Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 4875

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Усны аж ахуй 30-15 тоотод оршин суух, Баярынхан овогт Вандаагийн Батжаргал /РД:ЦЗ56092079/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч В.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ  нь:

            Хүсэлт гаргагч В.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1974 онд Усны аж ахуй тоног төхөөрөмж Үйлдвэр засварын газарт токорьчиноор ажиллаж байгаад 1976 онд цэргийн албанд татагдсан. 1979 онд халагдаж тус газар токорьчиноор ороод 2000 оны 2 дугаар сар хүртэл ажилсан. Энэ хооронд цэргийн албанаас буцаж Усны аж ахуй тоног төхөөрөмж Үйлдвэр засварын газарт орсон тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр усанд орсон. Иймд ажилласан байдал тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

В.Батжаргал нь 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Үндэсний төв архивын тодорхойлолтоор УААЯ-ны тоног төрөөрөмжийн үйлдвэр, засварын газрын баримт шилжиж ирээгүй тул В.Батжаргалд холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн болон хүсэлт гаргагч В.Батжаргалын хөдөлмөр дэвтэр усанд орж, уншигдах боломжгүй болсон байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Хэрэгт авагдсан УААЯ-ны материал техникийн хангаж завсарын газрын даргын 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай тушаалаар ...Вандаан Батжаргалыг ...токорчинаар 1974 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллуулж байгаад Үйдвэрлэл худалдааны “Уран ган” ХХК-ийн захирлын 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаалаар В.Батжаргал нь токорчины ажлаас халагдсан байх ба энэхүү байдал нь хамт ажиллаж байсан гэрч С.Жаргалсайхан, Н.Ганбаатар, Е.Намжил нарын мэдүүлэг, тодорхойлолт, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон хүсэлт гаргагчийг тухайн байгууллагаас шагнаж байсан баярын бичиг, гэрчилгээ, оновчтой саналын үнэмлэх, сайшаалын үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн лавлагаагаар хүсэлт гаргагчийн ажиллаж байсан  УААЯ-ны тоног төрөөрөмжийн үйлдвэр, засварын газар нь 1992 оноос “Уран” ХК, 1996 оноос “Уран ган” ХК, 1999 оноос “Уран ган” ХХК болж өөрчлөгджээ.

            Иймд хүсэлт гаргагч В.Батжаргалын 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь:                                                                                                      

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  Баярынхан овогт Вандааны Батжаргалыг 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд УААЯ-ны тоног төрөөрөмжийн үйлдвэр, засварын газар /хуучин нэрээр/-т ажиллаж  байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА