Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 4921

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 64 байр, Наран билэгт төвийн 601 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Автоком жапан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 4-26 тоотод оршин суух, Илжгэн овогт Дэлгэрхүүгийн Болдоо /РД:ЧЛ78011114/-д  холбогдох,  

 40,513,638  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Автоком жапан” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Болдоо нь 2015 оны 4 дүгээр сарын 17, 11 дүгээр сарын 17, 11 дүгээр сарын 19, 12 дугаар сарын 01, 12 сарын 05-ны өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд “Автоком Жапан” компаниар дамжуулан цахимаар оролцон үнийн саналыг хүлээн зөвшөөрч 8 автомашины захиалгыг өөрөө хийж үүнээс 5 машины урьдчилгаа 30 хувийг нь төлж эзэмшилдээ шилжүүлэн авсан байдаг. 5 автомашиныг Улаанбаатар хот руу чингэлэгт ачсан өдөр хариуцагч тал нь тухайн 5 автомашинуудын үлдэгдэл тооцоог “Автоком Жапан” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байхаар харилцан тохирсон боловч автомашинуудыг гааль дээр буусны дараа хариуцагч Д.Болдоо нь автомашинуудыг хүлээн авсан мөртлөө үүргээ зөрчин мөнгөө төлөөгүй болно. Мөн 3 автомашины тооцооноос ямар ч төлөлт хийхгүй гэрээний үүргээ зөрчиж компанийг хохироож байгаа болно. Хариуцагч нь нийт 8 машины 1,945,900 иенийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн актыг үйлдэж, 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч тохирсон хугацаандаа барагдуулалгүй “Автоком Жапан” компанийг хохироож байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч Д.Болдоогоос автомашины үлдэгдэл төлбөр болох 40,513,638 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Болдоо нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Автоком жапан” ХХК-ийн нэхэмжилсэн 40,513,638 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Автоком жапан” ХХК нь хариуцагч Д.Болдоогоос 40,513,638  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Автоком жапан” ХХК-ийн нэхэмжилсэн 40,513,638 төгрөгийг хариуцагч Д.Болдоо 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  360,518 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 180,259 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч “Автоком жапан” ХХК-ийн нэхэмжилсэн 40,513,638 төгрөгийг хариуцагч Д.Болдоо 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,518 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 180,259 төгрөг, хариуцагч Д.Болдоогоос 180,259 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Автоком жапан” ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

    

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА