Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 852

 

 

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2016/00852

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, ------------- тоотод оршин суух,эмэгтэй, 23 настай, Боржигон овогт -Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, З----- тоотод оршин суух, эрэгтэй, 25 настай, Боржигон овогт Д, От- холбогдох,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа, хариуцагч Д.Отгонбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Отгонбаяртай 2015 оноос хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд 2016 оны 4 дүгээр сарын 5-ний өдөр хүү Ц.Ууганбаяр төрсөн. Д.О- нь надтай сууна гэж хамт амьдарч байснаа хүүхэдтэй болонгуут уулзахаа больсон. Д.О- нь тусдаа амьдралтай болсон. Ц.Ууганбаяр нь төрсөн хүүхэд нь мөн юм. Гэрлэлтээ баталгаажуулаагүй учир өөрөөрөө овоглосон. Иймд миний хүү Ц.Ууганбаярын эцэг Д.О- мөн тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүүхэд мөн тул тэтгэлэг төлнө,татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх, зохигчдын тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Ц- нь Д.О-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын дундаас 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү Ц.Ууганбаяр төрсөн байна.

Хариуцагч Д.О- нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр хуульд тусгажээ.

Ц.Ууганбаяр нь одоо 4 сартай /нялх/ байдлыг харгалзан үзэж, түүнийг эх Ц.Ц-н асрамжинд үлдээж, эцэг Д.О-с хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Ц- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн хүү Ц.Ууганбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.О-с гаргуулсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа улсын тэмдэгийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.209 төгрөгийг хариуцагч Д.О-с гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар хариуцагч Д.Отгонбаяр шүүхийн энэ шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ