Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

 

  Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 39 тоотод оршин суух, ХВ83031512 дугаарын регистртэй, Хурган овогт Батхүүгийн Хангайбазарын

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-62 тоотод оршин суух, ХВ79121600 дугаарын регистртэй, Харнууд овогт Санжмятавын Дэлгэрцэцэгт холбогдох,

Барьцаат зээлийн төлбөрт 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Хангайбазараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Би “Голден сейф” гэх барьцаалан зээлдүүлэх газар ажилладаг. Хариуцагч С.Дэлгэрцэцэг нь тус барьцаалан зээлдүүлэх газар 2015 оны 07-р сарын 03-ны өдөр Samsumg маркийн 43 инчийн зурагт барьцаалан 300 000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 10-р сарын 23-ны өдөр С.Дэлгэрцэцэг нь зурагтаа авхаар ирсэн бөгөөд зурагт манай зурагт биш байна гэсэн. Анх зурагтаа барьцаанд тавьснаас хойш С.Дэлгэрцэцэгийн нөхөр ирэн 2015 оны 10-р сарын 11-ны өдөр сунгалт хийлгэсэн. Энэ үед нь С.Дэлгэрцэцэгийн зурагттай яг адил 2015 оны 7-р сарын 02-ны өдөр барьцаалагдсан зурагт зарагдахаар гарсан байсан тул юмыг яаж мэдэх вэ солигдчихвий хэмээн бодоод нөхрөөс нь “энэ 2-ын аль нь танайх билээ” гэтэл нөгөө зарагдах зурагтыг зааж өгсөн тэгээд би кодыг нь сольж наасан юм. Гэтэл 10-р сарын 22-нд нөгөө зурагтаа зарсан юм. Маргааш нь 10-р сарын 23-нд С.Дэлгэрцэцэг ирээд солигдсоныг мэдээд зарсан хүнээсээ авчруулж солиог нь гаргасан боловч “хүний дэв бузар шингэсэн зурагт авахгүй” гээд 2015 оны 12-р сарын 14-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгонохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж маргаана шийдвэрлүүлэн үйлчлүүлэгч С.Дэлгэрцэцэгийн зурагтын төлбөр болох 599 742 төгрөгийн төлбөр төлхөөр болж төлбөрийг төлж барагдуулсан. Тиймээс Б.Хангайбазар миний бие нь анх зээлдүүлсэн 300 000 төгрөгөө С.Дэлгэрцэцэгээс нэхэмжилсэн.

Одоо С.Дэлгэрцэцэгээс нэхэмжилсэн 300 000 төгрөгөөс 100 000 төгрөгийг авахаас татгалзан үлдэх 200 000 төгрөгийг хариуцагч нь 1 сарын хугацаанд төлж барагдуулна гэдгийг зөвшөөрч байна. Бид хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ асуудлыг тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас авахгүй болно гэжээ.

 

Хариуцагч С.Дэлгэрцэцэгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Хангайбазар нь нэхэмжлэлээсээ 100 000 төгрөгийг татгалзаж байгааг ойлгож байна. Би үлдэгдэл 200 000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч  Б.Хангайбазар, нөгөө талаас хариуцагч С.Дэлгэрцэцэг нар дараахь байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. 1/. Нэхэмжлэгч Б.Хангайбазар нь нэхэмжилсэн 300 000 төгрөгөөс 100 000 төгрөгөөс татгалзаж байна. 2/. Хариуцагч С.Дэлгэрцэцэг нь үлдэх 200 000 төгрөгийг 1 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулхаар зөвшөөрч байна. 3/. Бид хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан болно. 4/. Цаашид энэ асуудлаар хэн аль нь гомдолгүй ямар нэг маргаан байхгүй. Хуульд заасан эрх  үүрэг, үр дагаврыг ойлгосон. Бидний эвлэрлийн гэрээг батлан өгөн үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Хангайбазар нь хариуцагч С.Дэлгэрцэцэгт холбогдуулан барьцаат зээлийн төлбөрт 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 300 000 төгрөгөөс 100 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдах 200 000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгөөс 4 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос 4 825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Хангайбазарын нэхэмжлэлтэй, С.Дэлгэрцэцэгт холбогдох барьцаат зээлийн төлбөрт 300 000 төгрөг тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 200 000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгөөс 4 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос 4 825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

 3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.