Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4347

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 5 гудамж 84 тоотод оршин суух, Отгонтэнгэр овогт Дүгэрсүрэнгийн Каморов /РД:УЕ53050113/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Каморов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ  нь:

 Хүсэлт гаргагч Д.Каморов шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тэтгэврийн мөнгөө авах гэтэл Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч миний тэтгэврийн олголтыг зогсоочихсон байсан. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Ойн нэгдүгээр баазад ажиллаж байсныг гэрчлэх, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн гэсэн нотлох баримт авч ир гэсэн шаардлагыг надад тавьсан. Энэ асуудлаар архиваас ямар ч тушаал, тогтоол олдоогүй ба Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт очсон боловч намайг тус байгууллагад ажиллаж байсныг нотлох баримт олж чадаагүй. Ойн нэгдүгээр баазад хамт ажиллаж байсан жолооч надад шүүхэд нэхэмжлэл гаргахыг зөвлөсөн юм. Миний бие 1989 оны 08 дугаар сар хүртэл Батлан Хамгаалах Яаманд ажиллаж байсан. Тэр үед нийгэм өөрчлөгдөж, улмаар тус ажлаасаа чөлөөлөгдөж, 1992 оны 4 дүгээр сар хүртэл Ойн нэгдлийн нэгдүгээр баазад жолоочоор ажилласан тул 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Үйлдвэр худалдаа ой модны нэгдлийн ойн автотээврийн баазад жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь.

Д.Каморов нь 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Үйлдвэр худалдаа ой модны нэгдлийн ойн автотээврийн баазад жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Архивын Ерөнхий газрын харъяа Үндэсний төв архивын тодорхойлолтоор Үндэсний төв архивын сан хөмрөгт  Ойн 1 дүгээр баазын баримт шилжиж ирээгүй тул Дүгэрсүрэн овогтой Каморовт холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Д.Каморовын 247571 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Үйлдвэр худалдаа ой модны нэгдлийн ойн автотээврийн баазад жолоочоор авч ажиллуулав, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 66 тоот тогтоолоор тус бааж хувьчлагдаж, ажлын орон тоогүй болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт болон гэрч Б.Чулуунхүү, Ч.Батмөнх нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, тэдний хөдөлмөрийн дэвтэр болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Д.Каморов нь 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Үйлдвэр худалдаа ой модны нэгдлийн ойн автотээврийн баазад жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Отгонтэнгэр овогт Дүгэрсүрэнгийн Каморовын   “1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Үйлдвэр худалдаа ой модны нэгдлийн ойн автотээврийн баазад жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                   ТОГТООХ нь:                                                                                    

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  хүсэлт гаргагч Д.Каморовыг  1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Үйлдвэр худалдаа ой модны нэгдлийн ойн автотээврийн баазад жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА