Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 338

 

  Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 04 дүгээр баг 07-17 тоотод оршин суух Шар өлзий овогт  У. Ж-н нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар баг 11-08 тоотод оршин суух У овогт Ц-н .Ж-нд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, нэхэмжлэгч У.Жм, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч Ц.Ж нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 У.Жавзандулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 сард Ц.Ж-й танилцан дотносож 2015 оны 09 дүгээр сарын 29-нд охин Ж.Ам-г төрүүлсэн. Охиныг төрүүлсэнээс хойш нэг ч удаа эргэж ирээгүй. Энэ хугацаанд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Иймд охин А-н эцгээр Ц.Ж-г тогтоон, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Ж-н нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4264 дугаартай шинжээчийн дүгнэлтээр охин А-н биологийн эцэг нь Ц.Ж-н мөн байх боломжтой гэсэн тул охин А-н эцгээр Ц.Ж-г тогтоон, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Ж-н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжилгээний хариугаар Ж.А миний хүүхэд мөн болох нь тогтоогдсон. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

  Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Ж нь Ц.Ж-д холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Нэхэмжлэгч У.Ж-м хариуцагч Ц.Ж-н нар 2014 оноос дотно харьцаатай болж, 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр охин Ж.А-г төрүүлсэн болох нь 6246000167 дугаартай охин Ж.Ам-н төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 4264 дугаартай шинжээчийн дүгнэлт, зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуульд зааснаар Ц.Ж-г охин Ж.А-н эцгээр тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                     

ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр охин Ж.А-н эцгээр Угалз овогт Ц. Ж мөн болохыг тогтоосугай.

   2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар  2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр охин Ж.А-г эх У.Ж-н асрамжинд үлдээсүгэй.

           3. Монгол Улсын Гэр Бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр охин Ж.А-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Ж-р тэжээн тэтгүүлсүгэй.

   4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ж-с 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Ж-с 28627 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод /Хаан банкны 5540607728 тоот дансанд/ оруулсугай.

   6. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан хойш 14 хоногийн дотор
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ЭНХМАА