Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 0209

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Төрийн банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, Хөтөл 14-р байр 7 тоотод оршин суух Г.Дашдондог /РД: РЭ72082512/, Г.Мөнхцацрал /РД: ИБ84073105/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үдсэн зээл 1 629 149.72 төгрөг, зээлийн хүү 30 203.18 төгрөг, тогууль буюу нэмэгдүүлсэн хүү 1 799.12 төгрөг нийт 1 661 152.02 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07-р сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан, хариуцагч Г.Дашдондог, Г.Мөнхцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Дашдондог Г.Мөнхцацрал нар нь 2016 оны 01-р сарын 19-ний өдөр Төрийн банкнаас 2 000 000 зээлж авсан байгаа. Зээлийг хуваарийн дагуу 2016 оны 05-р сарын 16-нд, 2017 оны 01-р сарын 19-нд тус тус сая сая төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр байгаа. 2016 оны 05-р сарын 16-ны өдөр хүүгийн хамт 1 201 731 төгрөг төлөх байснаас 500 000 төгрөгийг 2016 оны 05-р сарын 23-ны өдөр төлсөн. 2016 оны 05-р сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаа хэтрээд зээл нь найдваргүй зээлд шилжсэн тул бид журмынхаа дагуу шүүхийн байгууллагад хандаж байна. Өөрөөр хэлбэл хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж үлдэгдэл мөнгийг гаргуулж өгнө үү гэж шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргаж байгаа юм... Зээлдэгч нартай байгуулсан гэрээний 4 буюу Банк буюу барьцаалагчийн эрх үүрэг гэдэгт заасан байгаа. 4.1.3 Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээг банкны санаачлагаар цуцалж хөдлөх эд хөрөнгийн хувьд Монгол улсын иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заагаад хоёр талаасаа хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Учир нь энэхүү зээл нь найдваргүй зээлд шилжсэн учраас тэр хэмжээгээрээ банкинд зардал болж байдаг учраас хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлуулаад, барьцаа хөрөнгөнөөс зээлийг төлүүлнэ. Гэрээнийхээ зүйл заалтыг мөрдлөг болгоод зээлийг төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр хариуцагч нар бүгд малтай, одоо бол малын тарга тэвээрэг сайн байгаа учраас зараад төлөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Г.Дашдондог гэж хүн өөрийн нэр дээр малаа тоолуулсан. Эхнэр Г.Мөнхцацрал нар бас малтай. Тийм учраас хугацааг хойшлуулах шаардлагагүй гэж үзэж байна... Зээлийн гэрээний 3 дугаар зүйл буюу зээлдэгч хамтран зээлдэгчийн эрх үүрэг гэсэн заалтын 3.3 дээр хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Тэгэхээр хамтран зээлдэгч нар би энийг нь төлнө чи тэрийг нь төл гэсэн зүйл байхгүй. 7.3 дээр барьцааны зүйлийг барьцаалуулагч нь энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмших бөгөөд барьцаалуулагч нь эрхийн зөрчилгүй биет байдлын доголдолгүй байна. Хэрэв барьцааны зүйлийн талаар гуравдагч этгээдээс маргаан гарсан тохиолдолд барьцаалагч нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7 дахь хэсэгт заасны дагуу уг гуравдагч этгээдээс давуу эрхтэй байх бөгөөд өмчлөх эзэмших захиран зарцуулах эрх эдэлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр гуравдагч эдгээдийн малыг өөр дээрээ тоолуулсан бол банкийг залилах журмаар хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна. Тийм учраас хариуцагч нарын тайлбарыг хүлээж авах нөхцөл байхгүй...” гэв.

Хариуцагч Г.Дашдондог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2016 оны 11-р сард сая төгрөгийг хийж болохгүй юм болов уу гэж бодож байна. Үлдсэн мөнгө хүүг Г.Мөнхцацрал төлнө. Тухайн үед нь бололцоогоороо өөрөө 500 000 төгрөг хийсэн. Тэтгэвэрийн зээл аваад төлсөн. Одоо бол ажил төрөл хийгээгүй ах дүү нарынхаараа явж байгаа. 2016 оны 11-р сард төлөх сая төгрөгийг би өөрөө төлнө. Хамт амьдраад хамтдаа зээл авч байсан болохоор би төлнө. Үлдэгдэл хүүг Г.Мөнхцацрал төлнө...  Бид хоёр хүний мал маллаж байсан. Надад бол өөрийн мал байхгүй, энэ хүний ээжийнх нь малыг маллаж байсан. Тухайн үед бид хоёр маллаж байсан малаа нэр дээрээ тоолуулаад зээл хөөцөлдсөн нь үнэн. Миний хувьд сая төгрөгийг намар өөрөө төлнө гэж бодож байна... Хүний мал тоолуулсан нь үнэн. Гэхдээ залилангийн талын юм бид хоёрт байгаагүй...”  гэв. 

Хариуцагч Г.Мөнхцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Үлдэгдэл 600 000  гаран төгрөгийг би төлнө... 2016 оны 09-р сараас өмнө төлнө. Ногоо тарьсан байгаа тэрийгээ хурааж борлуулж байгаад 661.152 төгрөгийг нь төлнө...” гэв. 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Төрийн банк нь 2016 оны 01-р сарын 19-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний 6.2, 6.2.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 1 629 149 төгрөг, зээлийн хүү 30 203 18 төгрөг, торгууль 1 799 12 төгрөг бүгд 1 661 152 02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй боловч зээл төлөх хугацааг гэрээнд зааснаар 11-р сард төлөхөөр хойшлуулж өгнө үү гэж тайлбарлаж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Төрийн банкнаас 2016 оны 01-р сарын 19-ний өдөр хариуцагч Г.Дашдондог, Г.Мөнхцацрал нар 12 сарын хугацаатай жилийн 31.2 хувийн хүүтэй  2 000 000 /хоёр сая /төгрөгийг барьцаат зээлийн гэрээ байгуулж  зээлж авсан болох нь зээлийн гэрээ /хх-3, 4/, болон хариуцагч нарын  тайлбараар тогтоогдож байна. Зээл авах үед хариуцагч Г.Мөнхцацрал, Г.Дашдондог нар нь хамтран амьдрагч нар байсан бөгөөд зээлийн барьцаанд 251 толгой мал, 5 ханатай гэр зэрэг хөрөнгийг барьцаалсан байна.

Хариуцагч нар нь зээлийн эхний төлөлт 1 000 000 төгрөгийг 2016 оны 05-р сарын 16-ны өдөр төлөх байсан бөгөөд  2016 оны 05-р сарын 23-ны өдөр 500 000 төгрөгийг төлж энэ өдрөөс хойш зээл төлөөгүй болохыг хариуцагч Г.Дашдондогийн “ бид хоёр хамтран амьдарч байхдаа энэ зээлийг авсан 05-р сард төлөх зээлийг бид хоёр хувааж төлөхөөр тохиролцож би 500 000 төгрөгөө төлсөн. Үлдэх 500 000 төгрөгийг Г.Мөнхцацрал төлнө. Харин нэмж 1 000 000 төгрөг төлнө. Би одоо тусдаа Хөвсгөлд амьдарч байгаа.” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч Г.Мөнхцацрал” “ Би 661 152 төгрөгийг төлнө.” гэж тайлбарлаж байгаагаар нотлогдож байна. Зээлийн гэрээний 6.2.1 “зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг  зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол

Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар  цуцлах  үндэслэл болно гэх заалтыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд банкны зүгээс зээлийг эргэн төлөх талаар мэдэгдэж байсан болох нь хамтран зээлдэгч Г.Мөнхцацралын 2016 оны 05-р сарын 31-ний өдөр гаргасан”  үндсэн зээлээ 06-р сарын 10-нд төлж 63 000 үлдэнэ” гэх тайлбар нотолж  байна.  

Хариуцагч Г.Дашдондог нь “би Г.Мөнхцацралтай амьдрахаа больсон зээл авах үед барьцаанд тавьсан мал “миний мал биш Г.Мөнхцацралын ээжийн мал” гэж тайлбарлаж байгааг хүлээж авах боломжгүй байна. Учир нь  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн Засаг дарга  буюу гуравдагч этгээд тодорхойлолт гаргасан нөгөө талаас мал барьцаалсан талаар гуравдагч этгээдээс ямар нэг гомдол гараагүй байна. Малын тоог төрийн байгууллага тоолж үзсэний үндсэн дээр гаргасан тодорхойлолт тул үнэн гэж үзсэн болно.

Хариуцагч Г.Дашдондогийн  “2016 оны 11-р сард 500 000 төгрөгийг төлөх  “тухай саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авч эвлэрэх боломжгүй гэж тайлбарлаж байна. Төрийн банк итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлдээ “эвлэрэхээс” бусад эрхийг шилжүүлсэн байна.

Дээрх байдлуудыг дүгнээд 2016 оны 01-р сарын 19-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Дашдондог, Г.Мөнхцацрал нараас зээл 1 629 149 ,72 төгрөг, зээлийн хүү 30 203, 18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 799,12 төгрөг бүгд 1 661 152 ,02 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нар барьцааны гэрээний 7.6 дахь хэсэгт заасан “Зээлдэгч барьцаагаар баталгаажсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн үл маргах журмаар барьцаалагчид шилжүүлж. Гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн барьцаалагч барьцааны зүйлийг хуулийн дагуу гэрээнд заасан үнээр захиран зарцуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй” гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч зээлийг авсан байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банк  251 толгой мал, 5 ханатай гэр барьцааны хөрөнгийг захиран зарцуулж зээлийн гэрээний үүргийг хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч Төрийн банк нь улсын тэмдэгтийн хураамжид 41 528 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагч нараас 41 528 төгрөг гаргуулан Төрийн банкинд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Дашдондог, Г.Мөнхцацрал нараас зээл 1 629 149 ,72 төгрөг, зээлийн хүү 30 203, 18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 799,12 төгрөг бүгд 1 661 152 ,02 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

2.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банк барьцааны зүйл болох 251 толгой мал, 5 ханатай  гэр зэрэг хөрөнгийг  захиран зарцуулж зээлийн гэрээний үүргийг хангуулах  эрхтэй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Дашдондог, Г.Мөнхцацрал нараас 41 528 төгрөг гаргуулан Төрийн банкинд олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон  зохигчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

            5.Зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

                                         

                                                       

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА