Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 Хүсэлт гаргагч: Төрийн банкны Замын-Үүд салбарын

 “Дуламын Зоригт /РД:АС77060812/-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Улаанбаатар нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Төрийн банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Дуламын Зоригт нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 55/34/99 дугаартай “Зээлийн гэрээ”-г Төрийн банкны Замын-Үүд салбарын харъяа Соёмбо тооцооны төвтэй гэрээ байгуулан банкнаас 5,000,000 төргөрийг сарын 0,85%, жилийн 10,2%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай хөдөлмөр эрхлэлийг дэмжих төслийн зээл авсан. Д.Зоригт нь 55/34/99 дугаартай зээлийн гэрээний 6.2.1, 6.2.3 дахь заалтыг зөрчиж, 2016 оны 03 дугаар сараас хойш зээлээ хуваарийн дагуу төлөхгүй байгаа ба холбоо барих боломжгүй, олгохгүй хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй байгаа учир Д.Зоригтыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Улаанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Дуламын Зоригт нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 55/34/99 дугаартай “Зээлийн гэрээ”-г Төрийн банкны Замын-Үүд салбарын харъяа Соёмбо тооцооны төвтэй гэрээ байгуулан банкнаас 5,000,000 төргөрийг сарын 0,85%, жилийн 10,2%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай хөдөлмөр эрхлэлийг дэмжих төслийн зээл авсан. Д.Зоригт нь зээл авахдаа Борхойн Наран өрхийн эмнэлэгт дарга ажилтай байсан. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш утсаа авахгүй, хаягтаа байхгүй, алга болсон. Өнөөдрийн байдлаар банкинд 760,000 төгрөгний зээлийг төлөөгүй үлдэгдэлтэй байна. Төрсөн дүү Дуламын Золжаргал нь Архангай аймгийн Хашаат сумын эмнэлэгт сувилагч хийдэг утас нь 95717084 юм билээ. Д.Зориг нь Архангай аймгийн Хашаатад байж магадгүй юм гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлт гаргагч Төрийн банкны Замын-Үүд салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 Дуламын Зоригт нь Төрийн банкны Замын-Үүд салбараас 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 55/34/99 дугаартай зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийн сарын 0,85 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байх тул Д.Зоригт нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд Д.Зоригтыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Боржигон овогт Дуламын Зоригт /АС77060812, утас 96624577, 88054577/ иргэний үнэмлэхний Архангай аймгийн Чулуут сумын 4-р багийн Хайрханд оршин суух хаягтай, Замын-Үүд сумын 1-р багийн 115-р байрны 22 тоотод түр оршин суух бүртгэлтэй байсан талаар зээлийн гэрээнд тус тус тэмдэглэгдсэн, мөн Архангай аймгийн Хашаат суманд дүү Дуламын Золжаргал /утас 95717084/ амьдардаг  болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Боржигон овогт Дуламын Зоригтыг /АС77060812/ эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Д.Зоригтыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ