Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

 

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо Хангайн 19 дүгээр гудамж 739 тоотод оршин суух Таахай овогт Цолмонбаатарын Буяндэлгэр /регистрийн дугаар: ЗЛ82101708/

 

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг Хан-Уулын 5 дугаар гудамжны 9 тоотод оршин суух Онгууд овогт Дамирангийн Түвшинбаяр /регистрийн дугаар: ЗЛ71030819/

       

        Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Буяндэлгэр, хариуцагч Д.Түвшинбаяр, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Нэхэмжлэгч Ц.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Буяндэлгэр миний бие нь Д.Түвшинбаяртай 2000 онд гэр бүл болсон. 2000 оны 11 сарын 13-нд том охин Болорцэцэг төрсөн, 2004 оны 10 сарын 26-нд бага охин Даваадулам төрсөн. Бидний хувьд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2010 оноос эхлэн тусдаа амьдарч байна. Одоо бидний хувьд хэн хэн нь тусдаа амьдралтай болсон. Энэ бүхнийг харгалзан үзэж, бидний гэр бүлийг цуцалж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.Түвшинбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Ц.Буяндэлгэрийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Одоо би эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. Иймд Ц.Буяндэлгэртэй салахад ямар нэгэн асуудал гомдол саналгүй болно. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж ярих зүйл байхгүй. Бид зан харьцааны хувьд таарч тохирохоо болиод тусдаа амьдарсан. Хоорондоо ярилцаж тохиролцоод 2 охиноо аавд нь үлдээсэн юм. 2 охинтойгоо уулзаж байгаа хамгийн сүүлд өнгөрсөн наадмаар хотод гэртээ авч очиж уулзсан. Хүүхдийн тэтгэлэг төлөх боломж байхгүй. Одоо шинээр гэр бүлтэй болж 3 настай нэг хүүхэдтэй болсон. 2 охиноо эцгийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Д.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 охиноо өөр дээрээ авна. Энэ хүн хүүхдүүдтэйгээ уулзаж байгаа. Би сүүлд өөр гэр бүл зохиож одоо ам бүл тавуулаа амьдарч байна. 2 охиноо ажил хийгээд хэрэгцээг нь хангаад яваад байх боломжтой. 2 охиндоо эхээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлгүй байна гэв.

 

 

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Буяндэлгэр нь Д.Түвшинбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Ц.Буяндэлгэр, Д.Түвшинбаяр нар нь 2002 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнхан- Овоо сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ц.Буяндэлгэр, Д.Түвшинбаяр нарын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. 

Тэдний дундаас 2000 оны 11 сарын 13-ны өдөр охин Болорцэцэг, 2004 оны 10 сарын 26-ны өдөр охин Даваадулам нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд 2010 оноос эхлэн эцэгтэйгээ амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.Буяндэлгэр нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч Ц.Буяндэлгэр нь эвлэрүүлэн зуучлах ажиллаагаанд оролцоогүй тул эвлэрүүлсэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллаагааг дуусгавар болгосон байна. Зохигчдын тайлбараас үзэхэд гэрлэгчид урт хугацаанд хамт амьдраагүй, хэн хэн нь тусдаа гэр бүл зохиож цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь тогтоогдож байх тул тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “ хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” зааснаар Т.Болорцэцэг, Т.Даваадулам нараас санал асуухад “ эцэгтэйгээ амьдрах” тухай саналыг гаргасан байх тул шүүх дээрхи байдлыг харгалзан үзэж Т.Болорцэцэг, Т.Даваадулам нарыг төрсөн эцгийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Түвшинбаяр нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар харилцан тохиролцсон гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2002 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Т.Даваадулам, Т.Болорцэцэг нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нь хэрэгт хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Онгууд овогт Дамирангийн Түвшинбаяр, Таахай овогт Цолмонбаатарын Буяндэлгэр нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2000 оны 11 сарын 13-ны өдөр төрсөн Т.Болорцэцэг, 2004 оны 10 сарын 26-ны өдөр төрсөн  Т.Даваадулам нарыг эцэг Д.Түвшинбаярын асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Ц.Буяндэлгэр, Д.Түвшинбаяр нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түвшинсайханд даалгасугай.
  4. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Буяндэлгэрийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Түвшинбаяраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Буяндэлгэрт олгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР