Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 0212

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  А.Нарантуяа даргалж, 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн, Дархан сумын 5-р багт байрлах “Агромаштех” ХХК /РД: 5203449 /-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумд үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант баянбүрд” ХХК /РД: 5094992/-д холбогдох,   

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл төлбөр, хүү, алданги нийт 140 547 267 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч "Агромаштех"-ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөр, П.Батжаргал хариуцагч "Жаргалант баянбүрд" ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ж.Саруул, хариуцагчийн өмгөөлөгч В.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Агромаштех” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...TL-13-37 тоот  гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл үнэ 52 100 000 төгрөг, түүний хүү 30 183 267 төгрөг, алданги 26 050 000 төгрөг буюу 108 333 267 төгрөг... TL-13-38 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл үнэ 18 000 000 төгрөг, түүний хүү 5 214 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг буюу 32 214 000 төгрөг, нийт 140 547 267 төгрөг гаргуулах... Жаргалант баян бүрд ХХК-ний захирал Ж.Саруул нь манай Агромаштех ХХК-иас:

1.TL-13-37 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний дагуу 62 100 000 төгрөгийн үнэ бүхий тракторыг урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 52 100 000 төгрөгийг тус гэрээний хавсралт 2-т заасан хугацаанд буюу 2013.12.20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр,

2.TL-13-38 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 20 600 000 төгрөгийн үнэ бүхий хор цацагчийг урьдчилгаа 2 600 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 18 000 000 төгрөгийг тус гэрээний хавсралт 2-т заасан хугацаанд буюу 2013.12.20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр тус тус тохиролцож гэрээ байгуулан эзэмшилдээ шилжүүлж авсан.

Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Барьцааны гэрээ байгуулсан ба уг гэрээгээр худалдан авагч талын Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлээр:

1.Жаргалант баян бүрд ХХК-ний 265.49 га тариалангийн газар эзэмших 0173817 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ

2.Жаргалант баян бүрд ХХК-ний 174.19 га тариалангийн газар эзэмших 0173813 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус барьцаалсан тул барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн ба үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх тул барьцааны үлдэгдэл үнэ, түүний хүү, алданги, нийт 140 457 267 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ

            Шүүх хуралдаанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Агромаштех ХХК-ний нэхэмжлэлтэй, Жаргалант баянбүрд ХХК-д холбогдох 140 547 267 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид бид нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрч байна.

1.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 117 920 933 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.Хариуцагч нь 117 920 933 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна. Энэ хугацаанаас өмнө төлсөн тохиолдолд төлсөн өдрөөр хүүг тооцно.

3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ буюу 22 626 334 төгрөгний нэхэмжлэлээс татгалзаж үлдэгдэл 117 920 933 төгрөгний нэхэмжлэлээ дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр багасгаж байна.

4.Талууд энэхүү нэхэмжлэлтэй холбоотой маргааны эвлэрлийн гэрээ байгуулснаар эцэслэн шийдвэрлэж байгаа ба цаашид энэ асуудлаар ямар нэгэн маргаангүй байхгүй болохыг үүгээр баталж байна...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Агромаштех” ХХК нь “Жаргалант баянбүрд” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр хүү, алданги нийт 140 547 267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг шийдвэрлэх шүүх хуралдааны явцад зохигчид 117 920 933 төгрөгийн хэмжээнд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.     

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигчид эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй байх тул хуульд зааснаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч "Агромаштех"-ХХК, хариуцагч "Жаргалант баянбүрд" ХХК нарын 117 920 933 /нэг зуун арван долоон сая есөн зуун хорин мянга есөн зуун гучин гурван/ төгрөгөнд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 860 696 /найман зуун жаран мянга зургаан зуун ерэн зургаан/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 373 777,5 /гурван зуун далан гурван мянга долоон зуун далан долоон төгрөг таван мөнгө/ төгрөг, төрийн сангаас 373 777,5 /гурван зуун далан гурван мянга долоон зуун далан долоон төгрөг таван мөнгө/  төгрөг гаргуулж, бүгд 747 555 /долоон зуун дөчин долоон мянган таван зуун тавин таван/ төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.НАРАНТУЯА