Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 124

 

                                 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Доод салхитын 9 дүгээр гудамж, 177 тоотод оршин суух, эмэгтэй, ХЛ68100568 дугаарын регистртэй, Боржигин овогт Дамдинсүрэнгийн Энхтунгалагийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 18 дугаар гудамж, 463 тоотод оршин суух, эрэгтэй, УХ68060911 дугаарын регистртэй, Их монгол овогт Даваахүүгийн Сайханбаярт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 10 587 126 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 3 дугаар сарын 15-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

         

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхтунгалаг, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, хариуцагч Д.Сайханбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.                                                          

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхтунгалагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Сайханбаяр нь надаас зээл аваад өгөөч гэж хүссэний дагуу 2013 оны 7 дугаар сарын 25-нд миний өмчлөлийн хашаа байшинг барьцаанд тавиулан Капитал банкнаас 15 000 000 төгрөгийг миний нэрээр зээлийн гэрээ байгуулан авхуулаад бүгдийг нь авсан. Би банкнаас дээрхи зээлийг авч Сайханбаярт  тэр өдрөө зээлийн гэрээ хийж зээлүүлсэн юм. Тэр гэрээнд банкны зээл болон зээлийн хүүг сар бүр төлөх, бас надад сар бүр хүүд 300 000 төгрөг төлөхөөр тохиролцсон.  Ингээд Сайханбаяр банкны зээлийн хүүг төлж байгаад 2014 оны 5 дугаар сараас хойш төлөхгүй болсон ба банкнаас миний нэрээр шаардлага ирсэн. Би банк надаас зээлийн төлбөрийг шаардсан үеэс эхлэн мөнгөө төлөхийг шаардсан. Хамгийн сүүлд 2014 оны 5 дугаар сарын 21-нд 500 000 төгрөгийн төлөлт хийгээд түүнээс хойш зээл төлөөгүй байсан. Сайханбаяр мөнгөө төлөхгүй байсан тул банк надаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 13 367 054 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 2015 оны 2 дугаар сарын 26-нд 1411 тоот шийдвэр гарч уг мөнгийг би банкинд төлөхөөр болсон. Иймд би шүүхэд хандан Д.Сайханбаяраас банкны зээлийн үлдэгдэл 6 400 000 төгрөг, надад төлөх хүү 4 500 000 төгрөг, бүгд 10 900 000 төгрөгийг нэхэмжилсэн байсныг Д.Сайханбаяр төлнө гэж зөвшөөрч, 2015 оны 2 дугаар сарын 09-нд шүүгчийн 1022 тоот захирамж гарсан. Хариуцагч Д.Сайханбаяр нь уг мөнгийг бүгдийг нь төлнө, болно гээд л байсан. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Сайханбаяр 10 761 700 төгрөгийг төлсөн. Тэр мөнгийг би бүгдийг нь банкинд төлсөн. Банкны зээлээс үлдсэн 3 387 126 төгрөгийг Д.Сайханбаяр төлөхгүй байсан учраас би энэ мөнгийг болон 2013 оны 7 дугаар сарын 26-наас хойш 2 жилээр тооцон 15 000 000 төгрөгөөс сард 300 000 төгрөгийн хүү бүгд 7 200 000 төгрөг, нийт 10 587 126 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа банкны зээлээс үлдсэн 3 272 000 төгрөгийг би “Наяд” ломбардаас 7 хувийн хүүтэй 3 500 000 төгрөгийн зээл авч төлж дуусгасан. Одоо банкны зээл бүрэн төлөгдсөн. Д.Сайханбаяр нь тохиролцсоны дагуу банкны зээлийг төлөөгүйгээс би хохирсон тул нэхэмжлэл гаргасан. Д.Сайханбаяраас сая хурал дээр гаргаж өгсөн зээлийн гэрээнд хүүд сар бүр 300 000 төгрөг төлнө гэж бичээгүй байна. Би үүнийг мэдэхгүй байна, тухайн үед 2 янз бичсэн талаар надад хэлээгүй. Гэхдээ өөрөө сар бүр банкны хүүгээс гадна 300 000 төгрөг хүүд өгнө гэж тохиролцсоноо зөвшөөрч байна. Өмнөх шүүгчийн захирамж дээр заасан 4 500 000 төгрөг нэхэмжлэлд орсон байгаа, энэ мөнгийг надад өгөөгүй, банкинд өгсөн учраас би нэхэмжилсэн. Түүнээс хойш дахин гэрээ хийсэн зүйл байхгүй. Намайг өдий хүртэл хохироосон учир 10 587 126 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хас банкинд төлсөн 1 263 226 төгрөгийг хасах үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед өөрөө л миний зээлийг хаагаад барьцаа хөрөнгийг чөлөөлж өөрөө ашигласан байгаа шүү дээ гэв.

 

            Хариуцагч Д.Сайханбаяраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 7 дугаар сард Энхтунгалагтай уулзаад түүний Хас банкинд байсан зээлийн үлдэгдлийг хааж 1 263 300 төгрөгийг төлсөн. Ингээд би Капитал банкинд зээл хөөцөлдөөд бүтэхээр болж, Энхтунгалагаар 15 000 000 төгрөгийн зээл авхуулсан нь үнэн. Барьцаанд хашаа байшинг нь тавьсан. Энэ 15 000 000 төгрөгийг би хүлээн авсан. Энэ мөнгийг би хүнсний дэлгүүрийнхээ үйл ажиллагаанд зарцуулсан. 2013 оны 7 дугаар сарын 26-нд бид нар гэрээ хийж Капитал банкны зээл, хүүг би төлөхөөр тохиролцсон. Ингээд 2014 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэл Энхтунгалагийн зээл, хүүг төлж байсан ба Мэргэжлийн хяналтын газраас манай 8 нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг хурааж авснаас дэлгүүрийн орлого муудаж зээлийг төлж чадахгүй болсон юм. Зээлээ төлөөч гэж надаас тухайн үед шаардаж байсан, гэтэл Энхтунгалаг нь намайг шүүхэд өгч 10 900 000 төгрөг нэхсэн байсан. Би түүнийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч шийдвэрлүүлсэн. Үүний дагуу би шийдвэр гүйцэтгэлийн албанд 2015 оны 10 дугаар сарын 06-нд 10 761 700 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна Капитал банкинд зээлийг төлж байсан. Би нийтдээ 20 000 000 гаруй төгрөг төлсөн байдаг. Баримтуудыг хэрэгт өгсөн. Бид нар эхлээд сар бүр 300 000 төгрөгийг хүүд төлнө гэж тохироогүй байсан ба сүүлд нь Энхтунгалаг мөнгөө ашиглуулж байгаа, хүү тооцъё гээд сар бүр 300 000 төгрөг өгнө гэж бичсэн. Эхлээд тэгж тохиролцоогүй байсан гэрээг би сая баримтаар өгсөн. 2 янзын гэрээг бид аль алийг нь бичсэн нь үнэн. “Аяга фермер” ХХК нь миний хувийн компани ба бланк дээр бичиж, тамга дарсан боловч энэ нь иргэн надтай байгуулсан гэрээ гэж ойлгож болно. Компанитай бол хамааралгүй. Би нэхэмжлэлээс Капитал банкны зээлийн үлдэгдэл 3 272 000 төгрөгийг зөвшөөрч байна. Гэхдээ энэ мөнгөнөөс Хас банкинд төлсөн 1 263 300 төгрөгийг хасч тооцуулах хүсэлттэй. Харин сард 300 000 төгрөгийн хүү гэж 7 200 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                       

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг нь хариуцагч Д.Сайханбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 10 587 126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг нь Капитал банкинд миний нэрээр авсан зээлийг хүүгийн хамт 2014 оны 5 дугаар сараас хойш төлөхгүй байснаас банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 13 367 054 төгрөгийг надаас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарч үүний дагуу төлөгдөөгүй үлдсэн 3 387 126 төгрөг, надад өгөхөөр харилцан тохиролцсон  1 сарын хүү болох 300 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 25-наас банкны зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл 24 сараар тооцон 7 200 000 төгрөг, бүгд 10 587 126 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Сайханбаяраас Капитал банкинд зээлийн үлдэгдэлд төлсөн 3 272 000 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч өмнө нь Хас банк дахь Энхтунгалагийн зээлийг хааж төлсөн 1 263 300 төгрөгийг хасч тооцно, зээлийн хүүд 7 200 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үл зөвшөөрч маргасан.

 

Хэргийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Энхтунгалаг нь 2013 оны 7 дугаар сарын 25-нд Капитал банкнаас 15 000 000 төгрөгийг сард 2,6 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж аван, уг  мөнгийг хариуцагч Д.Сайханбаярт зээлүүлж, түүнд 2013 оны 7 дугаар сарын 26-нд хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1411 дүгээр шийдвэр, мөн шүүхийн  шүүгчийн 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 1022 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, “Аяга Фермер” ХХК-ийн бланк дээр бичигдсэн талуудын хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Тодорхойлох баримт” зэрэг баримтуудаар нотлогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

           

Хэрэгт 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн тухай “Аяга Фермер” ХХК-ийн бланк дээр бичигдсэн 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2 өөр агуулгатай “Тодорхойлох баримт” авагдсан ба хариуцагч талаас гаргасан эх хувь баримтанд зээлийн хүүд сард 300 000 төгрөгийг зээлдэгчээс зээлдүүлэгчид төлөх талаар тусгагдаагүй, нэхэмжлэгч талаас гаргасан хуулбар хувь баримтанд “...үүний тулд сар бүр 300 000 төгрөг өгөхөөр тохиролцов...” гэж бичигдсэн байна.

           

Дээрх нэхэмжлэгч талаас гаргасан “Тодорхойлох баримт” нь Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй байх боловч хариуцагч Д.Сайханбаяр нь 2 өөр гэрээг аль алийг нь бид  өөрсдөө бичсэн нь үнэн, эхлээд хүү тооцохоор тохироогүй байсан, сүүлд нь хүү тооцохоор тохирсон гэж тайлбарласан, түүнчлэн нэхэмжлэгч Д.Энхтунгалаг өөрийн Капитал банкинд зээлийн гэрээний үүрэгт төлөх 6 500 000 төгрөг, талууд тохиролцож үйлдсэн “Тодорхойлох баримт”-ын дагуу 2013 оны 7 дугаар сарын 25-наас 2014 оны 10 дугаар сарын 25-ныг хүртэл 15 сарын 300 000 төгрөгийн хүүд 4 500 000 төгрөг, нийт 10 900 000 төгрөг нэхэмжилснийг Д.Сайханбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрч, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 1022 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэжээ.

           

            Хариуцагч Д.Сайханбаяр нь 2013 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд 10 удаа нийт 7 163 600 төгрөгийг Д.Энхтунгалагийн зээл, зээлийн хүүд, 2015 оны 10 дугаар сарын 06-нд 10 761 700 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд тус тус төлсөн нь Капитал банкны орлогын баримтууд, 2015 оны 10 дугаар  сарын 06-ны өдрийн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогдсон.

           

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сарын 26-наас хойш 24 сарын зээлийн хүү гэж 7 200 000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнээс 2013 оны 7 дугаар сарын 26-наас 2014 оны 10 дугаар сарын 26-ныг хүртэлх 15 сарын хүүд 4 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

           

Талуудын хоорондохь зээлийн гэрээ болох “Тодорхойлох баримт”-д уг гэрээний хугацааг буюу 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчид буцаан төлөх хугацааг тодорхойлж заагаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ“ заажээ.

 

Зохигчдын тайлбараар 2014 оны 5 дугаар сарын 21-нд хариуцагчаас Капитал банкинд 500 000 төгрөгийг төлснөөс хойш нэхэмжлэгч Д.Энхтунгалаг зээлээ төлөхийг хариуцагчаас шаардаж байсан ба ингэж шаардсанаас хойш 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор хариуцагч Д.Сайханбаяр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Үүнээс үзэхэд гэрээний үүргээ биелүүлэх хуульд заасан хугацаа дууссанаас хойш  зээлийн хүү тооцох талаар талууд тохиролцоогүй, нөгөө талаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь хуульд зааснаар нэхэмжлэгчийг шаардсанаас хойш 1 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дууссан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү тооцон нэхэмжлэх эрхгүй юм.

 

2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хас банкны орлогын ордероор 1 263 226 төгрөгийг хариуцагч Д.Сайханбаяраас нэхэмжлэгчид төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчийн төлөх төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй гэж тайлбарласан нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг нь зээлийн үлдэгдэлд  3 272 000 төгрөгийг төлсөн нь  Капитал банкны 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн орлогын мэдүүлгээр нотлогдож байх тул  Д.Сайханбаяраас  өмнө нь төлсөн 1 263 226 төгрөгийг хасч тооцон  нийт  2 008 774 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2 008 774 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

           

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 400 төгрөгийг улсын орлогод хэвэр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47 090 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн  115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хариуцагч Д.Сайханбаяраас 2 008 774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтунгалагт олгож, нэхэмжлэлээс 8 578 352 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 400 төгрөгийг улсын орлогод хэвэр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47 090 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.