Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 727

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2016/00727

Төв аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байрлах Агромаштех ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум 5-р баг, Нацагдоржийн 2-р гудамж, 10 тоотод оршин суух, Хатгина овогт Бунтарын Мягмарсүрэн, /РД:НЬ65101271/,

хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р, 6-р хороолол, 2-р байр, 39 тоотод оршин суух, Жүм овогт Нацагдоржийн Ширчин /РД:ШД66031678/ нарт холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний төлбөр 69.977.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад         

                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр TL-14-29 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 29.000.000 төгрөгийн трактор, 33.000.000 төгрөгийн үрлэгч, нийт 62.000.000 төгрөгийн үнэ бүхий техникийн урьдчилгаа 5.000.000 төгрөгийг төлж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлээр ҮТО-854 трактор, 2 ширхэг Омичка СКП-2.1Д тус тус барьцаа хөрөнгөнд байршуулан Б.Мягмарсүрэн нь авсан. Гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн. Барааны үлдэгдэл үнэ 46.651.800 төгрөг, түүний алданги 23.325.900 төгрөг буюу нийт 69.977.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Агромаштех ХХК-тай 57.000.000 төгрөгийн үнэ бүхий трактор, агрегатын хамт худалдаж авах гэрээ хийсэн. Тухайн үед уг гэрээг миний нэр дээр хийхийг хадам ах Н.Ширчин нь гуйсан учраас би нэр дээрээ гэрээ хийсэн юм. Дээрх техникүүдийг авах үеийн урьдчилгаа төлбөр болон зээлийн эргэн төлөлтийг Н.Ширчин нь төлсөн ба одоо уг техникүүд нь түүний эзэмшилд байгаа юм. Агромаштех ХХК-тай хийсэн гэрээг шилжүүлэх тухай саналыг тус компаний удирдлагуудад 3-4 удаа тавьж очсон боловч шийдэгдэхгүй байсаар байгаад ийм байдалд хүрсэн. Би энэ төлбөрийг төлөх боломжгүй юм гэжээ.

Хариуцагч Н.Ширчин шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Агромаштех ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 61.651.800 төгрөг болгож багасгасан. Энэ төлбөрийг хариуцагч Б.Мягмарсүрэнг оролцуулахгүйгээр миний бие Н.Ширчин дангаар хариуцан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгахыг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эвлэрлийн гэрээ болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Агромаштех ХХК нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 69.977.700 төгрөгийг Б.Мягмарсүрэнгээс гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.Ширчин татагдсан бөгөөд хариуцагч Н.Ширчин нь дээрх техникүүдийг хүлээн авсан, төлбөрийг өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Агромаштех ХХК-тай эвлэрлийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулж, шүүхэд ирүүлсэн байна. /хх 43/

Тус эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Агромаштек ХХК нь нэхэмжлэлийн шаардлага69.977.700 төгрөгөөс 8.325.900 төгрөгийг хасч, үлдэх 61.651.800 төгрөгийг хариуцагч Н.Ширчин нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтүүдийг ирүүлжээ. /хх 44-45/

Иймд дээрх хүсэлтүүдийг үндэслэн зохигч эвлэрсэн гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн106.5-т заасныг баримтлан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ нэхэмжлэгч хариуцагч болох этгээдийг өөрөө сонгох эрхтэй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан, энэ хэрэгт хариуцагчаар татагдсан Б.Мягмарсүрэн нь тухайн шаардлагыг хариуцах этгээд биш болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507.840 төгрөгийн 50 хувь болох 253.920 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 253.920 төгрөгийг, хариуцагчН.Ширчингээс 253.920 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Агромаштех ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Агромаштех ХХК нь хариуцагч Б.Мягмарсүрэн, Н.Ширчин нарт холбогдуулан 69.977.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.325.900 төгрөгийг хасч, үлдэх 61.651.800 төгрөгийг хариуцагч Н.Ширчин нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Ширчин сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ