Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 81-1152 тоотод оршин суух, ЙС78111031 дугаарын регистртэй, Боржигон овогт Болдын Галхүүгийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 79-1106 тоотод оршин суух, ФМ69091721 дугаарын регистртэй, Боржигон овогт Лувсанцэрэнгийн Одонцэцэгт холбогдох,

1 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Галхүүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Миний бие 2014 оны 7 дугаар сарын 28-нд Л.Одонцэцэгт хашаа худалдан авах зорилгоор 2 000 000 төгрөг урьдчилгаа болгон зээлж, Гурван гал оффисын  4 давхарт очиж өгсөн. Хашаа худалдах, худалдан авах аман гэрээ хийсэн. Гэвч Л.Одонцэцэг нь хашаагаа ч зарахгүй мөнгөө ч өгөхгүй явсаар 2015 оны 11 дүгээр сарын 23-нд 400 000 төгрөгийг надад өгсөн. Л.Одонцэцэгээс үлдэгдэл төлбөр 1 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Л.Одонцэцэг нь нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж  барагдуулахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрлэж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Л.Одонцэцэгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Галхүүгийн нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                          

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Галхүү нь Л.Одонцэцэгт холбогдуулан газар худалдсаны төлбөр 1 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Одонцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 40 550 төгрөгийн 20 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20 275 төгрөгийг хариуцагчаас, 20 275 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Галхүүгийн нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг хариуцагч Л.Одонцэцэгт нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 40 550 төгрөгийн 20 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20 275 төгрөгийг хариуцагчаас, 20 275 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.