Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 4280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 3-3 тоотод оршин суух, Баянбанхай овогтой Гансүхийн Ганбаатар /РД:ЧО84032071/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3-59 тоотод оршин суух, Ихмянган овогтой Батмөнхийн Мөнгөнзул /РД:ДЭ87061523/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Уянга, хариуцагч Б.Мөнгөнзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ганбаатар миний бие 2008 онд Б.Мөнгөнзултай танилцаж, улмаар 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр охин Г.Энэрэл төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2010 оноос хойш тусдаа амьдарч байна. Г.Ганбаатар миний бие нь одоо өөр хүнтэй хамтран амьдарч, хүү Ганбаатарын Өнөдэлгэр төрсөн. Одоо Г. Өнөдэлгэр нь 3 настай. Бидний хооронд гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй.  Охин Г.Энэрэл Б.Мөнгөнзулын асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин Г.Энэрэлийг ээжийнх нь асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Мөн хуульд заасан  хэмжээгээр тэтгэлэг төлнө гэжээ.

Хариуцагч Б.Мөнгөнзул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2009 онд Г.Ганбаатартай гэр бүл болсон. 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр охин Ганбаатарын Энэрэл төрсөн. 2010 оны сүүлээр 11 сард би охин Г.Энэрэлийг аваад ээжийнхээ гэрт амьдрахаар явсан. Тэр үеэс хойш бид тусдаа амьдарч байна. Тухайн үед маргаан гарах болсон шалтгаан нь нэхэмжлэгч Г.Ганбаатар нь уурхайд ажилладаг байсан.
Г.Ганбаатар нь уурхайгаас ирээд 2 хоног архидан согтуурч, гэртээ ирэлгүй, данснаасаа 2,000,000 төгрөгийг гарган үрсэн байсан. Үүнээс болж бид маргахад нэхэмжлэгч Г.Ганбаатар нь агсан тавьж, охиныг минь гэмтээсэн учраас би охин Г.Энэрэлийг дагуулан гэрээсээ явсан. Тэр өдөр би охиноо дагуулан гэрээсээ яваагүй бол өөр аюултай зүйл бидэнд тохиолдож болох байсныг үгүйсгэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Мөн охины маань цаашдын амьдралд хэрэг болох тул 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу тогтоолгох хүсэлтэй байна. Нэхэмжлэгч Г.Ганбаатар нь өөр хүнтэй хамтын амьдралтай болж үр хүүхэдтэй болсон тул гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад судлаад 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Г.Ганбаатар нь хариуцагч Б.Мөнгөнзулд  холбогдуулан гэрлэлт цуцлуулах  тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Г.Ганбаатар, Б.Мөнгөнзул нар 2008 онд танилцаж, улмаар 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2009 оны 05 дугаар сарын 12-нд охин Г.Энэрэлийг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 3 дахь тал/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дэх тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд  “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч  талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг  2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгожээ.

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй, нэхэмжлэгч Г.Ганбаатар нь Ц.Дэлгэрбудтай хамтран амьдарч тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Өнөдэлгэр  төрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 Охин Г.Энэрэл одоо 6 настай, эх Б.Мөнгөнзулын хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Г.Энэрэлийг  эх Б.Мөнгөнзулын асрамжид үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Г.Ганбаатар нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул,  эцэг Г.Ганбаатараас  хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан  охин Г.Энэрэлийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.  

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

  Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                          ТОГТООХ нь:  

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Баянбанхай овогт Гансүхийн Ганбаатар, Ихмянган овогт Батмөнхийн Мөнгөнзул нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  төрсөн охин Г.Энэрэлийг эх Б.Мөнгөнзулын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Г.Энэрэлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Ганбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнгөнзулаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганбаатарт олгосугай. 

5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА