Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 3 дугаар гудамж, 61 тоотод оршин суух, ЖЭ81011716 дугаарын регистртэй, Хасбазар овогт Батсүхийн Батболдын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 22 тоотод оршин суух, ХЖ84052271 дугаарын регистртэй, Боржигон овогт Баярсайханы Билгүүнд холбогдох,

Гэм хорын хохиролд 14 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 14-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч М.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.                                                            

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батболдоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батболдоос хариуцагч Б.Билгүүн нь анх 2011 онд 20 000 000 төгрөгийг хамтран ажиллахаар тохиролцож авсан бөгөөд үүнээс 1 000 000 төгрөгийг нь буцааж өгөөд 19 000 000 төгрөгийг нь авч хэрэглэсэн байдаг. Энэ мөнгийг нь буцааж өгсөн мэтээр залилан мэхэлж хохироосон ба нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулснаар 5 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 14 000 000 төгрөгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч бүрэн төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээж Өршөөлийн хуульд хамаарч холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд бид прокурорын тогтоолд заасан мөнгийг төлүүлэхээр иргэний журмаар нэхэмжилсэн юм. Билгүүн өөрөө уг мөнгийг төлөхөө зөвшөөрч яллагдагчаар байцаалт өгч байсан. Сая хариуцагч талаас гарган өгсөн Билгүүн, Батболд нарын хооронд байгуулсан гэх 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр халхавчлаад мөнгө төлөхгүй гээд залилаад байсанд гомдол гаргасан шүү дээ. Бодит байдал дээр энэ 14 000 000 төгрөгийг буцааж өгөөгүй одоог хүртэл хохироогоод л явж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү. Эрүүгийн гэмт хэргийн хохирол нь төлөгдөж дуусаагүй байгаа гэв.

 

 

Хариуцагч Б.Билгүүнээс шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Билгүүн нэхэмжлэлд дурдсан 14 000 000 төгрөгийг хувьдаа авч завшсан зүйл байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Хэрэгт 14 000 000 төгрөгтэй холбоотой баримт байхгүй. Нэхэмжлэгч тал прокурорын тогтоолоор нотлогдсон гэдэг боловч Өршөөл үзүүлэх тухай хуулиар сэжигтэн, яллагдагч хохирлын талаар маргах эрхийг хязгаарлаагүй. Б.Билгүүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Б.Билгүүн нэхэмжлэгчээс авсан 20 000 000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Тэр нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогддог ба уг гэрээг нь нотариатч гэрчилсэн байна. Хариуцагч нь тухайн үедээ энэ баримтаа олоогүй, Батболдоос асуухаар надад байхгүй, чамаас 14 000 000 төгрөгийг гаргуулна гэж хэлдэг гэсэн. Дээрх эвлэрлийн гэрээгээр талуудын хоорондын тооцоо дуусгавар болсон, нэхэмжлэгч мөнгөө хүлээн авсан гэдгээ зөвшөөрч энэ гэрээг байгуулсан байдаг. 2 тал хоорондын таарамжгүй харьцааны улмаас энэ асуудал үргэлжлээд байсан юм билээ. Нэхэмжлэл баримтаар нотлогдоогүй байна, 14 000 000 төгрөгтэй холбоотой баримт тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв эрүүгийн хэрэгт энэ гэрээ авагдсан юм бол үүнийг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргах ёстой байсан. 20 000 000 төгрөгийг хариуцагч цувуулаад төлсөн, сүүлд энэ эвлэрлийн гэрээг хийгээд тооцоо дууссан гэдэг. Хэрэв нэхэмжлэгч эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа бол хариуцагч 7 000 000 төгрөгийг нь төлөх боломжтой гэсэн санал хэлсэн, ийм байдлаар эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Б.Билгүүнд холбогдуулан гэм хорын хохиролд 14 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

           

Хариуцагч Б.Билгүүн нь 14 000 000 төгрөгийг төлж дуусгасан хэмээн тайлбарлан,  2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.Батболд, Б.Билгүүн нарын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г нотлох баримтаар гарган, нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

           

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Билгүүн нь “Мон мир” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч Б.Батболдоос реклам, зар сурталчилгаа явуулах үйл ажиллагаандаа хамтран ажиллана гэж  2011 оны 11 дүгээр сарын 27-нд 20 000 000 төгрөгийг нь авч, 1 000 000 төгрөгийг тухайн үед нь буцааж өгч 19 000 000 төгрөгийг нь ашиглан улмаар уг мөнгийг төлсөн хэмээн залилан мэхэлж 14 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 

 

2012 оны 12 дугаар сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан байна.

 

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хариуцагч Б.Билгүүн нь 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх бөгөөд Б.Билгүүнд холбогдох эрүүгийн 201201022841 дугаартай хэргийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба энэ прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх үйл баримт нь зохигчдын тайлбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1643 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож, талууд энэ талаар болон хариуцагч Б.Билгүүн нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хариуцагч талаас гаргасан талуудын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд “...Хохирогч Б.Батболд би 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөгийг Б.Билгүүнээс хүлээн авсан...” гэж бичсэн байх боловч хариуцагч талын 20 000 000 төгрөгийг хариуцагч цувуулаад төлсөн гэсэн тайлбар, прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1643 дугаартай тогтоолд “...Яллагдагч Б.Билгүүн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн..., хохирогч Б.Батболд нь учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж заасан зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага болох 14 000 000 төгрөгийг хариуцагч Б.Билгүүн нэхэмжлэгчид төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь 14 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн, яаж төлж дуусгасаныг буюу нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ  баримтаар нотлоогүй байна.

 

 Тодруулбал, дээрх “Эвлэрлийн гэрээ”-г талууд байгуулснаас хойш 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч нь хохирлыг нөхөн төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар мэдүүлж байсан нь прокурорын тогтоолд тусгагдсан байх тул талуудын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ” нь  хариуцагчийн татгалзлыг нотлох үндэслэл болохгүй байна.  

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1.-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч нь хариуцан арилгах үүрэгтэй.

 

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагч Б.Билгүүнээс 14 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дээрх мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.,  116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Б.Билгүүнээс 14 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгосугай.

               

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай