Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 812

 

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2016/00812

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,

Эмчлүүлэгч этгээд: Баяжих овогт Цоодолын Пүрэвсүрэн РД:/СЭ63040406/,

Өвчний учир албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Янжмаа, эмчлүүлэгч Ц.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Янжмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчлүүлэгч Ц.Пүрэвсүрэн нь Хэнтий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 292 дугаартай шийдвэрээр тус газарт 2016 оны 7 дугаар сарын 8-нд /анх удаа/ ирсэн. Ц.Пүрэвсүрэн нь Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 188/152 тоот хамтарсан Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 3.3-д заасан албадан эмчлэхэд харшлах заалт бүхий зүрх, судасны дутмагшил өвчинтэй болох нь Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон тул өвчний учир эмчилгээнээс чөлөөлөх саналыг гаргаж байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Эмчлүүлэгч Ц.Пүрэвсүрэн нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын хүсэлт, архины шалтгаант зан үйлийн эмгэг оноштойгоор тус газарт албадан эмчлүүлэхээр иржээ.

Эмчлүүлэгч Ц.Пүрэвсүрэнд эмчилгээ хийх явцад Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 188/152 тоот хамтарсан Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 3.3-д заасан албадан эмчлэхэд харшлах заалт бүхий зүрх, судасны дутмагшил өвчинтэй болох нь тус эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөний дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд эмчлүүлэгч Ц.Пүрэвсүрэнгийн албадан эмчлэх хугацааг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Баяжих овогт Цоодолын Пүрэвсүрэнгийн албадан эмчлэх хугацааг өвчний учраас 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөр дуусгавар болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгч этгээд нар тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУУЛ