Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 824

 

 

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2016/00824

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянжаргалан сум, 1-р баг, Жаргалантад оршин суух, 50 настай, эмэгтэй, Боржигон овогт Должинсүрэнгийн Оюун /РД:НЕ66070965/,

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, мөн ажилласан байдлаа сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюун, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 онд Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчин, саальчнаар орж ажиллаж эхэлсэн бөгөөд, тус нэгдэлд 1991 он хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт овог нэрийг буруу бичсэн. Эхийн овогоор бичихийг эцгийн овгоор, нэрийг Оюун гэхийг Оюунчимэг гэж бичсэн. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт баталгаажуулалт хийгдээгүй байсан байна. Иймд шүүхэд хандаж байна. Иймд миний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, архивын лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтаар тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт зэргийг үндэслэн Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан 10 жилийн хугацааг сэргээн тогтоож, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний болон малчин томилох тухай 1981 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 24 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Оюун нь тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаагийн улмаас ажиллаж байсан байдал, мөн бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн гэх хөдөлмөрийн дэвтэр нь Галсандоржийн Оюунчимэг,

Төв аймаг, Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 24 тоот Малчин томилох тухай тушаалд Галсандоржийн Оюун,

1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 38 тоот Ажилд томилох тухай тушаалд Г.Оюунчимэг гэж тус тус бичигдсэн байх ба нэхэмжлэгч Д.Оюунд холбогдох баримт гэж үзэх боломжгүй байна.

Учир нь: Архивын Ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03-2/574 тоот Хүн амын тооллогын 1989 оны бүртгэлийн лавлагаагаар тухайн үед Галсандоржийн Оюунчимэг нь тус лавлагаагаар 5 настай байсан байна.

Д.Оюун нь 1966 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд тухайн үед 23 настай байхаар байна.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШЗ2016/02410 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулах лавлагааг Төв аймгийн Архивын тасгаас гаргуулсан боловч, тус архивын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 618 дугаартай тоотод Д.Оюунд холбогдох баримт гаргаагүй-г дурдах нь зүйтэй байна.

Иймд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Оюуны гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-дзаасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Боржигон овогт Д.Оюуны Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, мөн ажилласан байдлаа сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУУЛ