Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 146/ШШ2016/00245

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 10 дугаар баг Ноён 46-22 тоотод оршин суух, Ёндонгийхон овгийн Авирмэдийн Чулуунхүү /ЙЮ39020772/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хужирт сум 4 дүгээр багт оршин суух, Орхонтээл овгийн Ойдовнямын Нямдорж /ЙС88072416/-д холбогдох,

“4.485.350 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Чулуунхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2013 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг Их Уул гэх газраас иргэн А.Чулуунхүү би тугалтай үнээ, 3 бяруу нийт 7 тооны үхрээ хулгайд алдаж 3.900.000 төгрөгний хохирол амсаад байгаа бөгөөд миний үхэр алдсан үйлдэлд тус аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулж энэ хэргийг Орхонтээл овогт Ойдовнямын Нямдорж гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон гэвч О.Нямдорж болон түүний бүлэг этгээдүүдийн үйлдэл, 2015 онд батлагдан гарсан Өршөөлийн тухай хуулийн холбогдох заалтаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан, гэвч миний хохирлыг хамгийн цаашдаа гэхэд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч хохирол нэхэмжлэлийг минь төлөхөд төдийлөн анхаарахгүй арга саам хийж, хугацаа авч намайг хохирсон дээр минь хохироогоод байна.  Би 7 үхрийн үнэлгээ болох 3.900.000, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 85350, нийт 4.485.350 төгрөг нэхэмжилж байна. Мөн хэргийг шийдвэрлүүлэхээр Хархорин сум руу явахад гарсан зардлыг тухайн үед нь баримтаа бүрдүүлж нэмж нэхэмжлэх болно. Энэхүү маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр Хархорин сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай 01 тоот тэмдэглэлд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмын 8.1.6-д заасан үндэслэлээр материалыг бидэнд буцаасан учир тус шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгч А.Чулуунхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Чулуунхүү миний бие О.Нямдоржийн гаргасан тайлбартай танилцлаа. Тухайн үед 7 үхэрнээс 2 үхрийг хасч, 5 тооны үхрийн үнэлгээ 2.700.000 төгрөг гэж гарсан бөгөөд гэтэл дараа нь үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 3.900.000 төгрөг гэж гарсан байна. Иймээс би 7 үхрийн үнэ 3.900.000 төгрөг нэхэмжилсэн. О.Нямдорж нь 2.700.000 төгрөгийг төлөх боломжтой гэсний дагуу дээрх мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1.785.350 төгрөгийг татгалзаж байна. Дээрх 2.700.000 төгрөгийг Л.Нямдоржоос яаралтай гаргуулж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах гаргах эрхгүйг ойлголоо...” гэжээ.

Хариуцагч О.Нямдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О.Нямдорж миний бие А.Чулуунхүүгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тухайн үед өршөөлд хамрагдаж хэрэг хэрэгсэхгүй болох үед 7 үхрийн үнэлгээ нь 2.700.000 төгрөг байсан. Өмгөөлөгчийн хөлсийг бол төлөхгүй өөрсдөө өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах гэж авснаас тухайн хэрэг дээр огт ажиллагаа хийгээгүй би өөрийн гэм буруугаа хүлээгээд өршөөлд хамрагдсан. Нэхэмжилж буй 4.485.350 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “1. Нэхэмжлэгч А.Чулуунхүү би хариуцагч Нямдоржоос 4.485.350 төгрөг нэхэмжилснээс 1.785.350 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.700.000 төгрөг дээр эвлэрч байна. 2. Хариуцагч О.Нямдоржтой 2.700.000 төгрөгийг 2016.10.01 гэхэд төлж барагдуулахаар тохиролцов. 3. Улсын тэмдэгтийн хураамж болох 85350 төгрөгийн 50 хувь 42675 төгрөгийг хариуцагч О.Нямдорж хоёр сая долоон зуун мянга дээрээ нэмж төлнө...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Чулуунхүү нь хариуцагч О.Нямдоржоос 4.485.350 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 4.485.350 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1.785.350 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2.700.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 42.675 төгрөг нийт 2.742.675 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлж зохигчид эвлэрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Шүүхээс зохигчид эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч А.Чулуунхүү нь хариуцагч О.Нямдоржоос 2.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Нямдоржоос 42.675, орон нутгийн төсвийн орлогын 5540607728 тоот данснаас 42.675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунхүүд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Шүүхийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

      ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН