Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 4637

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2016/04637

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж Центр-34б байр 406 тоотод байрлах “Дэлгэрэн үржих капитал” ББСБ-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 68/3 дугаар байр 03 тоотод оршин Чулуут амины орон сууц 5 дугара гудамж 23 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвжавын Заяабаатарт /РД:ИЦ77030313/-д холбогдох

44,662,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Заяабаатар нь “Дэлгэрэн үржих капитал” ББСБ-аас 2014/701 тоот гэрээгээр 30,000,000 төгрөг, 2015/301 тоот зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөг нийтдээ 55,000,000 төгрөгийг зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар үйлдэн нотариатаар батлуулж зээлж авсан ба өнөөдрийн байдлаар 40,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Өмнө нь зээлдэгч гэрээг удаа дараа сунгаж байсан, мөн гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байсан тул мэдэгдэх хуудас зээлдэгчид хүргүүлж байсан. Заяабаатарын төлөөгүй төлбөр нийтдээ 44,662,000 төгрөг болоод байна. Заяабаатарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 68/3 байр 13 тоот байраар хангуулах захирамж гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч П.Заяабаатар, хамтран зээлдэгч Т.Дэлгэрцогт нартай бичгээр тохиролцож 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.Үүнд: “Тус компани нэхэмжлэлийг шүүхэд 2016 оны 04 сарын 26-ны өдөр гаргасан ба энэ өдрөөр гаргасан тооцоог хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш 5 сарын 03-ны өдөр Заяабаатар миний бие 2016 оны 03 сарын дутуу хүү 1,000,000 төгрөг, Т.Дэлгэрцогт миний бие 04 сарын 26-ны өдөр 4 сарын хүү болох 680,000 төгрөгийг төлсөн. Иймд нийт төлбөрөөс 1,680,000 төгрөгийг хасаад 42,982,000 төгрөгийн тооцоог Заяабаатар, Дэлгэрцогт бид хоёр хүлээн зөвшөөрч байна. 2,982,000 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр төлнө, Үлдсэн 40,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2016 оны 09 сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэн үржих капитал” ББСБ нь хариуцагч П.Заяабаатарт холбогдуулан 44,662,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч  П.Заяабаатар, хамтран зээлдэгч Т.Дэлгэрцогт нартай нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, М.Мэндсайханд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч П.Заяабаатар /хамтран зээлдэгч Т.Дэлгэрцогтын хамт/ нь “Дэлгэрэн үржих капитал” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 44,662,000 төгрөгөөс 1,680,000 төгрөгийг төлж, үлдэх 42,982,000 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр төлнө, Үлдсэн 40,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2016 оны 09 сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгахаар зохигчид эвлэрснийг баталж, П.Заяабаатарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дэлгэрэн үржих капитал” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,260 төгрөгнөөс 190,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 190,630 төгрөгийг, хариуцагч П.Заяабаатараас 190,630 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дэлгэрэн үржих капитал” ББСБ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР