Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 814

 

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2016/00814

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Д.Алтантуул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Аргалант сум, 2-р баг, Хөшөөт гэх газарт оршин суух Боржигон овогт Жамсранпүрэвийн Ургамал /РД:НШ61071666/-ийн

Б.Эрдэнэцогттой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ургамал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ургамал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 оноос эхлэн Баньдхүүгийн Эрдэнэцогттой танилцаж, хамтран амьдарч байсан ба бидний дундаас охин Тавтуу овгийн Эрдэнэцогтын Бямбацогт 2002 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн юм. Гэрлэлтээ бүртгүүлээгүй. Б.Эрдэнэцогт нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Охин Э.Бямбацогтод тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй гээд тогтоолгож чадахгүй байна. Иймд бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ургамалын талийгаач Б.Эрдэнэцогттой хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч Ж.Ургамал нь талийгаач Б.Эрдэнэцогттой хамтын амьдралтай байсан болох ньтэдний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Э.Бямбацогт төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын тодорхойлолт, талийгаачийн төрсөн эгч Б.Эрдэнэчимэгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эрдэнэцогтын нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Ургамалын Б.Эрдэнэцогттой хамт амьдарч эхэлсэн хугацааг түүний тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн 2000 оноос тооцож, амьдарч дууссан хугацааг Б.Эрдэнэцогтын нас барсан өдрөөр тооцож тус тус тогтоосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигон овогт Жамсрангийн Ургамал, Тавтуу овогт Баньдхүүгийн Эрдэнэцогт нарыг 2000 оноос 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АЛТАНТУУЛ