Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг 8-45 тоотод оршин суух Очирбатын Нармандахын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-03 тоотод оршин суух Алзахгүйн Гэрэлцэцэгт холбогдох

1.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Нармандах, хариуцагч А.Гэрэлцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Нармандах нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Очирбат овогтой Нармандах би 2015 онд Жижиг дунд үйлдвэрлэл дээр оёдолчин хийдэг байсан. А.Гэрэлцэцэг нь миний ажил дээр ирж уулзан эгчид нь мөнгөний хэрэг гараад байна, чи өөрийнхөө нэр дээр банкнаас зээл аваад өгөөч, би авсан зээлийн чинь хүүг сар сард нь төлж байна гэсэн. Тэгээд би Хаан банкнаас 24 сарын хугацаатай жилийн 30 хувийн хүүтэй, 5 сая төгрөг өөрийнхөө нэр дээр авсан. Зээлийн барьцаанд нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг 4-39 тоот 728.6 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 6 ханатай гэр, BSB хөлдөөгч, угаалгын машин, LCD телевиз барьцаалан зээл авсан. А.Гэрэлцэцэгт банкнаас зээл авсан өдрөө 2.500.000 төгрөгийг шилжүүлэн, зээлийн сарын хүү болох 280.000 төгрөгийг тэнцүү хувааж хийхээр тохирсон. А.Гэрэлцэцэг нь зээл авсны дараа 02, 03, 04 сарын хүүг хугацаанд нь хийсэн, 05 сарын хүүг хийгээгүй, 06, 07, 08 сарын хүүг төлсөн. О.Нармандах би 08 сард А.Гэрэлцэцэгийнд нөхрийн хамт очин, хүүхэд сургуульд явсан, төлбөр хийнэ, зээл хий, дахин зээл авна гэж хэлтэл эгчид нь ямар ч боломж алга, энэ мөнгийг авч бай гээд бэлэн 500.000 төгрөг өгөөд хүүгээ бас цагт нь хийгээд явъя гэсэн. Уг 500.000 төгрөгийг 05 сарын хийгдээгүй зээлийн хүү, мөн 09, 10 дугаар сарын хүүнд тооцсон. 11, 12 сарын хүүг хийсэн. 2016 оны 01, 02 сарын хүүг хийсэн. 02 сарын хүүг хийхгүй хугацаа хэтрээд байхаар нь би Гэрэлцэцэг рүү ярьсан. Гэтэл би хөдөө явлаа, гэрт охинд мөнгө үлдээсэн очиж ав гэсэн. Тэгээд би таксигаар гэрээс нь очиж 140.000 төгрөг бэлэн авч Хаан банкинд өөрөө хийсэн. Үүнээс хойш нэг ч төгрөг хийгээгүй. А.Гэрэлцэцэгтэй ярихаар мөнгө алга гэдэг, ихэнхи үед утсаа авдаггүй, нэг бол холбогддоггүй. Миний авсан зээлийн хугацаа хэтрээд дахин зээл авах ямар ч боломжгүй болоод байгаа болохоор би А.Гэрэлцэцэгийг шүүхэд өгсөн. Тэгээд сум дундын  иргэний  хэргийн  анхан  шатны  шүүхийн  эвлэрүүлэн  зуучлахад очиж уулзахад А.Гэрэлцэцэг нь би авсан 2.500.000 төгрөгөө төлж дууссан. Бэлэн 500.000 төгрөг өгсөн, танай нөхөрт 110.000 төгрөгийн эм, мөн хүүд чинь Бигэрийн алтан дээр байхад нь 200.000 төгрөгийн хоол зээлж өгсөн гэсэн. Энэ өгсөн гэх 310.000 төгрөгийг А.Гэрэлцэцэгийн төлөөгүй байгаа 03, 04 сарын хүүний мөнгөнд тооцно. А.Гэрэлцэцэгээс өөр авсан бараа материал, мөнгө төгрөг байхгүй болно. Иймд төлөгдөөгүй 05, 06 сарын зээлийн хүү, үлдсэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сарын хүү, нийт 10 сарын хүү болох  1.400.000 төгрөгийг А.Гэрэлцэцэгээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А.Гэрэлцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Нармандах ямарч үндэслэлгүйгээр худлаа ярьж байна. О.Нармандах жижиг дунд үйлдвэрт оёдолчин, н.Дэнсмаа гуталчингаар ажилладаг байсан. Би Хүслийн хүч багийн Говь-Алтай аймаг дахь захирал ажилтай. н.Дэнсмаа надаас зүүлт, бугуйвч авч зардаг. Мөн 900.000 төгрөг зээлж авсан байсан. Би тэр мөнгөө авах гээд эд нарын ажилладаг ажил дээр байнга очдог. Надад анх О.Нармандах, А.Гэрэлэцэцэг эгчээ та надад Хаан банкнаас зээл хөөцөлдөөд өгөөч гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хэдэн төгрөг юм бэ гэхэд 500.000 төгрөг гэхээр нь би өөрөө очоод авчих гэж хэлж байсан. Тэгтэл манайх өвөл зээл авчихаад тэрийгээ төлөөгүй учраас надад зээл өгөхгүй байгаа, тэгээд би очихгүй байгаа юм гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш 3-4 сарын дараа н.Дэнсмаатай уулзах гээд явж байгаад О.Нармандахтай уулзахад та нөгөө банкны зээл хөөцөлдөөд өгөөч гэхээр нь би н.Дэнсмаагаас мөнгөө авч чадахгүй байна. н.Дэнсмаа Хаан банкинд найдвартай зээл авч өгөх эдийн засагч таньдаг хүн байгаа гэж хэлсэн. н.Дэнсмаа надад 2.700.000 төгрөг өгөх ёстой юм. н.Дэнсмаа, О.Нармандахад зээл авч өгөхөөр болж бид нар уулзсан. Тэгээд н.Дэнсмаа, О.Нармандах хоёр зээл хөөцөлдөхөөр болж үлдээд, би Улаанбаатар хот руу семинарт явсан. Хотод байхад араас утсаар яриад миний зээл болчихсон, манай нөхөр танд 2.500.000 төгрөгийг өгнө гэж байна. Гэхдээ н.Дэнсмаа мөнгө авна гээд байна гэхээр нь шууд миний данс руу хийчих гээд хийлгэсэн. Тэгээд хотоос ирчихээд н.Дэнсмаатай уулзахад нөгөө хүүхэн чинь зээлээ хөөцөлдүүлж бүтээчихээд надад мөнгө өгөхгүй байна. Би тэр зээлийг нь төлөхгүй гэхээр нь би О.Нармандахтай уулзах гэтэл би завгүй байна гээд надтай уулзаагүй. Би О.Нармандахаас авсан 2.500.000 төгрөгөө төлсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан, дээрх мөнгөний хүүг нэхэмжилж байгаа би өгөх боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч О.Нармандах нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны Говь-Алтай салбартай №ЗГ15/01/20/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан болох нь зээлийн гэрээ болон зээл буцаан төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна

Уг зээлийн  гэрээний дагуу авсан 5.000.000 /таван сая/ төгрөгөөс 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг А.Гэрэлцэцэгт  шилжүүлж, зээл буцаан төлөх хуваарийн дагуу сар бүр төлөгдөх зээлийн төлбөр 280.000 төгрөгийн тал буюу 140.000 төгрөгийг А.Гэрэлцэцэг төлөхөөр тохиролцсон болох бодит байдал зохигчдын харилцан зөрүүгүй тайлбар болон О.Нармандахаас А.Гэрэлцэцэгт 2.500.000 төгрөг шилжүүлсэн баримт, О.Нармандахад уг төлбөрт 140.000 төгрөгийг шилжүүлж байсан баримт зэргээр тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь тодорхой хэмжээний мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, хариу төлбөр төлөх үүрэг хүлээсэн зэрэг шинжэээрээ хууль зүйн хувьд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч О.Нармандах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч А.Гэрэлцэцэгээс зээлийн төлбөр  гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь хүүний төлбөр гэх шаардлага нэхэмжилсэн байгаа боловч талуудын хооронд ашиг олох зорилго бүхий хүү тогтоож тохиролцоогүй байх ба харин зээлийн гэрээний нэг нөхцөл болгож зээлээр буюу буцаан төлөх нөхцөлтэй шилжүүлсэн 2.500.000 төгрөгт ноогдох үндсэн зээлийн болон хүүний төлбөр 280.000 төгрөгийг хувааж 140.000 төгрөгийг банкинд төлж байх нэмэлт нөхцлийг тохирсон болох нь мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь хуульзүйн утгаараа зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч А.Гэрэлцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нармандахад 2.500.000 төгрөг өгсөн, авсан мөнгөө төлсөн гэж үзэж байна, хүү төлж чадахгүй” гэж тайлбарлаж байгаа боловч 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 140.000 төгрөг , 03 дугаар сарын 20-ны өдөр 140.000 төгрөг,  04 дүгээр сарын 22-ны өдөр 140.000 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдөр 140.000 төгрөг, 07 дугаар сарын 20-ны өдөр 140.000 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр 140.000 төгрөг, 11 дүгээр сарын 27-ны өдөр 95.000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 185.000 төгрөг, 12 дугаар сарын 21-ний өдөр 140.000, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 140.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөгийг дансаар,  2015 оны 08 дугаар сард 500.000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сард гэрээс нь 140.000 төгрөгийг очиж авсан, эмний мөнгө 110.000 төгрөг, хүүхдэд өгсөн 200.000 төгрөг нийт 950.000 төгрөгийг бэлнээр авсан. Нийт дансаар болон бэлнээр 1.400.000+950.000=2.350.000 төгрөгийг авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Дээр дурдсан гэрээний нөхцлийн дагуу хэрэгт авагдсан банкны зээлийн төлөлтийн хуваарийг үндэслэн тооцоход зээл төлж эхлэх хугацаа буюу 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаа буюу 2016 оны 8 сар хүртэл 2.500.000 төгрөгт ноогдох үндсэн төлбөр 2.558.165 төгрөг, хүүд 1.356.222 төгрөг төлөхөөр байх тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

Мөн хариуцагч нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний мөнгө авах ёстой байсан н.Дэнсмаад О.Нармандах нь өртэй байсан учраас О.Нармандахын хүссэн зээлийг н.Дэнсмаагаар хөөцөлдүүлэн гаргуулж, н.Дэнсмаагийн өрийг шилжүүлэн авсан” гэж тайлбарлаж байгаа ч энэ тайлбар, татгалзлын үндэслэл нь баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд авч үзвэл нэхэмжлэгч нь нэг сарын төлбөр 140.000 төгрөгийг банкны зээл төлж эхлэх хугацаанаас эхлэн төлж дуусах хүртэл буюу 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаагаар тооцон 1.400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Шүүх нэхэмжлэлээр шаардсан төлбөр, хохирлыг хариуцагчаас төлж байсан хугацааны төлбөрийг хасч тооцон хохирол бодитой учирсан байх хуулийн агуулгаар нь авч үзэж нэг сард төлөх 140.000 төгрөгийг 5 сарын хугацаагаар тооцож 2016 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сард ноогдох төлбөр, хүү  700.000  төгрөгийг  гаргуулан,  үлдэх  хэсэг буюу   ирээдүйд   бий   болох   агуулгаар нэхэмжилсэн шаардлагад ноогдох 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь ирээдүйд тухайн хохирол бодитойгоор учирвал дахин нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 37.350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч А.Гэрэлцэцэгээс нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 700.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Нармандахад олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Бэсүд Алзахгүйн Гэрэлцэцэг /РД:ДЮ68112408/-ээс 2016 оны 04, 05, 06, 07, 08 дугаар сарын төлбөр, хүү 700.000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шаахүү Очирбатын Нармандах /РД:ДЮ70111061/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 37.350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч А.Гэрэлцэцэгээс  нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 700.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Нармандахад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН