Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4799

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б-46   тоотод оршин суух  Бүргэд овогт Галчулууны Мөнхтуяа /Регистрийн дугаар УУ92082403 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73-41 тоотод оршин суух Алаг адуут овогт Цогтбаатарын Чинхүслэн /Регистрийн дугаар УЮ93040555/-т холбогдох,

 Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран амьдрах хугацаандаа бусдаас зээлсэн мөнгө, хүүгийн 50 хувь буюу 1,635,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагч Ц.Чинхүслэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Галчулуун овогтой Мөнхтуяа миний бие 2007 онд Цогтбаатар овогтой Чинхүслэнтэй танилцаж байсан. 2012.03.08-ны өдөр анх үерхэж эхэлсэн. 2015 оны 5 сараас эхлэн хамтран амьдарч 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Үжин нэртэй охинтой болсон. Миний охин 2 нас 1 сартай, ааваараа овоглодог. 2015 оны 8 дугаар сараас эхлэн Чинхүслэн, Үжин, Мөнхтуяа миний бие гурвуулаа Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 6-58 тоотод өрх тусгаарлан амьдарч эхэлсэн.

2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тусдаа амьдарч байна.  Учир нь Ц.Чинхүслэн нь хамтран амьдарч байх хугацаандаа  Г.Мөнхтуяа миний биед олон удаа гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэлд оруулж байсан бөгөөд гэр бүлээс гадуурх харилцаанд удаа дараа орж байсан. Охин Ц.Үжинг асран хамгаалахаас татгалзан цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул нэхэмжлэл гаргаж байна. Хүүхдэд хуулийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “....Хариуцагч Ц.Чинхүслэнтэй хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зуун айлд байрлах “Маргад” барилгын материалын дэлгүүрт лангуу түрээсээр ажиллуулж эхэлсэн болно. Уг лангууны үйл ажиллагааг дэмжих зорилгоор миний нагац эгч болох Ц.Алтанцэцэгээр дамжуулан Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-аас 3 сая төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 4 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, сар бүр хүүгээ төлөөд сүүлийн сар 3 сая төгрөгийг хүүгийн хамт бүтэн буцааж төлөх нөхцөлтэй зээлсэн. Зээлсэн мөнгөнөөс 1 сая төгрөгийг лангууны үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 2 сая төгрөгнөөс Ц.Чинхүслэнгийн машинд 4 ширхэг дугуй авсан ба БНХАУ-ын Эрээн хот руу лангууны бараа татах, гэртээ цахилгаан бараанууд авах зорилгоор явсан замын зардал, байр, хоолны зардлууд, мөн тусдаа гарч хамтран амьдрах болсноос хойших урсгал зардлууд болон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 6-58 тоот байрандаа засвар үйлчилгээг хийж дуусгасан болно. Энэ мөнгийг Ц.Чинхүслэн бид хоёр хугацаандаа төлж барагдуулж чадаагүй, сүүлийн 3 сарын хүүгээ төлөөгүй бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Алтанцэцэг эгч маань Ц.Чинхүслэн бид хоёрын өмнөөс сүүлийн 3 сарын хүүг үндсэн зээлийн хамт төлж барагдуулсан. Иймд хамтран  амьдарч байх хугацаандаа зээлсэн мөнгө, хүүгийн хамт нийт 3,270,000 төгрөг болсны 50 хувь буюу 1,635,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хариуцагч Ц.Чинхүслэнгээс гаргуулж өгнө үү. Хариуцагч Ц.Чинхүслэнгийн Toyota Prius30 маркын 3108УНП улсын дугаартай машин эсвэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 6-58 тоот байрыг охин Ч.Үжингийн ирээдүйн амьдралын баталгаа болгож нэр дээр нь шилжүүлж авах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь шүүх анхаарч үзнэ үү” гэв.

Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Миний охин Ч.Үжин нь 2014 оны 01 сарын 19-ний өдөр төрсөн. Ц.Чинхүслэн бид 4 жил хамтдаа амьдарсан. 2015 оны 08 сард тусдаа гараад амьдарч байгаад 2016 оны 01 сард салж тусдаа амьдрах болсон. Охиныхоо тэтгэлгийг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн Ц.Чинхүслэнгээс 1,635,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц.Чинхүслэн шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Г.Мөнхтуяа бид хоёрын цаашдын хамтын амьдрал зан харьцааны таарамжгүй нөхцлөөс болж хамтдаа амьдрах боломжгүй болсон тул охины тэтгэлгийг одоогоор ажилд ороогүй байгааг харгалзан зохих хууль журмын дагуу би өгөх болно. Биднийг хамтран амьдарч байх хугацаандаа бусдаас зээлсэн мөнгө болон хүүгийн 50 хувь буюу 1,635,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2015 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 2016 оны 7 дугаар сарын 02-нй өдөр ...ар гэрийн нөхцөл байдлын улмаас ...цэргийн албанаас халагдсан. ...Нэхэмжлэлд бичсэнээр 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мөнгө зээлэхэд нь би Г.Мөнхтуяаг ээжийнхээ эмчилгээнд зарцуулах гэж зээлж байгаа гэж ойлгосон бөгөөд тухайн мөнгийг авахад болон зарцуулахад миний оролцоо байгаагүй болно. Зээлсэн мөнгөнөөс 1 сая төгрөгийг лангууны үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 2 сая төгрөгийг машины дугуй авах , Эрээн хот руу лангууны бараа татах, гэртээ цахилгаан бараанууд авах зорилгоор явсан замын зардал, байр хоолны зардлууд мөн тусдаа гарч хамтран амьдрах болсгоос хойших урсгал зардлууд, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруугийн 6-р байрны 58 тоот байрандаа засвар хийж дуусгасан болно гэсэн байна. Машины дугуйг өндөр дугуйгаар сольж зөрүү 135,000 төгрөг, дугуйны наклад 45,000 төгрөгөөр нийт 180,000 төгрөгийг Г.Мөнхтуяагаас гаргуулсныг би зөвшөөрч байна....Ер нь лангуу ажиллуулаад ашиггүй лангууны түрээс өгөх нь алдагдалтай талаар би ярьдаг байсан төдийгүй ажил хийж мөнгө авч ар гэртээ зарцуулж байсныг би мэдэхгүй. Яагаад гэвэл би таксинд явж идэх уух хэрэглээний мөнгөө олдог байсан ба мах сүүг манай ар гэрээс бэлдэж өгдөг байсан. Бид 2 хамтдаа 6 сар Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 6-р байрны 58 тоот 1 өрөөнд амьдрахдаа байрны ашиглалтын зардал болох тог, халуун хүйтэн ус, СӨХ, интернетийн мөнгийг нэг ч удаа төлөөгүй төлбөр нь 6 сараар гарсан байсныг ээж төлсөн. Биднийг хамтран амьдарч байх хугацаанд манай ар гэрээс маш ихээр дэмжиж тусалдаг байсныг хэлмээр байна. Мөнхтуяа манай ээжээс лангууны түрээс нэхэгдээд хэцүү байна гэж 2 удаа 150,000, нийт 300,000 төгрөг, мөн сургалтын төлбөр нэхэгдэж байна гэж 450,000 төгрөг авсан байдаг. Мөн сар бүр охины хэрэгцээнд тогтмол мөнгө өгдөг байсан. Зээлсэн гэх 3 сая төгрөгийн хагасыг өмнө нь зээл тавьж хүнс, эмэнд зарцуулсан гэж хэлмээр байна. Учир нь мөнгө зээлээд удаагүй байхад манай найз 1 сая төгрөг 10 хоногийн хугацаатай зээлье гэж зээлээд буцааж өгөхөд нийт мөнгө нь 1,600,000 төгрөг болсон байсныг би санаж байна. Тухайн мөнгийг зээлэхэд би оролцоогүй ба зарцуулах эрх надад байгаагүй. Иймд дээрх тайлбар үндэслэлээр 1,635,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. ...Toyota Prius30 маркийн 3108УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний ээж Ц.Дэлгэрмаагийн өмч ба Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 6 дугаар байрны 58 тоот 1 өрөө байр нь миний нагац ах Ц.Дагвасүрэнгийн өмч болохыг эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээр нотлож байна” гэв.

Хариуцагч Ц.Чинхүслэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Охин Ч.Үжинд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. ...Зээлийн хувьд талыг нь төлнө гэхлээр шударга бус хандсан санагдаж байна. ...Нэхэмжилсэн 1,635,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран амьдрах хугацаандаа бусдаас зээлсэн мөнгө, хүүгийн 50 хувь буюу 1,635,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Чинхүслэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, нэхэмжилсэн 1,635,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Зохигч Г.Мөнхтуяа, Ц.Чинхүслэн нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний  дундаас 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр охин Ч.Үжин /Регистрийн дугаар УА14211906/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 1110000804 дугаартай төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны “Сувилахуй” өрхийн эмнэлэгийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эрүүл мэндийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Охин Ч.Үжин одоо эх Г.Мөнхтуяагийн асрамжид амьдарч байгаа ба, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил тэжээн тэтгүүлэх эрх үүсэх журамтай болохыг тодорхойлсон ба мөн  хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх хуульд зааснаар тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Ч.Үжинг төрсөн эх Г.Мөнхтуяагийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон тул эхийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Ц.Чинхүслэнгээр хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хамтран  амьдарч байх хугацаандаа зээлсэн 3,000,000 төгрөг, хүүгийн хамт нийт 3,270,000 төгрөг болсны 50 хувь буюу 1,635,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан.  Мөн хариуцагч Ц.Чинхүслэнгийн Toyota Prius30 маркын 3108УНП улсын дугаартай машин эсвэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 6-58 тоот байрыг охин Ч.Үжингийн ирээдүйн амьдралын баталгаа болгож нэр дээр нь шилжүүлж авах хүсэлтэй байна гэж нэхэмжлэлдээ дурьдсан боловч энэ талаар тусгайлан нэхэмжлээгүй гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр өгсөн, энэ асуудлаар маргахгүй гэсэн болно.

Хариуцагч Ц.Чинхүслэн бусдаас 3,000,000 төгрөгийг зээлэхэд би оролцоогүй ба зарцуулах эрх надад байгаагүй, уг мөнгөнөөс машины дугуй, наклад солиход 180,000 төгрөг зарцуулсныг зөвшөөрнө, үлдсэн мөнгийг Г.Мөнхтуяа лангууны түрээс, бараа материал, байрны урсгал засвар, өмнө нь зээл тавьж авсан хүнс, эмний өрийг төлөх зэрэг зардалд зарцуулсан тул зээл, түүний хүү нийт 3,270,000 төгрөгийн 50 хувь буюу 1,635,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь зээлсэн мөнгийг лангууны түрээсийн төлбөр, байрны урсгал зардал, мөн өмнө нь зээлсэн өрийг төлөх, хоол хүнс зэрэг зардалд зарцуулсан нь үнэн, гэхдээ энэ бүх зардал бол гэр бүлийн хэрэгцээнд, охиноо хооллож ундлах, өсгөн хүмүүжүүлэхэд зарцуулсан зардал, өөрийн хувийн хэрэгцээнд тусгайлан зарцуулсан зүйл байхгүй гэх тайлбарыг өгсөн. Зээлсэн мөнгийг дээр дурдсан зардлуудад зарцуулсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд Г.Мөнхтуяа захиран зарцуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжилсэн 1,635,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Зохигчид тэдний хамтран амьдарч байх хугацаанд хамтын хэрэгцээ, шаардлагатай холбоотой бий болсон үүргийг адил тэнцүү хариуцах нь зүйтэй бөгөөд хамтран  амьдарч байх хугацаандаа бусдаас зээлсэн 3,000,000 төгрөг, хүүгийн хамт нийт 3,270,000 төгрөг болсны 50 хувь буюу 1,635,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Охин Ч.Үжинг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Г.Мөнхтуяа нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-д заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Ц.Чинхүслэнд саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Зохигчид  эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ.

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хороо 2015 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 185,400 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Ч.Үжин /Регистрийн дугаар УА14211906/-г төрсөн эх Г.Мөнхтуяагийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Алаг адуут овогт Цогтбаатарын Чинхүслэн /Регистрийн дугаар УЮ93040555/-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Ч.Үжин /Регистрийн дугаар УА14211906/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Хариуцагч Ц.Чинхүслэнгээс 1,635,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мөнхтуяад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 41,110 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ц.Чинхүслэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 111,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхтуяад олгох, хариуцагч Ц.Чинхүслэнгээс хүүхдүүдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,248 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР