Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

Улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн хилийн 0131 дүгээр ангийн даргын 23 тоот тушаалаар хувцасны няравын ажилд томилогдон ажиллаж 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан жилүүдийг тэтгэвэр тогтоолгоход оруулах гэтэл хөдөлмөрийн дэвтэрт хийсэн бичилт засвартай гэх үндэслэлээр орж болохгүй байгааг нөхөн тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Батчмимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн ******* би өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гээд материалаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр дээрх он, сар засвартай гэх үндэслэлээр 2 гэрчийг татан оролцуулж танай шүүхээр материалаа бүрдүүлэн шийдүүлэхээр хүсэлт гаргаж бүх материал бэлэн болсон болно. Би өөрөө хөдөө малтай мал малладаг тул аймгийн төвд ирээд материалаа бүрдүүлэх ажлаар 20 гаруй хоносон тул миний хүсэлтийг хүлээн авч энэ 7 хоногт багтаан шүүх хурлыг хийж өгч тус болно уу гэжээ.

 

 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар бичсэн хөдөлмөрийн дэвтэр нь засвартай бичигдсэний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хилийн цэргийн 0131 дүгээр ангид няраваар ажиллаж байсан болох нь:

 

1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тус тус  нотлогдож байна.

 

Иймд *******ийг 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хилийн цэргийн 0131 дүгээр ангид няраваар ажиллаж байсан гэж үзэж шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг газар ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт  *******ийг 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хилийн цэргийн 0131 дүгээр ангид няраваар ажиллаж байсныг тогтоосугай.

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР