Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 356

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 6-60 тоотод оршин суух, Галсанбазар овгийн Цэрваанчигийн Баасандоржийн хүсэлттэй

           “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Баасандорж, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Баасандорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч миний эцэг Цэрэнваанчиг гэдэг хүнийг иргэний үнэмлэх дээр Цэрваанчиг гэж ташаарч бичснээс болоод улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохирохд хүрээд байна. Иймд 1973, 1981, 1991 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Цэрваанчигийн Баасандорж мөн болохыг тогтоож, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Баасандорж “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

1973, 1981, 1991 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн овгийн нэрийг Цэрэнваанчигийн Баасандорж гэж ташаарч бичсэн хэдий ч дээрх дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Цэрваанчигийн Баасандорж мөн болох нь иргэний үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 436 тоот архивын лавлагаа, 1981 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 тоот Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдлийн хянан байцаах комиссын шаардах хуудас,  Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1983 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12, 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07, 1987 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолууд, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 52 тоот тушаал, “Эх-Орон” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот, 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлын протоколууд, хүсэлт гаргагчийн 1973, 1981, 1991 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрч Д.Эрдэнэсүрэн, Д.Бямбасүрэн, Д.Алтанцэцэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Баасандорж шүүхэд гаргасан хүсэлтдээ 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэсэн байгаа ч 1971, 1972, 1973, 1974, 1975, 1976, 1977, 1978, 1979 онуудад Ц.Баасандорж “Эх-Орон” нэгдэлд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагчийг 1980 оны 01 дүгээр сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ныг хүртлэх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдлээс 1973, 1981, 1991 онуудад олгосон Цэрэнваанчигийн Баасандорж гэсэн бичилттэй  хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Галсанбазар овгийн Цэрваанчигийн Баасандорж мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Галсанбазар овгийн Цэрваанчигийн Баасандоржийг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА