Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 4674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат өргөө хороолол, 407 дугаар байр, 128 тоотод оршин суух Дөш овогт Хашбаатарын Мөнгөнчимэг /РД:ОА85080707/, Боржигон овогт Баясгалангийн Хосбаяр /РД:ЦВ86042779/ нарын хүүхдийн эцэг, эхийг  тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч бөгөөд хүсэлт гаргагч Б.Хосбаярын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнгөнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Х.Мөнгөнчимэг Б.Хосбаяр нар  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

“Х.Мөнгөнчимэг нь Швейцарь улсад цагаачлаж байх хугацаанд буюу 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Швиц төрөх эмнэлэгт охин Сүндэрийг төрүүлсэн. Х.Мөнгөнчимэг нь цагаачлалын хуулийн дагуу өөрийн жинхэнэ нэр, төрсөн он, сар, өдрөө нууцалж өөрийн цагаач нэр болох Ван Вэй Мөнгөн овгоор охиноо овоглосон. Тухайн үед Швейцарь улсад амьдарч байх үед энэ овог нэрээр нэрлэгдэж байхдаа хүсэлт гарган Монгол улсдаа буцаж ирэхдээ өөрийн жинхэнэ бичиг баримтаа бүрдүүлэн өгч Хашбаатарын Мөнгөнчимэг гэдэг овог нэрээрээ ирсэн. Одоо цагаачлалын асуудал дуусгавар болж, эх  орондоо бүрмөсөн ирсэн. Тухайн үед охиныхоо төрсний гэрчилгээг консулын газраас авах боломжгүй байсан.

 

Монголд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирээд, охиныхоо төрсний гэрчилгээг авахаар дүүргийн иргэний бүртгэлд хандахад Сүндэр нь гадаадад төрсөн Монгол улсад иргэний ямар ч бүртгэлгүй хүүхэд учир шүүхэд ханд гэсэн тайлбар өгсөн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Охинд маань Монгол улсын иргэн, төрсний гэрчилгээ авахад нь дөхөм болох үүднээс Сүндэрийн эцэг, эх нь Баясгалангийн Хосбаяр, Хашбаатарын Мөнгөнчимэг мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Хосбаяр, Х.Мөнгөнчимэг нар  нь  Сүндэрийн эцэг, эх болохыг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Х.Мөнгөнчимэг нь охин Сүндэрийг Швейцарийн Холбооны Улсад цагаачилж байх хугацаандаа төрүүлсэн бөгөөд охиноо өөрийн цагаачлалын нэр болох Ван Вэй Мөнгөн нэрээр овоглосон, тухайн үед төрсний гэрчилгээ авах боломжгүй байсан талаар тайлбарыг гаргасан.

 

Сүндэрийн  эцэг, эх нь Б.Хосбаяр, Х.Мөнгөнчимэг нар  болохыг захиргааны журмаар тогтоогоогүй, Монгол Улсын иргэн болохыг нотолсон төрсний гэрчилгээ байхгүй бөгөөд түүний эцэг, эхийг өөр журмаар тогтоолгох боломжгүй тул шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагчид нь хүчин төгөлдөр бүртгэлтэй гэр бүл, Монгол Улсад төрсөн хүүхдүүдийн хамт амьдарч байгаа болох нь “Х.Мөнгөнчимэг Б.Хосбаяр нар  2007 оны 10 дугаар сарын 31-нд гэр бүл болсныг 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1450 дугаарт бүртгэсэн” 0091742-1450 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хх-6/, хүү Анар, охин Сүндэр нарын хамт ам бүл 4 оршин суудаг болохыг Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны  Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 580 дугаар тодорхойлолт /хх-9/, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4051 дүгээр дүгнэлтэд “Б.Хосбаяр, Х.Мөнгөнчимэг нар  нь  Сүндэрийн эцэг, эх байх боломж удамшлын дагуу үгүйсгэгдээгүй, биологийн эцэг, эх байх магадлал 99,99 хувьтай” гэжээ.

 

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолтод “Монгол Улсын иргэн Хашбаатар овогтой Мөнгөнчимэг нь 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр охин Хосбаярын Сүндэрийг Швейцарийн Холбооны Улсын Швиц Кантоны “Spital Schwyz” амаржих газарт төрүүлснийг хүүхэд төрсөн тухай холбогдох байгууллагуудын тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг үндэслэн тодорхойлов” /хх-3/ гэжээ.

 

Х.Мөнгөнчимэг нь хүү Х.Анар, охин Х.Сүндэр нарын Монгол Улс руу буцах үнэмлэхийг Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргуулан авч, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсад ирсэн байна. Буцах үнэмлэхэд “/эцэг эх/-ийн нэр Хосбаяр, нэр Сүндэр, иргэний харьяалал Монгол Улс, төрсөн он, сар, өдөр 2014.04.29” гэж бичигджээ.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн Сүндэрийн эцэг, эх нь Б.Хосбаяр, Х.Мөнгөнчимэг нар  мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Сүндэрийн эцгээр Боржигон овогт Баясгалангийн Хосбаяр /РД:ЦВ86042779/, эхээр Дөш овогт Хашбаатарын Мөнгөнчимэг /РД:ОА85080707/ нарыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.ЦЭРЭНДОЛГОР