин Б.М***г бага ангид байхад нь би асарч байсан. Сүүлийн 3, 4 жил Н*** асарч байгаа. Т.Н***гийн нөхөр гэх хамт амьдрагч нь охиныг маань хэд хэдэн удаа хөөж гаргаж байсан. Ээж нь таньдаг айлдаа хонуулж байхыг мэднэ. Иймд би охин Б.М***г өөр дээрээ авахыг хүсэж байна. Тэр хүнд дарамтлуулмааргүй байна.

Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэмж төлнө гэхдээ ямар дансаар яаж шилжүүлэх үү гэдэг байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Н*** нь хариуцагч Н.Б***т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2002 оны 11 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.М***гийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид 2002 онд танилцан, 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн, гэрлэгчдийн тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээн хамтран амьдарч байсан байна.

Нэхэмжлэгч Т.Н*** нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг ... 7-10 жилд архи ууж ажлаас ирэхэд агсам тавьж, гэрээс хүүхэд бид хоёрыг хөөж харанхуй шөнө гаргаж, ажил төрөл дээр хэрүүл үүсгэж зодолддог байсан. Энэ хүнийг эмчилгээнд ээжтэй нь хамт архинаас гаргах гэж удаа дараа явсан боловч сар болоод гэрээ 0.3, 0.5 л архийг ганцаараа ууж ажил төрөлдөө явахгүй гэртээ байж байдаг байсан. Амьдрах гэж сүүлийн 3 жил нь аяыг нь олж амьдрах гэж үзсэн боловч амьдарч чадаагүй ...гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Н.Б*** ... Хааяа архи уудаг болсон нь үнэн. Н***гийн хэлснээр эхний хэдэн жилдээ сайхан л байлаа. Т.Н***гийн нөхөр гэх хамт амьдрагч нь охиныг маань хэд хэдэн удаа хөөж гаргаж байсан. Ээж нь таньдаг айлдаа хонуулж байхыг мэднэ. Иймд би охин Б.М***г өөр дээрээ авахыг хүсэж байна. Тэр хүнд дарамтлуулмааргүй байна ... гэж тайлбарлаж байгаа ба гэр бүл цуцлахад татгалзах зүйлгүй, охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Нэхэмжлэгч Т.Н***, хариуцагч Н.Б*** нар буюу гэрлэгчид нь 2002 оноос хамтран амьдарч 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн амьдарч байсан хэдий ч 2011 оноос тусдаа амьдарч байгаагаас бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, оршин суугаа газраа төлөвлөх зэрэг хуульд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, байх зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэх, цаашид гэр бүлийн хамтын амьдарлыг хэвийн үргэлжүүлэх боломжгүй байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2002 оны 11 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.М*** төрсөн, гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд эх Т.Н*** нь асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч иргэн Н.Б***ийн нэхэмжлэлийн хариу тайлбартаа ирүүлсэн хүүхдээ өөрийн асрамжинд авах болсон үндэслэлүүдээ нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй учир асран хамгаалах үүргийг эх Т.Н***д олгох нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Н.Б***, эх Т.Н*** нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар... тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.М***д эцэг Н.Б***оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул хариуцагч Н.Б***оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 50,220 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 д зааснаар Эрхий мэргэн овогт Норовпилын Н.Б*** /РД: ****/, Гөрөөчин овогт Тунгалагын Н*** /РД: *** / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.М***г эх Т.Н***гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.М***д эцэг Н.Б***оос 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63-р зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн ХААН банк төрийн сан, 190000941 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Б***оос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н***д олгож, хариуцагч Н.Б***оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 50,220 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцалсаны бүртгэлд бүртгүүлж болохыгдурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

8.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

9.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ