Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 4632

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 13/а-13 тоотод оршин суух, Их мэргэд овогт Болдбаатарын Мөнхзул /РД:УУ92072561/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 42-97 тоотод оршин суух, Боржигон овогт Энхбаярын Батцагаан /РД:УМ89081316/-д холбогдох,

 Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнхзул, хариуцагч Э.Батцагаан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Батцагаантай 2011 онд танилцаж, 2012 оны 12 сард гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж 2012 онд охин Б.Есүйгэн, 2014 онд хүү Б.Энхтөгс нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Анх намайг жирэмсэн байхад гар хүрч эхэлсэн. 2015 оны 11 сараас эхлэн тусдаа амьдарсан тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Батцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2010 оны 09 сард танилцаж, 2012 онд гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин Б.Есүйгэн төрсөн, 2014 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүү Б.Энхтөгс нар төрсөн. Би эмэгтэй хүнд гар хүрэх нь байтугай ийм байдлыг үзэн яддаг байсан. Тухайн зед яагаад эхнэртээ гар хүрсэн гэхээр эхнэр гэрлэлтийн гэрчилгээг урсан учраас өөрийгөө хянаж чадаагүй. Эвлэрэх аргаа олохгүй өдийг хүрлээ. Эхнэрт минь салах нь амар байгаа бол би түүний саналыг хүндэтгэнэ. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Хүүхдийн тэтгэлэгийн хуульд заасны дагуу төлнө гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б.Мөнхзул нь хариуцагч Э.Батцагаанд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаругулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Б.Мөнхзул, Э.Батцагаан нар 2011 онд танилцаж, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны охин Б.Есүйгэн, 2014 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүү Б.Энхтөгс нарыг төрүүлсэн болох нь 1107001193 дугаартай төрсний гэрчилгээ /хэргийн 5 дахь тал/, Г-4999 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 6 дахь тал/, Г-952 дугаартай  хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд  “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч  талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг  2016 оны 02 дугаар сарын 124-ний өдөр дуусгавар болгожээ.

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй, зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 Охин Б.Есүйгэн одоо 4 настай, хүү Б.Энхтөгс 2 настай, тэд эх Б.Мөнхзулын хамт амьдарч байх ба эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Есүйгэн, 2014 оны 03 дугаар сарын 09-ны өдөр төрсөн хүү Б.Энхтөгс нарыг  эх Б.Мөнхзулын асрамжид үлдээж шийдвэрлэв.

 Хариуцагч Э.Батцагаанаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул,  эцэг Э.Батцагаанаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан  охин Б.Есүйгэн, хүү Б.Энхтөгс нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

             Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                ТОГТООХ нь:  

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Их мэргэд овогт Болдбаатарын Мөнхзул /РД:УУ92072561/, Боржигон овогт Энхбаярын Батцагаан /РД:УМ89081316/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Есүйгэн, 2014 оны 03 дугаар сарын 09-ны өдөр төрсөн хүү Б.Энхтөгс нарыг  эх Б.Мөнхзулын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Есүйгэн, 2014 оны 03 дугаар сарын 09-ны өдөр төрсөн хүү Б.Энхтөгс нарыг  11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Батцагаанаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Батцагаанаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхзулд олгосугай. 

5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй  гэснийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА