Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 4790

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-125, “Ти Ай Ложистик” ХХК-ийн хүсэлттэй,

           “Нордлайн” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч “Ти Ай Ложистик” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нордлайн ХХК-тай “Ачаа тээврийн зуучлалын гэрээ” байгуулсан. Ингээд уг гэрээний үүрэг шаардахаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Нордлайн” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчийн хаяг тодорхой бус шалгаанаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2016/20430 дугаартай тоот захирамжийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “Нордлайн” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч “Ти Ай Ложистик” ХХК нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нордлайн” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч “Ти Ай Ложистик” ХХК  нь ““Нордлайн” ХХК-тай ачаа тээврийн зуучлалын гэрээ байгуулсан тул түүний оршин суугаа газрыг олж тогтоон, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

        “Нордлайн” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь “Ти Ай Ложистик” ХХК , “Нордлайн” ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 7 тал/. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба “Нордлайн” ХХК нь өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто хотхон, Оргил төв 4 давхарт байрлах хаягтаа байрладаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2016/18702 дугаартай захирамжаар тоогтоогдож байна.

          Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нордлайн” ХХК-ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч “Ти Ай Ложистик” ХХК-ийн ““Нордлайн” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                             ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Ти Ай Ложистик” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нордлайн” ХХК -ийг эрэн сурвалжилсугай.

             2. “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто хотхон, Оргил төв 4 давхарт байрлах “Нордлайн” ХХК ”-ийг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА