Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 780

 

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2016/00780    

Төв аймаг

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг, Зүүн дэлгэр, А15 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, 50 настай, эмэгтэй, Боржигин овогт Чимэддоржийн Хандсүрэн /РД:НС66070167/-ийн,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Хандсүрэн, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэхэд миний хөдөлмөрийн дэвтрийн овог зөрсөн учраас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Би багадаа нагац ах Зундуй гэдэг айлд байдаг байсан. Дунд сургуулиа төгсөөд Төв аймгийн Замар дахь Хөдөө аж ахуйн техникумд ороод хөдөлмөрийн дэвтэр нээлгэхдээ нагац ах Зундуйгаар овоглож бичсэнийг анзааралгүй явснаас ийм байдалд хүрээд байна. Иймд миний №079385 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Ч.Хандсүрэн намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Хандсүрэн нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн №079385 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Зундуйн Хандсүрэн гэж бичигджээ. /хх-3/

Хүсэлт гаргагчийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудад эцэг Баярын Чимэддоржоор овоглон бичигдсэн байна. /хх 5-6/,

Нэхэмжлэгч Ч.Хандсүрэнгийн эцэг нь Баярын Чимэддорж, эх нь Батын Аюурзана болох нь Ч.Хандсүрэнгийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд Зундуйн Хандсүрэн гэж бичигдсэн №079385 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигин овогт Чимэддоржийн Хандсүрэн /РД:НС66070167/-г мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Боржигин овогт Чимэддоржийн Хандсүрэнг Зундуйн Хандсүрэн гэх №079385 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Хандсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                Д.АЛТАНТУУЛ