Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 399

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

             Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй  Д.Амаржаргалд  холбогдох “1500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

                                                            Тодорхойлох нь:

           Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       ... Д.Амаржаргал нь хүүхдийн сургалтын төлбөр төлөх болоод байна 1.000.000 төгрөг зээлүүлээч ээ удаахгүй өгнө гэж гуйхаар нь надад мөнгө алгаа. Манай дүү хоёр ихэр хүүхдийнхээ мөнгө 2.000.000 сая төгрөг одоо авч байгаа түүнээс нь зээлээд удаахгүй өгнө гэвэл дүүгээсээ авч өгье гэж анх бидний харилцаа үүссэн.

          Дүүгийнхээ хүүхдийн 2.000.000 төгрөгнөөс нь 1.000.000 төгрөгийг зээлэн 2015 оны 03 дугаар сарын 18-аас 2015 оны 05 дугаар сарын 18-ны хугацаанд төлөхөөр сард 8%-ийн хүүтэй албан ёсны гэрээ байгуулж, уг мөнгийг Амаржаргалд бэлнээр нь өгсөн /нөхөр Төгсбаяр нь байсан/. Д.Амаржаргал тухайн үед хүүгээ ч хугацаанд нь өгөхгүй нэхүүлж байж 2015 оны 04 дүгээр сард 80.000 төгрөг, 06 дугаар сард 160.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сард 50.000 төгрөг гэж хүүний мөнгө өгсөн.

          Амаар гэрээгээ сунгаад л явж байсан. Эхэлж утасдахад өгнөө, барагдуулнаа л гэдэг байсан. Сүүлийн үед утасдахад утсаа авахгүй салгадаг болсон. Тэр үед нөхөр нь өвчтэй зовлонтой ажил төрөлгүй байсан үед нь харгалзаж үзэж сануулаад, авч чадахгүй яваад тэд ч өгөхгүй өдий хүрлээ.

          Энэ хугацаанд би төрсөн 2 дүүгээ гэнэтийн ослоор ойрхон алдсан. Тухайн үед надад үхэл зовлон тохиож шарилыг y, авчирах бензин тосны зардал мөнгө хэрэг болоод мөнгөө хэлж гуйж, хүнээр хүртэл хэлүүлж байсан боловч өгсөнгүй. Хэтэрхий хүн хүндээ хүнлэг бус зан гаргаж байсан.

          Иймд гэрээнд заасны дагуу үндсэн мөнгө 1.000.000 төгрөг, алданги 2015 оны 05 дугаар сарын 18-наас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийu дуустал нийт 391 хоног, өдрийн 50.00 төгрөгөөр тооцоолоход 1.955.000 төгрөгний алданги гарсан боловч гэрээний дагуу гүйцэтгээгүй дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтын дагуу алданги нь 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Д.Амаржаргал нь  2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

     ... Сэлэнгэ аймаг, Сүхбаатар, 2 дугаар баг, 15 дугаар байр 04 тоотод оршин суух Дугарсүрэн овогтой Амаржаргал миний бие 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Д.Оюунчимэгээс 8 хувийн хүүтэй 1.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай барьцаагүй зээлсэн нь үнэн болно.

         Авсныхаа дараа 80.000 төгрөг, 160.000 төгрөг, 50.000 төгрөг өгсөн. Ингээд 4 сард нь нөхөр ажилгүй болоод Улаанбаатар хот руу байнга яваад бие нь өвдөж хагалгаанд ороод гачигдал гарсан тухайгаа Д.Оюунчимэгт хэлж байсан. 2016 оны 3  дугаар сард нөхөр маань ажилд орсон. Д.Оюунчимэг бид хоёрт гачигдал гарлаа гэдгийг ойлгож байсан.

 

          Бид хоёр аавтайгаа амьдардаг байсан. Аав маань сая өнгөрөөд аавыгаа Зэлтэрт нутагт нь нутаглуулаад ирсэн. 2016 оны 08 дугаар сарын 17-нд аавын маань 49 хоног дуусна. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Д.Оюунчимэгийн нэхэмжилж байгаа 1.500.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

                                                               Үндэслэх  нь:

           Д.Оюунчимэг нь  Д.Амаржаргалд холбогдуулан “Зээл, зээлийн алданги 1.500.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Энэ нь хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

          Хариуцагчийн зөвшөөрөл нь хуулинд нийцсэн гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгний 50 хувь болох 19.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 19.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2-т хэсэгт зааснаар Д.Оюунчимэгийн  нэхэмжлэлтэй Д.Амаржаргалд холбогдох Зээл, зээлийн алданги 1500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний  хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгний 50 хувь болох 19.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 19.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

                       ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ