Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

  Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 47 дугаар гудамж, 0731 тоотод оршин суух, УЮ89060717 дугаарын регистртэй, Халх овогт Батхуягийн Ганхүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 34 дүгээр гудамж, 380 тоотод оршин суух, ХН67042010 дугаарын регистртэй, Чандмань овогт Баатарын Болдбаатарт холбогдох,

Зээлийн төлбөрт 2 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганхүүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 8 сарын 18-ны өдөр Болдбаатарын Өнөболд нь үл ялих шалтгаанаар миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан ба цагдаагийн газар шалгагдаж байхдаа хохирлыг барагдуулахаар амлаж аав Болдбаатартай зээлийн гэрээ байгуулсан….Түүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн боловч утсаа авахгүй зугтаад байгаа учир шүүхэд хандсан. Иймд Болдбаатараас зээлийн гэрээний төлбөр 1 900 000 төгрөг, алданги 950 000 төгрөг, нийт 2 850 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчтай эвлэрсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1 350 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь үлдэх 1 500 000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Болдбаатараас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ганхүүгийн нэхэмжилсэн төлбөрт 1 500 000 төгрөг төлөхөөр тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч Б.Ганхүү, нөгөө талаас хариуцагч Б.Болдбаатар нар дараахь байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. 1/. Нэхэмжлэгч нь Б.Ганхүү нь нэхэмжилсэн 2 850 000 төгрөгөөс 1 350 000 төгрөгөөс татгалзаж байна. 2/. Хариуцагч Б.Болдбаатар нь үлдэх 1 500 000 төгрөгийг 2016 оны 7 сарын 05-ны дотор 500 000 төгрөг, 2016 оны 8 сарын 05-ны дотор 500 000 төгрөг, 2016 оны 9 сарын 05-ны дотор 500 000 төгрөгөөр тус тус төлөхийг зөвшөөрсөн болно. 3/. Бидний эвлэрэл нь сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хуульд заасан үр дагаварыг ойлгосон болно гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганхүү нь хариуцагч Б.Болдбаатарт холбогдуулан зээлийн төлбөрт 2 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 350 000 төгрөгийн шаардлагыг татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 1 500 000 төгрөгийг графикийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

                                                                                                

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 350 төгрөгөөс 22 675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос 22 675 төгрөгийг, хариуцагчаас улсын улсын тэмдэгтийн хураамжид 19 475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Ганхүүгийн нэхэмжлэлтэй, Б.Болдбаатарт холбогдох зээлийн төлбөрт 2 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 1 350 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 1 500 000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 05-ны дотор 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 05-ны дотор 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны дотор 500 000 төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 45 350 төгрөгөөс 22 675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос 22 675 төгрөгийг, хариуцагчаас улсын улсын тэмдэгтийн хураамжид 19 475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

 3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.