Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 4290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө Энэрэл 3 байр 22 тоотод оршин суух Есөнчоно овогт Банзрагчийн Бат-Аюуш /РД:РЮ76111768/-ийн нэхэмжлэлтэй,

Б.Лхагва-Очиртой хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бат-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бат-Аюуш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Борбаатарын Лхагва-Очиртой 1998 онд танилцаж, 2000 онд нэг гэрт  хамтран амьдарч, 2002 оны 09 сарын 06-ны өдөр охин Л.Энх-Уянга, 2010 оны 07 сарын 16-ны өдөр охин Б.Энхзаяа нарыг төрүүлэн эцэг эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарч байсан. Нөхөр Б.Лхагва-Очир нь 2006 онд Солонгос улсад ажиллахаар яваад 2015 оны 07 сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бид хамтын амьдралын явцдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд том охин Б.Энх-Уянга эцэг Б.Лхагва-Очироор, бага охин Б.Энхзаяа нь надаар овоглож төрсний гэрчилгээ авсан юм. Миний бие нь 2008 оны 07 сард Солонгос улс руу нөхөр дээрэээ очиж хамт ажиллаж амьдарч байгаад 2010 оны 04 сард нутагтаа ирж бага охиноо төрүүлсэн бөгөөд, тухайн үед аав нь солонгос улсад ажиллаж амьдарч байсан тул надаар овоглон төрсний гэрчилгээг авсан болно. Хүүхдүүддээ хуульд заасныг үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэмж авах хүсэлтэй байгаа тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.7, 135.2.14-д тус тус заасныг баримтлан талийгаач нөхөр Хурган овгийн Борбаатарын Лхагва-Очиртой хамтын амьдралтай байсныг, охин Л.Энх-Уянга, Б.Энхзаяа нарын эцэг мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцээд

 

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бат-Аюуш нь Б.Лхагва-Очиртой хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.

Б.Бат-Аюушийн гаргасан хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба хүсэлт гаргагч нь Б.Лхагва-Очиртой хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор насанд хүрээгүй хүү охин Л.Энх-Уянга, Б.Энхзаяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Б.Лхагва-Очир нь Б.Бат-Аюуштай 2000 оноос 2015 оны  7 дугаар сар хүртэл хамтран амьдарч байгаад 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 0000072590 дугаартай нас барсны гэрчилгээ, охин Л.Энх-Уянгын 126 дугаартай, охин Б.Энхзаяа 2425 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Б.Лхагва-Очирын ах Б.Баасанжаргал, эгч Б.Эрдэнэчулуун нарын гэрчийн мэдүүлэг, фото зураг зэргээр тогтоогдож байх Б.Лхагва-Очиртой хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн Б.Бат-Аюушийн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                              ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Есөнчоно овогт Банзрагчийн Бат-Аюуш /РД:РЮ76111768/, Хурган овогт Борбаатарын Лхагва-Очир /РД:РП77033011/ нарыг 2000 оноос 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

            2. Гэр бүлийн тцхай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2000 оны 9 дүгээр сарын 06-ын өдөр төрсөн охин Л.Энх-Уянга, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өдөр төрсөн Б.Энхзаяа нарын эцэг Хурган овогт Борбаатарын Лхагва-Очир /РД:РП77033011/ мөн болохыг тогтоосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ:                                               Х.ЭНХЗАЯА