Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 243

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Б.Ганбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Оюунцэцэг  холбогдох 1,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 02 сарын 03-ны өдөр Замын-Үүд сумын Элсэндалай ХХК-ын эзэн болох Алтанзаяа, Ц.Оюунцэцэг нарт  2,000,000 төгрөгний бараа болох пирогийг зээлээр буюу паданаар өгсөн. Тухайн үед авахдаа сарын хугацаатай зээлж авсан. Уг мөнгөнөөс 550,000 төгрөгийг 200,000 төгрөг, 100,000 төгрөг өөр хувааж өгсөн. Үлдэгдэл 1,450,000 төгрөгийг одоог болтол төлөөгүй байгаа тул 1,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум  2-р баг, Мобикомын гудамж  2-7 тоотод оршин суух Түдэв овогт Цэндсүрэнгийн Оюунцэцэг /РД:ЕС:70031102/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартай: Миний бие нь Ганбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,450,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг авахад Алтанзаяа хамаарахгүй би өөрөө энэ мөнгийг хариуцан төлнө. Уг мөнгийг 2016 оны 10 сарын 27-ны өдөр бүрэн төлж дуусгана гэжээ.

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Багануур дүүрэг, 5-р хороо Нарангийн 5-8 тоотод оршин суух Батхүрэлийн Ганбат /РД:УЮ87092338/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 2 сарын 03-ны өдөр ОХУ-ын Эрхүүгээс үйлдвэрлэгдэж ирсэн пирогийг 100 хайрцаг тус бүр нь 22,000 төгрөгний үнэтэй 2,200,000 төгрөгний барааг Элсэн далай ХХК-д 1 сарын хугацаатай зээлээр өгсөн. Уг редовикний үлдэгдэл болох 1,450,000 төгрөгийг Элсэн далай ХХК-ний  Оюунцэцэг нь 10 сарын 27-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Алтанзаяаг хариуцагчаас татахаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганбат нь хариуцагч Г.Алтанзаяа, Ц.Оюунцэцэг  нарт холбогдуулан 1,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Алтанзаяа, Ц.Оюунцэцэг нар нь нэхэмжлэгч Б.Ганбатаас 2016 оны 02 сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгний бараа болох пирогийг зээлээр буюу паданаар 1 сарын хугацаатай зээлээр худалдаж авсан байх ба мөнгөнөөс 550,000 төгрөгийг 200,000 төгрөг, 100,000 төгрөгөөр төлж барагдуулан үлдэгдэл 1,450,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Г.Алтанзаяаг хамтран хариуцагчийн үүргээс чөлөөлж, хариуцагч Ц.Оюунцэцэг нь нэхэмжлэгчийн шаардлага 1,450,000 төгрөгийг  төлөхөө хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 27-ны өдөрт багтаан бүрэн төлж барагдуулах талаар тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгч зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэгч Б.Ганбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Оюунцэцэг  холбогдох 1,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Оюунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,450,000  төгрөгийг 2016 оны 10 сарын 27-нд багтаан бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Алтанзаяг хамтран хариуцагчийн үүргээс чөлөөлснийг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38150 төгрөгийн 50 хувь болох 19,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 19,075 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Оюунцэцэгээс услын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 19,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч Ц.Оюунцэцэг нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   А.ЦЭРЭНХАНД