Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц,Дагиймаа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 12-790е тоотод оршин суух, НМ80020811 дугаарын регистртэй, Малчин овгийн Гүндсамбуугийн Дашдамбын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, “Батхаан” гэх газар оршин суух, ЙГ93100717 дугаарын регистртэй, Туухай овгийн Ганхуягийн Бямбадоржид холбогдох,

“3 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагч Г.Бямбадорж, нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Дашдамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Дашдамба миний бие 2016 оны 01 дүгээр сарын 22-нд Ганхуяг овогтой Бямбадоржтой хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажилласан болно. Уг хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Ганхуяг овогтой Бямбадоржийн холбогдсон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй оролцсон. Уг хэрэгт нь хууль зүйн туслалцаа үзүүлж 2016 оны 02 дугаар сарын 19-нд шүүх хурал нь Өвөрхангай аймаг, Хархорин сум, Сум дундын шүүхэд болж Ганхуяг овогтой Бямбадоржид холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Миний хувьд өөрийнхөө үүргийг бүрэн биелүүлсэн болно. Шүүх хуралдаан болсноос хойш Ганхуяг овогтой Бямбадорж нь хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өдий хүрлээ. Иймд миний бие Ганхуяг овогтой Бямбадоржоос хуульзүйн туслалцааны төлбөр 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 нийт 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын хуульчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Дашдамба миний бие Бямбадоржтой хамтран гэрээ байгуулж ажилласан болно. Уг гэрээнд Г.Бямбадоржид холбогдсон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй оролцсон. Уг хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж шүүх хурал нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд болж Г.Бямбадоржид холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Миний хувьд өөрийнхөө үүргийг бүрэн биелүүлсэн. Шүүх хуралдаан болсоноос хойш Г.Бямбадорж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдий хүрлээ. Иймд миний бие Г.Бямбадоржоос хууль зүйн туслалцааны төлбөр 2 000 000 төгрөг. Алданги 1 000 000 төгрөг. Нийт 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч Г.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Г.Дашдамба өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж ажилласан. Эрүүгийн болон иргэний хэрэг дээр хууль ёсны эрх ашигаа хамгаалуулах зорилгоор тохиролцож уг гэрээг хийсэн юм. Г.Дашдамба өмгөөлөгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Үүнд нь би 1 000 000 төгрөг өгсөн. Харин  эрүүгийн хэрэг дээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй учраас уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Дашдамба нь хариуцагч Г.Бямбадоржид холбогдох “3 000 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.       

            Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Г.Дашдамбын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Учир нь нэхэмжлэгч Г.Дашдамба хариуцагч Г.Бямбадорж нар нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр ажил гүйцэтгэх гэрээ болох “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан урьдчилгаа 1.000.000 төгрөгийг төлсөн байна.           

            Нэхэмжлэгч Г.Дашдамба нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаарт Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэн хариуцагч Г.Бямбадоржийн өмгөөлөгчөөр оролцон үүргээ биелүүлсэн байна.         

            Хариуцагч Г.Бямбадорж нь шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: Г.Дашдамба өмгөөлөгч нь Ч.Батгэрэлийн нэхэмжлэлтэй Г.Бямбадорж надад холбогдох “11.500.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэг болон 201515010050 дугаарт Ч.Батгэрэлд холбогдох эрүүгийн хэрэг хоёрт хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж 2.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож 1.000.000 төгрөгийг урьдчилан төлсөн. Г.Дашдамба өмгөөлөгчийн хувьд зөвхөн иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод эрүүгийн хэргийг задална гэсэн боловч тэр хэрэг дээр ямар ч хуульзүйн туслалцаа үзүүлээгүй тул миний зүгээс үлдэх 1.000.000 төгрөгийг төлөх шаардлагагүй гэдэг.        

            Дүгнэвэл: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар: “...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасны дагуу талуудын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т зааснаар талууд ажил гүйцэтгэсний хөлсийг тохиролцсон байна гэж шүүх үзлээ.         

            Харин нэхэмжлэгч Г.Дашдамба нь хууль зүйн туслалцааа үзүүлэх гэрээний 3.3-т зааснаар хоног тутам 0.5 хувийн алданга тооцохоор тохиролцсоны дагуу алданги 1.000.000 төгрөг нэхэмжилсэн гэх боловч хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй мөн уг гэрээнд алданги тооцох тухай хэсэг засвартай нөхөн бичсэн байх боломжтой өөр өнгийн балаар бичвэр хэсэгт бичсэн байдал зэрэг нь эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно. Нэхэмжлэгч Г.Дашдамба нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу үүргээ биелүүсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тохирч байна.           

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэн хариуцагч Г.Бямбадоржоос гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 2.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дашдамбад олгох нь зүйтэй гэж үзэн үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.          

            Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бямбадоржоос 2.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Дашдамбад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1- дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Дашдамбын нэхэмжилсэн 3.000.000 төгрөгнөөс хариуцагч Г.Бямбадоржоос 2.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Бямбадоржоос 46950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.ДАГИЙМАА