Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 774

 

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2016/00774

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг, Төв 4 дүгээр хэсэг, 3 дугаар гудамж, 10 тоотод оршин суух, 49 настай, эрэгтэй, Боржигин овогт Доржийн Сандагсүрэн /РД:НН67062777/-ийн,

Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Сандагсүрэн, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Сандагсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн, 49 настай, ам бүл ганцаараа амьдардаг. Миний нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт Чимэдийн Цэрмаа гэж ээжээр овоглон бичигдсэн байна. Миний бусад бичиг баримт нь эцэг Норовцэрэнгийн Доржоор бичигдсэн. Одоо групп тогтоолгох гэтэл бичиг баримтын овог зөрсөн учраас группэд орж чадахгүй байна. Иймд миний А000168289 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон 01293245 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Доржийн Сандагсүрэн намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Сандагсүрэн нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд №А000168289 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 01293245 дугаартай эрүүл мэндийн дэвтэрт Цэрмаагийн Сандагсүрэн гэж бичигджээ. /хх-3, 27/

Хүсэлт гаргагчийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудад эцэг Боржигин овогт Норовсүрэнгийн Доржоор овоглон бичигдсэн байна. /хх-2, 4/,

Нэхэмжлэгч Д.Сандагсүрэнгийн эцэг нь Боржигин овогт Норовцэрэнгийн Дорж, эх нь Шар бүрд овогт Чимэдийн Цэрмаа болох нь Д.Сандагсүрэнгийн 0000174700 дугаартай төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд Цэрмаагийн Сандагсүрэн гэж бичигдсэн №А000168289 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 01293245 дугаартай эрүүл мэндийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигин овогт Доржийн Сандагсүрэн /РД:НН67062777/-г мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Боржигин овогт Доржийн Сандагсүрэнг Цэрмаагийн Сандагсүрэн гэх №А000168289 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 01293245 дугаартай эрүүл мэндийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сандагсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУУЛ