Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 4919

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаархороолол, 19-9 тоотод оршин суух, Боржигин овогт Батхүүгийн Энхмаа /РД:УП93112341/-гийн нэхэмжлэлтэй,

Д.Дашзэвэгтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батхүү овогтой Энхмаа миний бие нь талийгаач Дүгэрсүрэн овогтой Дашзэвэгтэй /УП91042859/ 2014 онд танилцаж, 2015 оны 01 сараас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хотхоны 108-26 тоотод хамтран амьдарч эхэлсэн. 2015 оны 01 сараас 2016 оны 5 сар хүртэл 1 жил гаруй хугацаанд би Д.Дашзэвэгтэй хамтран амьдарч байхдаа жирэмсэн болоод /8 сартай/ байж байтал Д.Дашзэвэг нь 2016 оны 5 сарын 11-ний өдөр авто осолд орж, 2016 оны 5 сарын 17-ны өдөр нас барсан. Ингээд 2016 оны 7 сарын 04-ний өдөр би талийгаач Д.Дашзэвэгийн охин болох Цэцэнбилэгтийг төрүүлээд 2016 оны 7 сарын 27-ны өдөр охиныхоо төрсний гэрчилгээг авахдаа эцэг Д.Дашзэвэгээр овоглох хүсэлт тавьсан боловч хамтран амьдарч байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул талийгаач Д.Дашзэвэгтэй 1 жил гаруй хугацаанд хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцээд

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхмаа нь Д.Дашзэвэгтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.

Б.Энхмаагийн гаргасан хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба хүсэлт гаргагч нь Д.Дашзэвэгтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор насанд хүрээгүй, охиноо эцэг Д.Дашзэвэгээр овоглох эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Б.Энхмаа нь Д.Дашзэвэгтэй 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг  хүртэл хамтран амьдарч байгаад 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 0000178883 дугаартай нас барсны гэрчилгээ, Д.Дашзэвэгийн эцэг Д.Дүгэрсүрэн, эх Х.Туул, болон  Х.Нансалмаа нарын гэрчийн мэдүүлэг,тодорхойлолт болон  фото зураг зэргээр тогтоогдож байх тул Д.Дашзэвэгтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн Б.Энхмаагийн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                          ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Батхүүгийн Энхмаа /РД:УП93112341/,  Урианхай овогт Дүгэрсүрэнгийн Дашзэвэг /РД:УП91042859/ нарыг 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА