Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 832

 

 

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2016/00832

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,

 

 хариуцагч: Төв аймаг, Баянцогт сум, 1-р баг, Даргиатын ам ХХК /РД:5067162/-д холбогдох,

 

цахилгааны үлдэгдэл төлбөрт 75.894.808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад  

            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даргиатын ам ХХК нь 2015 оны 8 дугаар сараас цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 72.773.545 төгрөг, алданги тооцсон 3.121.263 төгрөг, нийт 75.894.808 төгрөгийг одоо болтол төлөхгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй манай байгууллагад хохирол учруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 75.894.808 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагч Даргиатын ам ХХК нь 75.894.808 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, гэрээг шүүхэд ирүүлжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв Даргиатын ам ХХК-аас цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрт 75.894.808 төгрөгийггаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Д.Ууганцэцэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх үүргийг эдлэх эрхийг итгэмжлэлээр олгожээ. /хх4/

 

Хариуцагч Даргиатын ам ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 75.894.808 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганцэцэгтэй Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээг байгуулж, тус гэрээ болон хариу тайлбарыг тус тус 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. /хх 22, 23/

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Даргиатын ам ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 75.894.808 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбар, мөн авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ зэргийг үндэслэн шүүх, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн цахилгаан хэрэглэсний төлбөрт 75.894.808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Даргиатын ам ХХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537.424 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Даргиатын ам ХХК-иас 537.424 төгрөгийг гаргуулан,нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвд буцаан олгосугай.

3. Хариуцагч тохирсон хугацаанд хүлээсэн үүргээ сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ  Д.АЛТАНТУУЛ