Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Л.Соёлмаа, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М.Сарнайгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бадар-Ууганд холбогдох “Гэм хорын хохирол 3.490.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Туяа, иргэдийн төлөөлөгч Т.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1 дүгээр баг Бүргэдэй орон сууц 5 дугаар байр 08 тоотод оршин суух хаягтай Ц.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

     .... 01-88 ОРХ улсын дугаартай “Ниссан-Тайна” машиныг эзэмшигч миний зөвшөөрөлгүй Б.Бадар-Ууган унаж явахдаа зам тээврийн осол гаргаж эвдсэн. Хохирлын үнэлгээ 3.364.000 төгрөг, журмын хашааны үнэ 100.000 төгрөг, хохирлын нэмэлт үйлчилгээний хөлс 26.000 төгрөг нийт 3.490.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       ....Миний охин  М.Сарнайгийн 0188 ОРХ дугаартай “Ниссан-Тиана” машиныг Бадар-Ууган барьж яваад аваар гаргаж тэр чигт нь журмын хашаанд тавьсан байсан.

            Уг хэргийг шалгаж байхад Б.Бадар-Ууган ... “хохирлыг барагдуулна гомдолгүй гэж хэлж өгөөч” гэж гуйчихаад өгөөгүй. Харилцан тохиролцож засвар хийлгэх талаар ярилцсан боловч мөнгө өгөөгүй тийм болохоор хохирлын үнэлгээ 3.364.000 төгрөгийг нэхэмжилж байна. Машины өмчлөгч М.Сарнай Б.Бадар- Ууганд машин барих эрх олгоогүй байхад өмчлөгчийн зөвшөөрөлгүй унаж явсан. машинд эвдэрсэн эвдрэлийг “Ашид Билгүүн” ХХК үнэлгээний байгууллагаар тогтоолгосон..... гэх

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай Ч.Туяа нь шүүхэд  гаргасан хариу тайлбартаа: ...

       ... Миний хүү Б.Бадар-Ууган нь одоо Мандал суманд ажиллаж байгаа. Тэгээд 2 газарт амьдарч байхаар гээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ирж амьдарч байсан. Ингээд Ц.Болормаагаас байр авсан гэдэг болохоор хоорондоо орж гардаг

 

 хүмүүс байсан юм байна лээ. 2014 оны  05 сарын 06-ны орой 23 цагийн үед утас нь дугараад байхаар нь Э.Билгүүн утсаа авахад “Б.Бадар-Ууган байна уу?, хүрж ирээд аваач, Болороо эгчид чинь хэлсэн, ороод түлхүүр ав” гэсэн.

   Тухайн үед миний хүү Б.Бадар-Ууган эхнэр, 2 хүүхэдтэйгээ унтах гээд  байж байхад нь дуудахаар нь Билүүн орж Ц.Болормаагаас “С.Отгонбаатар ах түлхүүр ав гэсэн” гээд аваад замдаа явж байгаад осол гаргасан байдаг. Гэтэл маргааш нь С.Отгонбаатар миний хүүд “чи намайг дуудсан гэж битгий хэлээрэй, эхнэрийнхээ дугуйг авах гээд явж байсан гэж хэлээрэй” гэсэн байдаг. Ер нь бол С.Отгонбаатар миний хүүг тэр орой дуудаагүй байсан бол ийм олон сая төгрөгний өрөнд орохгүй байсан. 

“Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээг бид үзсэн. Болж өгвөл мөнгийг нь өгье гэж бодоод уулзсан боловч бид чадаагүй. Иргэний хуулийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн эзэн өөрөө хариуцлага хүлээхээр байгаа юм. Иймд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, төлөхгүй гэж үзэж байна. “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээний хувьд маргалдах зүйлгүй. Үнэн зөв гарсан байлгүй дээ. Осол болох үед миний хүү Б.Бадар-Ууган нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан. Үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэдгийг ойлгож байсан гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Туяа 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     ... 2014 оны 05 дугаар сарын 06-ны орой 23 цаг, 20 минутын орчимд эхнэр С.Мөнхдарь, дүү Э.Билгүүний хамт гэртээ унтаж байхад С.Отгонбаатар утасдаж Болороо эгчид нь хэлчихсэн манайхаас миний машины түлхүүр аваад машин аваад Сэлэнгээс намайг ирээд ав гэсэн.

          Б.Бадар-Ууган дүү Э.Билгүүний хамт 23 цаг 40 минутын үед Алтанбулаг Сүхбаатарын чиглэлд явж байтал гэнэт адуу гарч ирж энэ осол болсон. Маргааш нь 2014 оны 5 сарын 7-нд С.Отгонбаатар Б.Бадар-Ууганыг дуудаж намайг дуудсан гэж цагдаад битгий хэлээрэй эхнэрийнхээ машины дугуйг авах гэж явсан гэж хэлээрэй гэсэн. С.Отгонбаатар Б.Бадар-Ууганыг дуудаагүй бол ийм зүйл болохгүй байсан.  Ц.Болормаагаас өөрөөс нь түлхүүр авч явж байгаад ийм байдалд хүрсэн.  Отгонбаатр дуудаагүй бол. Машиныг нь авч явах ямар ч шаардлага байгаагүй. Өөрөө түлхүүр өгсөн байж М.Сарнайгаас зөвшөөрөл аваагүй гээд байгаа юм. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй. 243-р ангийн хохирлыг барагдуулсан. Тэр мөнгийг С.Отгонбаяраас нэхэмжилэхэд миний нэхэмжлэлийг буцаасан. Цагдаагийн газраас хэргийг хэлэлцэж эхлэх үед М.Сарнай Эрдэнэтээс ирж байсан. Б.Бадар-Ууган хүний машиныг өөрийн дураар авч яваагүйг гэрчлэх гэрч олон байгаа. Тиймээс нэхэмжлэгч М.Сарнайгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! ... гэх,

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.Сарнайгийн нэхэмжлэлтэй Б.Бадар-Ууганаас 3.490.000 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн бодит үндэслэлтэй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн дээрх нэхэмжлэл, тайлбар болон хавтаст хэргийн 4-9, 30 дахь талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

            Харин хариуцагч болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... энэ хэрэгт тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрөө хариуцлага хүлээх тул нэхэмжлэлийн шаарлагыг зөвшөөрөхгүй, харин хохирлын үнэлгээн дээр маргах зүйлгүй гэж байгаа боловч тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хэрэгт авагдсан / хэргийн 9, 48 дугаар тал / тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр М.Сарнай мөн болох нь нотлогдож байгаа ба зохигчийн шүүхэд өгсөн дээрх тайлбараар бол осол гарсан өдөр буюу 2014 оны 5 сарын 06-ны өдөр М.Сарнай нь Эрдэнэтэд байсан бөгөөд тэрээр С.Отгонбаатар, С.Мөнхдарь нарт машинаа барих итгэмжлэл хийж өгсөн байсан ба тухайн өдөр С.Отгонбаатарын дуудлагаар Э.Билгүүн нь М.Сарнайгийн гэрээс машины түлхүүрийг авч  итгэмжлэлгүй, машин барих эрхийн үнэмлэхгүй Б.Бадар-Ууганд өгч тэрээр уг машиныг өөрөө дур мэдэн жолоодож хурд хэтрүүлэн яваад зам тээврийн осол гаргаснаас тухайн тээврийн хэрэгсэлд “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээгээр / хэргийн 8, 30 тал / 3 364 000 төгрөг, үйлчилгээний хөлс 26 000 төгрөг, нийт 3.390.000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэм буруутай болох нь давхар нотлогдож байна.

            Мөн хэргийн 119 дүгээр талд авагдсан ... ахлах үнэлгээчин Б.Шинэбаярын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тухайн автомашины эвдрэлд тогтоосон дээрх үнэлгээг хууль зүйн үндэслэл бүхий үнэн зөв үнэлгээ гэж шүүх үзэв. 

Мөн хариуцагч болон түүний төлөөлөгчөөс шүүхэд бичгээр / хэргийн 28-29 тал/ болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа ... энэ хэрэгт тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрөө хариуцлага хүлээх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч тэрээр ийнхүү гэм хор учруулсан нь хариуцагчийн буруугаас болоогүй гэдгээ шүүхэд нотолж чадаагүй байна.

Хууль зүйн үндэслэл нь: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар ... Б.Бадар-Ууган нь тухайн тээврийн хэрэгсэлийг /жолоодох/ ашиглахдаа өмчлөгч М.Сарнайгийн зөвшөөрөлгүйгээр өөрөө дур мэдэн унаж хурд хэтрүүлэн явснаас осол гаргасан нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул хохирлын заримыг хариуцах  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Нэхэмжлэгчээс уг машиныг журмын хашаанд хадгалсны хөлсөнд 100.000 төгрөг нэмж нэхэмжилж байгаа боловч энэ тухайгаа нотолсон баримт хэрэгт байхгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Бадар-Ууганаас 3.390.000 төгрөг гаргуулж М.Сарнайд олгож, 100.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.790  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3.390.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 69.190 төгрөгийг Б.Бадар-Ууганаас гаргуулж М.Сарнайд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй   болохыг  дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд оролцсон зохигч  энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан авахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                                                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.ЭНХТАЙВАН

 

                                                   ШҮҮГЧИД                                     Л.СОЁЛМАА

                                                                        

                                                                                                        Д.МӨНХЦЭЦЭГ