Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 345

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар баг, Аргалантад оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, Лийдэв овгийн Дашхүүгийн Даваацэрэнгийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Даваацэрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Даваацэрэн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Д.Даваацэрэн нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/2674 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1979 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн, 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлын протоколууд, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 286 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 31 тоот тогтоол, гэрч Ж.Банзрагч, С.Буман-Аюуш нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Даваацэрэн “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лийдэв овгийн Дашхүүгийн Даваацэрэнг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА