Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 4999

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Усны гудамж-4, “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Цоглог хотхоны 201-32 тоотод оршин суух, Буурал овогт Гончигийн Ганпүрэв /РД:ЦД84121311/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 72,245,475.41 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, хариуацагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ганпүрэв ньтус банктай 2014 оны 1 дүгээрсарын 13-ны өдөр 3002-2014/03 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 80,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, зээлийн хүү /жилийн/ 27,60 хувийн хүүтэйгээр авсан билээ. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд Иргэн Г.Ганпүрэвийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205047677 тоот дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 201 дүгээр байр, 32 тоот хаягт орших, 62,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зохих журмын дагуу Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Улсын Бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч Г.Ганпүрэв нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч Г.Ганпүрэвийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрээгүй байна. Иймд зээлдэгч Г.Ганпүрэвтэй байгуулсан 3002-2014/03 тоот зээлийн дагуу үндсэн хүү 65,373,279.58 төгрөг, зээлийн хүү 6,803,120.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,075.37 төгрөг нийт 72,245,475.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК 72,245,475.41 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Ганпүрэв  хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Г.Ганпүрэвт холбогдуулан 72,245,475.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК 72,245,475.41 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Ганпүрэв  хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК 72,245,475.41 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Ганпүрэв  хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 519,178 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 259,589 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 259,589 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА